Л.Оюун-Эрдэнэ: 2050 он гэхэд Монгол улсын хүн ам 5.5 сая байх тооцоотой байна

Өнөөдөр /2019.01.03/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тайлбар өглөө. Учир нь тэрбээр дөнгөж сая “Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулсан юм.
Энэ тухайгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа "Энэ хөтөлбөр өмнөх 517 бодлогын баримт бичгийг нэгтгэсэн нэгтгэл гэж ойлгож болно. Шинэ юм бага. Нөгөө талаар 2000 оноос хойш гарсан дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг, түүнд ажилласан ажлын хэсгийг нийлүүлж ажилласан томоохон ажлын хэсэг гэж ойлгож болно. Энэ ажлын хэсэг 1992 оноос хойш гарсан бүх бодлогын баримт бичгүүдэд судалгаа хийж, дүгнэлт өгсөн. Энэ судалгаа дээрээ үндэслэн Монгол улсын хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө буюу улс орон өөрийгөө хөгжүүлэх, алсын хараатай байх зорилгыг хангаж буйгаараа онцлог.
Хоёр дахь зорилго. Энэ бол анх удаа олон улсын стандартын дагуу бичигдсэн бодлогын баримт бичиг гэж ойлгож болно. Санхүүгийн тооцоотой, эрсдлийн анализтай, хэрэгжих төслүүдийн ТЭЗҮ-г тооцсон, бодлогын уялдаа болон давхцалыг тооцсон, хоёр хөрш орон болон бусад гадаад талын нөлөөг тооцсон. Ийм загвараар Дэлхийнбанк, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд явдаг. Манай улсын хувьд өмнө нь санхүүгийн тооцоолол хавсарга байдлаар байснаас болоод хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байсан тохиолдол бий.
Нөгөө талаар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого тогтвортой байх ёстой, түүнийг тодорхойлох ёстой гэж заасны дагуу үүнтэй уялдаж байна. Үүнийг дагах 30 орчим хууль яригдана.
30 ЖИЛИЙН АЛДАА ДУТАГДЛЫН НЭГДҮГЭЭРТ ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ОРЖ БАЙНА
Цаашид Засгийн газраар ороод, УИХ-д хэлэлцэгдэхээр очно. Ингэснээр олон нийтийн дунд хэлэлцүүлэгдэнэ. Ингээд нэгдсэн ирээдүйн төсөөлөлтэй болъч, монгол улсын өрсөлдөх чадвар юу вэ гэдэг гарч ирнэ. Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлын нэгдүгээрт төрийн тогтворгүй байдал орж байна. Хоёрдугаарт, бодлого тогтворгүй бай. Үүнээс болоод хүний хөгжил болон амьжиргааг дээшлүүлэх тал дээр томоохон алдаа гаргасан. Тиймээс энэ удаад амьдралын чанар ба дундаж давхарга гэсэн том хэсэг орж ирж байна. Нэг үгээр хэлбэл яамд хамтарч ажиллах болно.
Хоёрдугаарт эдийн засаг бүсчилж хөгжинө. Ингэхдээ нутаг дэвсгэрээр биш эдийн засгийн жам ёсны дагуу хөгжүүлэхээр тусгасан. "Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг УИХ-д өргөн барьсны дараа цахим хэлбэрээр нээлттэй болгоно. Ер нь бид нийгэмдээ ийм тов түвшинд дүгнэлт хийх цаг болжээ гэдэг нь олон юман дээр харагдаж байна.
ЗАЛУУ ГЭР БҮЛД БИЗНЕС ХИЙЖ, АМЬДРАЛЫН ЗАХАД ХҮРЭХЭД НЬ ТӨР ТУСАЛНА
Бид 2030, 2040, 2050 гэсэн гурван түвшинд шалгуур үзүүлэлтүүдийг авч үзсэн. Тухайлбал, орон сууцтай холбоотой бодлогын реформ хийнэ. Хоёрдугаарт хуримтлалын даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, даатгалаар иргэдийн боловсролын асуудлыг хөндөж, залуу гэр бүлд бизнес хийж, амьдралын захад хэрхэн хүрэх вэ гэдэгт төрөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх тал дээр ажилласан. Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэг буюу иргэд хоёр жилд нэг удаа зайлшгүй оношлогдох шинэчлэл, улсын эмнэлгүүдийн ашгийн менежментийн шинэчлэл, их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг Азид болон дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх, уул уурхай ба тэргүүлэх зургаан салбарыг зарлана.
Одоогийн халамжийн бодлогыг шат дараатайгаар өөрчилнө. Халамжийн бодлого нийгмийн шилжилтийн үед чухал байсан гэж үзэж байгаа. Одоо харин халамж зөвхөн зорилтот хэсэг рүү чиглэнэ.
30 жилийн шалгуур үзүүлэлтээр үзэхэд манай улсын хүн амын тоо 2050 он гэхэд 5.5 сая байх тооцоотой байгаа бөгөөд тодорхой бодлогоор дэмжин хүн ам цөөн гэх сул талаа нөхөн 6 саяд хүргэхээр байна гэв. Улаанбаатар хотод мөн 2050 он гэхэд 3.2 сая хүн төвлөрнө. Тиймээс нийслэл хотын дагуул хотуудыг хөгжүүлэх асуудалд илүү төвлөрөх юм байна.
Бид уг асуудлуудыг гаднаас шууд хуулбарлаж болохгүй. Монголын хөрсөн дээр буулгаж, нүүдэлчдийн сэтгэлгээ, ахуйд тохирсон ямар загвар бидэнд хэрэгтэй вэ гэдэгт илүүтэй чиглэсэн. Үндэсний агуулгаа баримталсан олон улсын дэвшилтэт хандлагатай хослуулсан загвар байна гэх байдлаар эрдэмтэн судлаачид маань загварчилсан” гэлээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.