Ардчиллын тайлан 2024: Монгол автократ буюу улс төрийн дарангуйлалтай болж буй улсаар нэрлэгдэв

Varieties of democracy” (V-Dem) байгууллагын жил бүр гаргадаг Ардчиллын Тайлангийн 2024 оны үр дүнгээ танилцуулжээ. Уг тайландаа сонгуулийн ялалт ба ялагдлыг мөн багтаасан байна. V-Dem Хүрээлэн нь Гётеборг Их Сургуулийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Тэнхимийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүрийн өгөгдлүүдийг цуглуулахаас гадна хэд хэдэн бие даасан судалгааны төслүүдийг хэрэгжүүлдэг.
Уг тайлангаас Монгол Улстай холбоотой хэсгүүдийн түүвэрлэж, орчуулан хүргэж байна.
Өмнөд болон Төв Ази нь дэлхийн хоёр дахь хамгийн автократ бүс нутаг болоод байна. Энэ бүсийн нийт хүн амын 93% нь Энэтхэг, Бангладеш, Пакистан, Казахстан зэрэг сонгуулийн автократ засаглалтай орнуудад амьдарч байна. Афганистан, Туркменистан, Узбекистан нь хаалттай автократ дэглэмтэй бөгөөд бүс нутгийн хүн амын 4%-ийг бүрдүүлдэг. Харин ердөө 3% нь Армени, Гүрж зэрэг сонгуулийн ардчилалтай улсуудад амьдарч байгаа бол зөвхөн ганцхан улс, Бутан нь либерал ардчилалтай орон хэвээр байна. 2023 онд Монгол Улс сонгуулийн ардчиллаас "ардчиллын саарал бүс" рүү шилжсэн цорын ганц улс болсон.

Өөрчлөлтийн үе шатыг туулж буй улс орнууд
Дэлхийн хэмжээнд 42 улс автократжиж, 18 улс ардчиллыг бэхжүүлж болж байна. 2023 оны байдлаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт ардчиллын хөгжил үргэлжилж буй дөрвөн улсыг нэрлэсэн нь Фижи, Соломоны арлууд, Тайланд, Тимор-Лесте. Харин дараах зургаан улс буюу Камбож, Хонконг, Индонез, Мьянмар, Өмнөд Солонгос, Филиппин улсын ардчилал огцом уналтад орсон байна.
526,000 хүн амтай Малдив улс цорын ганц ардчилалыг бэхжүүлж буй улсаар нэрлэгдсэн бол автократжиж буй улсаар Афганистан, Армени, Энэтхэг, Киргизстан, Монгол, Пакистаныг нэрлэж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр улс болох Энэтхэг (1.4 тэрбум), Пакистан (ойролцоогоор 250 сая) автократ болж буй нь дэлхийн нийт хүн амын дийлэнх хэсгийг автократ дэглэмтэй орнуудад амьдрахад хүргэж байна.

Улс орнуудыг 2023 оны засаглалын хэлбэрээр нь эрэмбэлж зарим улсыг засаглалын "саарал бүсэд" байршуулсан байна. Энэ нь V-Dem-ийн итгэлцлийн интервал дээр үндэслэсэн юм.
Автократ ухралт буюу сонгуулиар автократ дэглэмийг тогтоож байна
Автократжиж буй улс орнуудын сонгууль нь тухайн орны улс төрийн дэглэмийг бэхжүүлж байна. Бразилын жишээнээс харвал сонгуулиар автократ ухралтыг бэхжүүлж байгааг зогсоох боломжтой. Өнгөрсөн оны Ардчиллын тайланд ч гэсэн ийм эргэлтийн жишээ түгээмэл ажиглагдсан. Гэнэтийн ардчилсан сөрөг хүчний ялалт нь автократ дэглэмтэй ч байсан эрх баригчдыг түлхэн унагах боломжийг харуулсан. Малдив болон Замби нь үүний сүүлийн үеийн жишээ юм.
Гэсэн хэдий ч сонгууль нь автократ дэглэмийг хууль ёсны мэт харагдуулах хүчирхэг хэрэгсэл болж, эрх баригчдын байр суурийг улам бэхжүүлэх нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд Унгар, Турк улсад ийм үйл явдал өрнөсөн.
2024 онд дэлхийн олон оронд сонгуулийн жил тохиосон. Автократжиж буй 11 улс дунд Энэтхэг, Мексик, Сенегал багтаж буй. Энэтхэгт Ерөнхий сайд Моди болон түүний Бхаратия Жаната нам (BJP) гурав дахь удаагаа дараалан сонгогдсон нь Моди эрх барьсан хугацаанд ардчиллын уналт, цөөнхийн эрхийн зөрчил, иргэний нийгэмд шахалт үзүүлэх байдал эрчимжсэн тул энэ сонгууль цаашдын автократчлалыг улам лавшруулах боломжтой юм.
Мексикт 2024 оны 6-р сард сонгууль болсон бөгөөд Ерөнхийлөгч Обрадор болон түүний МОРЕНА нам дор автократчилт аажмаар нэмэгдсээр байна. Обрадорыг өөрийн залгамжлагч Клаудиа Шейнбаумд давуу байдал олгохоор сонгуулийн системийг өөрчлөх гэж оролдож байна хэмээн буруутгасан бөгөөд томоохон эсэргүүцлийн жагсаалууд өрнөж, сонгуулийн байгууллагын хараат бус байдлыг хамгаалахыг шаардсан.
Сенегалд Ерөнхийлөгч Салл 2-р сарын 25-нд болох байсан сонгуулийг хойшлуулсан боловч Үндсэн хуулийн зөвлөл уг шийдвэрийг цуцалж, түүнийг 4-р сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусмагц огцрох ёстой гэж үзсэн.
Мөн 2024 онд сонгууль явуулах бусад "тусгайлан анхаарах" автократжиж буй улс орнуудын тоонд Ботсвана, Камбож, Чад, Комор, Гана, Маврикий, Монгол зэрэг орнууд багтаад байна. Беларусийн парламентын сонгууль 2-р сарын 25-нд ямар ч шинэ зүйлгүйгээр болж өнгөрсөн бөгөөд Ерөнхийлөгч Лукашенко 2025 онд дахин сонгогдохоо хэдийнээ зарлачихсан. Энэ нь сонгууль улс төрийн нэг эрх мэдэл рүү төвлөрсөн хүчийг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоо, нээлттэй байдал сул байгааг харуулж буй юм.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө эдгээр улс орнуудад мэдэгдэхүйц хумигдаж байна. Улс төрийн энэ нөхцөл байдал нь ардчиллыг индексийг сулруулаад зогсохгүй эдийн засаг, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манайхаар бол өөрсдийгөө хичээ гэдэг юм.сөнөж бж манайхыг хорлох гээд үзчих юмаа ха ха