Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага 2.1 сая үзэгчээр эвдлээ

Рок н’ роллын хатан хаан Тина Тернер 1988 онд Бразилийн Рио де Жанеро хотод тоглож байв. Тоглолтыг 188 мянган хүн үзэж, Тина Гиннесийн номонд бичигдсэн юм. Энэ бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй амьд тоглолт болсон.
Тэгвэл, үүнээс 37 жилийн дараа тус хотод Леди Гага үнэгүй тоглолт зохион байгуулж, 2.1 сая хүн үзлээ. Улмаар Тина Тернерийн амжилтыг Леди Гага эвдэж байна.
Өнгөрсөн бямба гарагт болсон тоглолт нь Леди Гагагийн Coachella наадамд үзүүлсэн шоу. Энэ онд тэрбээр Mayhem хэмээх шинэ цомгоо цацсан бөгөөд амжилтаараа тэргүүлсээр байна. 2020 онд буюу цар тахлын үед Гага Chromatica цомгоо гаргасан нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ч төдийлөн олон нийтэд хүрээгүй юм. Харин Mayhem цоо шинэ, хүчирхэг концепцыг үзэгч, сонсогчдод хүргэж байгаа.
Choachella-гийн дараа Гага уг тоглолтоо Мексикт, улмаар Рио де Жанеро хотод хийв. Тайзан дээр Леонардо Да Винчигээс санаа авч, дуурийн театр босгоод дөрвөн үзэгдэл бүхий ихээхэн хүчирхэг шоу үзүүлсэн нь бүхий л рэвьюд таван одоор үнэлэгдсэн.

2.1 сая үзэгчтэй Риогийн тоглолтын үеэр зэвсэгт халдлага зохион байгуулах гэж байсныг цагдаа нар зогсоож чаджээ.
Молотовын коктейль, угаарын хий зэргээр халдлага үйлдэх гэж байсан өсвөр насны хоёр этгээдийг олж саатуулсан аж. Тэдний хувьд Гагагийн “Little Monsters” фэн клубийн гишүүд рүү онилоод байжээ. Гагагийн фэнүүд дотор бэлгийн цөөнх хүн олон байдаг. Тэр “Born This Way” дуугаа бүх хүн төрөлхтөнд зориулж, “Бид хэн болж төрснөөсөө шалтгаалан гадуурхагдах ёсгүй. Бүгд амьдрах, амьд үлдэх гэж ижилхэн тэмцэж байгаа хүмүүс. Бид гарцаагүй ингэж л төрсөн, үүнийгээ хүлээн авч, жаргалтай амьдрах эрхтэй” гэсэн санааг түгээж байсан. Тийм ч учраас Леди Гага өнөөгийн ертөнцөд хамгийн хүмүүнлэг артистуудын нэгт тооцогддог.
Ийнхүү Тина Тернерийн амжилтыг эвдэж, 2.1 сая хүнд үнэгүй тоглолт үзүүлсэн Леди Гага улам бүр анхаарлын төвд орлоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.