УЛС ТӨР

АН-ын зөвлөл: Сонгуулийн тойрогт амалж яваа мөнгөө түймрийн голомтод зарцуулах хэрэгтэй

АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Тэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцитай холбоотой ард иргэдийн амьжиргааны талаар мэдээлэл солилцжээ. Улмаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн асуудлаар олон асуудал яригдсан тул байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Өнөөдөр улс орны нөхцөл байдал иргэдийн амьдрал туйлын хүнд нөхцөлд байна. Ийм үед Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн нуруунд гарсан түймэр олон хоног үргэлжилж, 60 км газрыг эзэлсэн. Ийм үед засгийн газар сонгуулийн тойрогт ажиллаж, сонгуулийн сурталчилгаа ярьж яваа нь харамсалтай. Сонгуулийн тойрогт амлаад байгаа мөнгө төгрөгөө түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст, хоол хүнс дутагдалтай газарт зарцуулах хэрэгтэй. Тэнд хүн хүч, хоол хүнс, техник дутагдалтай байгаа. Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Ерөнхий сайдад хөрсөн дээрээ буугаач ээ. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр өдөр бүр өсөн нэмэгдэж, дундаж орлоготой айлын амьдрал улам уруудан доошилж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлалтад орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байгаа. Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өссөн. Энэ нь инфляцид маш их нөлөөлж байна. Мөн махны экспорт өсч байгаа нь сайн хэдий ч үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд хатуу нөлөөлж байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2015 оны наймдугаар сарын 07-нд баталсан. Тус хууль хэрэгжсэний дараа 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2,5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл юм. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан.

Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш. Бондын зарцуулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн дээр байх" гэж хэллээ.

Д.СОМА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button