Жижиг бор Мэндээ: Хүмүүс дэмжээд эхлэхэд нь өөртөө итгэлтэй болчихсон

"Яргуй 2025" хүүхдийн урлагийн наадамд оролцсон долоон настай Алтангэрэлийн Ханхүүтэй бид ярилцлаа. Тэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ба анхны томоохон тэмцээндээ оролцон зохиолын дууны төрөлд нэгдүгээр байр эзэлсэн юм. Түүний дуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэнээр олны хайрыг татаад байгаа билээ.
-"Яргуй 2025" хүүхдийн урлагийн наадамд оролцоод, дуулж буй бичлэгийг нь үзсэн. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
-Сайн байна уу. Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн 2А ангид сурдаг. Одоо долоон настай. Намайг Алтангэрэлийн Ханхүү гэдэг.
-Цэцэрлэгт байхдаа дуулдаг байсан уу. Чи их сайн дуулдаг юм билээ?
-Цэцэрлэгт байхдаа би дууны тэмцээнд орж дуулж байгаагүй ээ. Харин сургуульд ороод урлагийн үзлэгтээ гоцлол дуу дуулаад нэгдүгээр байр эзэлж байсан. Дараа нь "Яргуй 2025" тэмцээнд орж байсан.
-Дуулах чамд таалагддаг уу?
-Манай аав хөгжмийн багш болохоор надад зааж өгсөн. Бас би дуулах дуртай.


-Анх удаа олон хүний өмнө тайзан дээр гарсан юм байна. Сэтгэгдэл ямар байсан бол?
-Дуугаа бэлдэж байхдаа олон хүний өмнө гараагүй болохоор яг тэмцээн тийм олон үзэгчтэй байна гэж бодоогүй. Тэгээд зөндөө олон хүн хараад сандарсан. Гэхдээ дуугаа сайн дуулж чадсан.
-Дуулж байхдаа бүжиглэсэн бүжгээ өмнө нь бэлдсэн байсан уу?
-Өмнө бага зэрэг бүжгээ бэлдсэн байсан. Намайг бүжиглэсэн чинь хүмүүс бүр хашхираад, дэмжээд алгаа ташаад эхэлсэн. Бас шүүгч нар утсаа гаргаад бичлэг хийсэн.
-Тэр үед ямар байсан?
-Хүмүүс дэмжээд эхлэх үед илүү өөртөө итгэлтэй болоод сайхан байсан. Би өөрийгөө түрүүлнэ гэж бодож байсан л даа. Тэгээд нэгдүгээр байр эзлээд надад ёстой гоё байсан.
-Ямар нэртэй дуу дуулсан бэ. Хэр их дуугаа бэлдэв?
-Би "Мэндбаяр" гэдэг дуу дуулсан. Машинд явахдаа дандаа сонсдог байсан. Намайг энэ дууг дуулж тэмцээнд орсны дараа хүмүүс "Жижиг бор Мэндээ" гээд нэр өгчихсөн байна лээ.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Том болоод ямар хүн болох вэ?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа тоглох дуртай. Том болоод, биеийн тамирын хичээлдээ дуртай болохоороо биеийн тамирын багш болно гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа
-
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.