2024 онд эрх мэдэлтнүүдийн гомдлоор 8 сэтгүүлч Монгол Улсын шүүхээс ял сонсов

Үнэний төлөө, олон нийтийн мэдэх эрхийн төлөө ар гэрээ хоёрт тавьж, чөлөө завгүй бичин туурвисныхаа хариуд сэтгүүлч хэрэгтэн болдог тогтолцоо манайд ноёлох болов.
Ер гүтгэсэн хэв шинжгүй, хэнд ч нээлттэй мэдээллийг багцлан хүргэснийхээ төлөө "яагаад бичих болов, хаанаас мэдээлэл авав, гол зорилго чинь юу вэ, ийм гомдол ирсэн, чамайг ингэж яллана" гэхэд нь нэг бүр хариулна, хэрэгтэн мэт байцаагчийн хаалга манана.
Адгийн зарга арван хоногтой гэдэг. Нэг эрх мэдэлтний гомдлын мөр тасрахгүй, олон удаа ирнэ. Ингэж явсаар гол тасарна, бичих зориг мохно. Энэ нь эргээд иргэдийн мэдэх эрх болоод хэвлэлийн эрх чөлөө, өнөө дөрөв дэх засаглалд ухралт болчихдог.
Reporters Without Borders (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээ танилцууллаа.Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 52.57 оноотой 102-т бичигдэж, өмнө жилээс 7 байр урагшилсан юм. Сүүлийн жилүүдэд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 109-р байр хүртэл ухраад байв. Энэ жилийн хувьд Аюулгүй байдлаас бусад үзүүлэлтүүд өссөн нь байраа урагшлуулахад нөлөөлжээ. Гэвч энэ үзүүлэлт хангалттай түвшнийх биш.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах" асуудлаар 2021-2024 оны эхний хагас жилийн байдлаар 56 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 30 нь сэтгүүлчтэй холбоотой байна. Тодруулбал
- 2021 онд 18 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 9 буюу 50 хувь,
- 2022 онд 21 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 10 буюу 47.6 хувь,
- 2023 онд 10 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 6 буюу 60 хувь,
- 2024 оны эхний хагас жилийн байдлаар 7 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 4 буюу 57.1 хувь нь сэтгүүлчидтэй холбоотой байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт буюу илт “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт
- 2023 онд 3 сэтгүүлч,
- 2024 оны эхний хагас жилийн байдлаар 2 сэтгүүлчийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
2024 оны эхний хагасаас хойш сэтгүүлч шүүгдээгүй учир нь одоогоос бараг жилийн өмнө /2024.04.12/ Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар сэтгүүлчдийг яллагдагчаар татаж буйг эсэргүүцэж, ҮХЦ-д шаардлага хүргүүлсэн. Мөн нэр бүхий иргэн тус заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16, 17 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хандсан.
Улмаар Үндсэн хуулийн цэц энэхүү заалтаар 2024 оны аравдугаар сарын 20-ны үеэр маргаан үүсгэсэн билээ. Иймд тус зүйл заалтаар шүүгдэх хэргүүд түр түдгэлзсэн байдаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түр зогсоно гэж заасан.Энэ дагуу Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал Эрүүгийн хуулийн 13.14-өөр шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байгаа юм байна. Харин ҮХЦ маргааны хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргавал дараах заалт үйлчилнэ.
Мөн 2024 оны байдлаар Эрүүгийн 10 хэрэгт 14 этгээдийг хохирогчоор тогтоосны ес нь улс төрийн албан тушаалтан, нэг нь улс төрийн албан тушаалтантай хамаарал бүхий, хоёр нь хууль сахиулах байгууллагын албан тушаалтан, нэг нь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, нэг нь ерөнхий боловсролын сургуулийн захирал байсан тухай ХЭҮК-ийн 24 дэх илтгэлд тусгагджээ.
Тухайн албан тушаалтнууд өөрсдийнх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж, нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад ханджээ. Эдгээр 10 хэрэгт 12 сэтгүүлчийг холбогдуулан шалгагдсаны 11-ийг нь гэм буруутайд тооцож, наймд нь ял оногдуулж, хоёрыг нь өршөөлийн тухай хуульд хамруулсан бол, нэг сэтгүүлчид холбогдох хэргийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Дээрх ял авсан найман сэтгүүлчид торгох болон зорчих эрх хязгаарлах гэсэн хоёр төрлийн ял оногдуулсан. Торгох ял оногдуулсан мөнгөн торгуулийн
- Дээд хэмжээ нь 1,800 нэгж буюу 1,800,000 төгрөг,
- Доод хэмжээ 500 нэгж буюу 500,000 төгрөг байсан аж.
Харин нэг шүүгдэгчид зургаан сарын хугацаанд өөрийн амьдарч буй дүүргээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулжээ. Мөн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 10 шүүгдэгчид, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хоёр сэтгүүлчид авч, дөрвөн хэргийн хохирогчдоос нийт 72.4 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс хоёр сэтгүүлчээс нийт 7,1 сая төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Иргэний 10 хэрэгт нэхэмжлэл гаргагчдын зургаа нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байна. Гурван хэргийн нэхэмжлэгчээс эдийн бус гэм хорын хохиролд нийт 2 тэрбум төгрөг шаардсанаас шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн 10 хэрэгт зургаан сэтгүүлч, есөн хэвлэл мэдээллийн байгууллага, нэг өмгөөлөгчийг хариуцагчаар тогтоосон байна. Анхан шатны шүүхээр 10 хэргээс хоёр хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, дөрвөн хэргийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, дөрвөн хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ. Эдгээрээс дөрвөн хэрэгт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаж, нэг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж буюу гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, бусад гурван хэрэгт давж заалдах гомдлыг хангаж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна.
Дээрх тоон мэдээлэл бол зөвхөн шүүхээр шийдэгдсэн хэсэг нь. Гэтэл цагдаагийн байгууллагад очиж байцаалт өгдөг сэтгүүлчдийн тоо хэдэн зуугаар тоологдож, прокурорын мөрдлөгөөс хэрэгсэхгүй болж шүүхэд шилжүүлээгүй нь ч бий.
Дан ганц Монголд бус олон улсын хэмжээнд сэтгүүлчидтэй холбоотой нөхцөл байдал хүнд түвшинд яригдах боллоо. Тухайлбал олон улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 528 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн 26 ажилтан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор цагдан хоригдож байгаа бол 2024 онд 48 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор амь насаа алдсан гэх баримт байна.
Баримт дэлгэснийхээ төлөө, мэдэх эрхийн төлөөх ажил хийснийхээ хариуд цагдаа, прокурорын хаалга татаж, "шоронд хорино шүү" гэх сүрдүүлгээс, шүүхээс ял авсан хар тодотгол, дарамт, түгшүүрээс хэзээ холдох бол СЭТГҮҮЛЧИД минь...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан улс ийм байдггүй
Сэтгүүлч нэртэй хогийн савнууд
Монгол бол жижихээн атлаа ардчил�##�гүй улсанцар.энэ улсад бүх юм худлаа,зохиомол.энэ улсад бме засах газар ч байхгүй.