Эдийн засгийн мэдээ

Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах төлөвлөгөө нь худалдааны дайныг өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй гэсэн  болгоомжлолоос үүдэн алтны эрэлт өссөнөөр сүүлийн 38 жилийн хугацаан дахь улирлын хамгийн өндөр өсөлтөд хүрэх  төлөвтэй байгаа тухай мэргэжилтнүүд үзлээ. 

Тодруулбал, одоогийн байдлаар нэг унц алтны үнэ 3128 ам.долларт хүрсэн бол алтны фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар өсөж, 3148.00 ам.доллар болжээ. Уламжлал ёсоор улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдлаас хамгаалах хэрэгсэл гэж үздэг алтны үнэ энэ улиралд 18 гаруй хувиар өссөн нь 1986 оны есдүгээр сараас хойш нэг улирлын дотор хамгийн ихээр өссөн үзүүлэлт.

Бодлогын хүүг бууруулах магадлал, төв банкны худалдан авалт, биржийн арилжааны сангийн эрэлт зэрэг нь мөн үнэ өсөхөд нөлөөлжээ. Алтны үнэ хурдацтай өссөнөөр банкууд 2025 оны үнийн урьдчилсан таамаглалаа өөрчлөхөд хүрсэн байна.

“KCM Trade” компанийн зах зээлийн ахлах шинжээч Тим Уотерерын хэлснээр, АНУ татвараа зарлахаас өмнө зах зээл дэх болгоомжлол нэмэгдсэн нь алтны эрэлтийг өндөр түвшинд байлгаж байна. Хэрэв энэ долоо хоногт зарлах тариф нь өндөр биш байвал алтны үнэ буурч эхлэх магадлалтай.

Д.Трамп бусад улсын бараанд ногдуулах татварын тухайд дөрөвдүгээр сарын 2-нд зарлах төлөвтэй байгаа бол авто машинд ногдуулсан татвар дөрөвдүгээр сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ. Ням гарагт Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэлсэн үгэнд бухимдсан тухайгаа мэдэгдээд, хэрэв Москва Украин дахь дайныг зогсооход саад болж байна гэж үзвэл Оросын газрын тосыг худалдан авч буй улс орнуудад 25-50 хувийн хоёрдогч татвар ногдуулна хэмээсэн байдаг.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button