Хүүхэд цэцэрлэгт орсон цагаас хувийн хавтсыг нь хөтөлж, төгсөхөд нь туузаар гоёж гардуулдаг 22 дугаар цэцэрлэг

Хүүхдээ өглөө цэцэрлэгт нь хүргэж, орой авна. Бид ажлын цаг, түгжрэл, бусад асуудлын хажуугаар хүүхдийнхээ юу сурч, бүтээж, юуг сонирхож байгааг төдийлөн анзааралгүй өнгөрөх нь бий. Гэхдээ таны хүүхдийн сурдаг цэцэрлэг "Хувийн хавтас" хөтөлдөг бол хүүхдийнхээ өсөлт, хөгжил, шинэ мэдлэг зэрэг олон мэдээллээс хоцрохгүй байх боломжтой.
Манай улсад 2010 оноос эхлэн цэцэрлэг бүр хүүхдийн хувийн хавтас хөтлөх журамтай болсон ч үр дүнтэйгээр хөтөлж буй цэцэрлэг цөөн байдаг аж. Иймд бид хүүхдийг цэцэрлэгт орсон өдрөөс нь эхлэн эцэг эх, хүүхэдтэй хамтран "Хувийн хавтас"-ийг нь хөтөлж, төгсөлтийн баяраар нь хүндэтгэлтэйгээр гардуулдаг Нийслэлийн 22 дугаар цэцэрлэгт зорин ирэв.
Өдрийн 15.00 цаг. Тус цэцэрлэгийн М.Эрдэнэтуяа багштай бага бүлгийн ангид орж ирэхэд унтлагын цаг сая дуусаж, эгнүүлэн тавьсан ширээнд хүүхдүүд цайгаа ууж байв. Тэд өнгөрсөн намар цэцэрлэгт элсэж, өдгөө 38-уулаа суралцаж буй хоёр настнууд. Насных нь онцлогт тохирсон тоглоом тавиураар дүүрэн байхаас гадна жижиг буйдан, загасны аквариум зэрэг олон зүйлс анхаарал татна.
Үүнээс гадна тухайн ангийн зүүн буланд буй тавиурт хүүхэд нэг бүрийн нэрийг бичсэн ногоон өнгийн хавтас байсан бөгөөд сөхөн харвал хүүхдийн бүхий л мэдээллийг багтаажээ. Тодруулбал, өсөлт хөгжил, товлолт вакцинд хамрагдсан эсэх, шинээр сурч мэдсэн зүйлс, тэмдэглэлт баярууд болон гэр бүлийн зураг, хийсэн бүтээл гээд хүүхдийг илтгэх бүхий л мэдээлэл энд байв.
Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: БЗД, Нийслэлийн 22 дугаар цэцэрлэг
М.Эрдэнэтуяа багш боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн бэлтгэл бүлэг төгсгөсөн бол энэ жил хоёр настай бага бүлэг удирдаж байгаа аж.
"Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр сайхан. Жишээлбэл, хүүхэд анх аав, ээж хэмээн хэлд ордог. Харин дараагийн үг нь "багшаа". Өглөө ирэхдээ инээмсэглэн мэндэлж, орой нь мөн л "багшаа баяртай" гээд гарна. Хиргүй, гэгээн чанараар дүүрэн хүмүүстэй энэ насаа өнгөрөөж буй тул багш байх хамгийн сайхан" хэмээсээр бидний яриа эхлэв.
-М.Эрдэнэтуяа: Багш, эцэг эх, хүүхэд хувийн хавтсыг дурлаж хөтлөх хэрэгтэй-

-Танай цэцэрлэг "Хувийн хавтас"-д ач холбогдол өгч хөтөлж эхлээд хэчнээн хугацаа өнгөрч байна вэ. Ямар үр дагавар мэдрэгдэж байна?
-"Хувийн хавтас бол хүүхдийн хөгжлийн явцыг үнэлэх чухал хэрэгсэл болдог. Энэ хавтастаа хүүхдийнхээ онцлох бүтээл, үйл явдал, чухал мэдээллүүд багтаахыг хичээдэг. Манай цэцэрлэг энэ хавтсыг санаачлан хэрэгжүүлсэн цагаас эхлэн ач холбогдол өгч хөтөлж ирсэн. Лавтай 10 гаруй жил болсон байх.
Би өнгөрсөн жил бэлтгэл бүлэг төгсгөхөд нэлээд зузаан хавтас хүүхдүүддээ гардуулсан. Ингэхдээ сургууль төгсөхөд дүнтэй хувийн хэргээ авдаг шиг багшийн зүгээс хүүхэд нэг бүрд тодорхойлолт бичиж өгөөд гоёлын туузаар чимэн өгсөн.
Цаг тухайд нь хөтлөөд, амжилт бүтээл, дурсамжуудаар арвижуулаад явахаар багшид хүртэл сонирхолтой санагддаг. Нэг талаараа тухайн хүүхдийн хавтас боловч биднийг ямар ажил хийж буйг, ямар хичээл заадаг болохыг энэ хавтас харуулж байгаа юм.
-Энэ хавтсыг багш дангаараа хөтөлж явахгүй юм байна шүү дээ. Эцэг, эх хүүхдийн хамт нэмж баяжуулдаг гэлээ. Эцэг эхчүүд хэр оролцоотой байна вэ?
-Бага бүлэгт хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд хувийн хавтасны талаар эхэндээ сайн ойлгодоггүй. Харин жил ирэх тусам хамтарч хөтлөх, шинэ санаа тусгах тал нь сайжирдаг. Зарим эцэг эхчүүд ажлын ачааллынхаа хажуугаар хүүхдийнхээ юу сурч, мэдэж байгааг анзааралгүй өнгөрөх, хүүхэд бага насныхаа дурсамжийг мартах зэрэг зүйлс ажиглагддаг. Харин хувийн хавтаст тус мэдээллүүд багтсанаараа хүүхдийнхээ өсөлт, хөгжил, сурсан зүйлсийг мэдэхийн сацуу хүүхэд өөрийнхөө дурсамжийг эргэн санана.
Үүнээс гадна хүүхэд цэцэрлэгээ төгсөөд нэгдүгээр ангид орох үед багш нь хувийн хавтастай нь танилцсанаар хүүхдийн чаддаг зүйлсийг мэдэж, юуг нь сайжруулах шаардлагатайг олж харах боломжтой.
-Хүүхдүүд: Зураг, бүтээлээ харах гоё байдаг. Хурдан том болоод уншиж сурахаараа багш болон ээжийнхээ бичсэн зүйлсийг уншмаар байна-

