Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улс тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Элчин сайд Дэйв Воусэн талархал илэрхийллээ.
Тодруулбал, Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд тэрээр талархал илэрхийлжээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ тусламж монголчууд Австрали Улстай, тус улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл төдийгүй цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэж байна" гэжээ. Зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас 19 хүн амь насаа алдаж, эд материалын асар их хохирол учирч буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.