Гадаад мэдээДЭЛХИЙ

Жуулчид АНУ-руу аялахаас татгалзаж байгаа нь олон тэрбум ам.долларын алдагдалд хүргэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа хэрэглэгчдийн хандлагад нөлөөлж, АНУ-руу аялах хэрэгцээ буурч, аяллын компаниудын санхүүгийн хэтийн төлөв муудсан нь тус улсын эдийн засгаас олон тэрбум ам.долларыг арчиж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

“JP Morgan” банк “Америкийн эсрэг үзэл санаа нь үйлчилгээний экспорт гэж тооцогддог олон улсаас ирэх жуулчдын урсгалыг уналтад оруулж магадгүй” гэж өнгөрсөн долоо хоногт гаргасан санамж бичигтээ бичсэн юм. "Goldman Sachs" болон “JP Morgan” хоёр тооцоолохдоо гадаад жуулчдын тоо буурах нь АНУ-ын эдийн засгийг 0.1 хувиар бууруулна гэжээ.

“LSEG” фирмийн мэдээллээс харахад АНУ-ын эдийн засаг 2025 оны эхний улиралд 23.53 их наяд ам.долларын ДНБ-тэй байсан юм. “Reuters” агентлагийн тооцоолсноор аялал жуулчлалын орлого буурснаас болж 23-71 тэрбум ам.долларын хохирол ДНБ-д учирч магадгүй байна.

Өнгөрсөн сард олон улсын томоохон агаарын тээврийн компани болох “Delta Air Lines” мэдэгдэл хийхдээ аялал жуулчлалын эрэлт ихэнхдээ зогсонги байдалд орсон учир санхүүгийн хэтийн төлөвийг бууруулсан юм. “Southwest Airlines”, “American Airlines”, “Alaska Air”, “Frontier” өмнө нь гаргасан хэтийн төлөвөө өөрчилсөн байна. Харин “United Airlines” хоёр өөр хэтийн төлөв танилцуулж худалдааны дайн цар тахлаас хойш үзэгдээгүй тодорхойгүй байдал бий болгож байна гэжээ.

Байр хэсэг хугацаагаар түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Airbnb” мэдэгдэл хийхдээ хоёрдугаар улирлын орлого нь “Wall Street”-ийн тооцооллоос хамаагүй доогуур байх болно гэж тооцоолсон юм. Харин зочид буудлын сүлжээ эрхэлдэг “Hilton” компани мэдэгдэл хийхдээ аялагчид хүлээгээд ажиглах горимд шилжсэн гэсэн байна.

Гуравдугаар сард Европчууд Трампын хэд хэдэн бодлогын улмаас Америк руу аялахаа цуцалж эхэлсэн. Тухайн үед “Goldman Sachs” мэдэгдэл хийхдээ “Тариф болон түүхэн холбоотнууд руугаа чиглэсэн илүү түрэмгий байр суурь нь АНУ-ын талаарх дэлхий нийтийн үзэл бодлыг сүйтгэж байна. Үүний хамгийн том асуудал бол АНУ-руу аялах жуулчдын тоо буурах явдал юм” гэжээ.

Трампын тогтворгүй худалдааны бодлогын улмаас дэлхийн хэрэглэгчид АНУ-ын бүтээгдэхүүн, брэндийн бойкотолж эхэлсэн. Гадаадын хэрэглэгчдээс гадна америкчууд ч гэсэн зайлшгүй шаардлагагүй зардал гаргахаас зайлсхийж байгаа юм. Энэ бүх хүчин зүйл АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтлэгдсэн тоо баримтаар бол АНУ-ын эдийн засаг сүүлийн гурван жилдээ анхны удаа буурсан гэх үзүүлэлт гарсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button