Ахлах бүлгийн сурагч Элбэг: Би гурван настайгаасаа цэцэрлэгт суралцаж эхэлсэн. Миний хавтаст нэг насны минь төрсөн өдрийн зураг, найзуудтайгаа авхуулсан зураг, шинэ жил, наадмаар гэр бүлтэйгээ авхуулсан зураг гээд олон зүйлс бий. Мөн миний цэцэрлэг дээрээ хийсэн бүтээлүүд ч багтсан.
Миний хавтсыг ээж болон багш минь хөтөлдөг. Харин би "энэ бүтээлээ хавтастаа хиймээр байна, энэ зургаа наая" гэх зэргээр оролцдог. Хуучин зураг, хийсэн зүйлсээ нэг хавтаст багтааж, дараа нь харах гоё санагддаг. Том болсныхоо дараа уншвал илүү гоё санагдах байх гэж боддог.
Ахлах бүлгийн сурагч Намуун-Эрдэнэ: Олон сонирхолтой тоглоомтой учраас цэцэрлэгт явах гоё санагддаг. Цэцэрлэг дээрээ хичээл хийж, шинэ зүйлс сурч байна. Манай ангийнханд бүгдэд нь хувийн хавтас байдаг. Эндээ өөрсдийнхөө бүтээл, дурсамжтай зургуудаа хийсэн. Мөн надтай ярилцсан болоод миний тухай зүйлсийг багш болон ээж минь энд бичсэн. Том болоод, уншиж сурахаараа энд бичсэн бүх зүйлсийг уншина гэж боддог.
Харин эцэг эхчүүдийн зүгээс дараах байр суурийг илэрхийлсэн юм.
-Эцэг эхчүүд: Хүүхдийнхээ ирээдүйд харах дурсамжийг хамт бүтээж байгаадаа баяртай байна-
Хүүхэд бүрт хувийн хавтас нээж онцгой үйл явдал, сурсан мэдсэн зүйлс, бүтээл зэргийг нэг хавтаст багтаан эцэг эхтэй хамтран хөтөлж байгаа нь сайшаалттай санагддаг. Бид өөрсдөө ч заримдаа хүүхдийнхээ ямар жаахан байсныг, хөгжилтэй зүйлс ярьж, хөөрхөн зүйлс бүтээдэг болохыг мартчихдаг. Ирээдүйд хүүхэд өөрөө энэ хавтсаа үзээд одоо байгаа үеийнхээ дурсамжийг эргэн санана шүү дээ.
Олон улсад хүүхдийн хувийн хавтас хөгжлийг баримтжуулах шилдэг туршлага болж байна

Олон улс оронд цэцэрлэгийн хүүхдийн хувийн хавтас (portfolio)-ыг боловсролын чухал хэрэглүүр болгон ашиглаж байна. Ингэснээрээ хүүхдийн сурч, хөгжиж буй явцыг баримтжуулж, эцэг эх, багш, хүүхдийн гурвалсан оролцоог хангах зорилготой.
Олон улсын туршлагаас дурдвал
- Шинэ Зеланд: “Learning Stories” буюу суралцах түүх хэмээх аргачлал ашигладаг. Багш нар хүүхдийн үйлдэл, хөгжилд суурилсан өгүүлэмжийг зураг, тайлбартайгаар бэлтгэж, эцэг эхтэй хуваалцдаг.
- АНУ: Хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөний чадвар, хэл яриа зэрэг хөгжлийн бүхий л талыг цахим платформ ашиглан бүртгэдэг. ClassDojo, Seesaw зэрэг апп-ууд түгээмэл хэрэглэгддэг.
- Швед: Хүүхэд өөрөө хувийн хавтасны агуулгад оролцож, өөрийн бүтээл, дурсамжаа тайлбарладаг. Ингэснээр хүүхдийн оролцоог хангаж, өөртөө итгэх итгэлийг дэмждэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.