Л.Мөнхзул: 2014 онд 8-9 метр ухарч харвасан гарамгай, гоц харваачдын түүхийг 10 метр хүргэж эвдлээ

Монгол Үндэсний сурын нээлтийн харвааны эмэгтэйчүүдийн гурав болон дөрөвдүгээр байрын төлөө хоёр харваач товхлохдоо, 10 метр ухарч харвасан нь шинэ дээд амжилт болжээ. Тодруулбал, Баян-өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул ХХБ-ны тамирчин, Өлгийн-Мэргэчүүд багийн харваач Спортын мастер, Аймгийн мэргэн Лувсанцэрэнгийн Мөнхзул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн спортын мастер Баярсайханы Батцэцэг нар товхолсон байна.
Товх харваа гэдэг нь: Оноо тэнцүү харваачид нэг зогсоол дээрээс зэрэг харвана. Оносон харваач 1 метр ухарна. Оноогүй харваач хасагдсаар хамгийн сүүлд үлдсэн нь товхны харваач болдог ажээ.
Энэ талаар аймгийн мэргэн, спортын мастер Л.Мөнхзулаас тодрууллаа.
-Энэ оны нээлтийн харваанд хэчнээн харваач цэц мэргэнээ сорьсон бэ?
-Монголын Үндэсний Харваачдын холбоо тухайн жилийн улсын чансаа тогтоох А зэрэглэлийн 4 тэмцээн зохион байгуулдаг. Эдгээр нь Улсын нээлтийн харваа, УАШТ, Үндэсний их баяр наадмын харваа, Отго харваа. Энэ оны нээлтийн харваа тавдугаар сарын 10-11өдрүүдэд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад болж 1162 харваач цэц мэргэнээ сорьж, өрсөлдлөө.
-Хамгийн сүүлд зургаан харваач товхолсон гэж ойлгосон. Таны хувьд гуравдугаар байрын төлөө 10 метр ухарч, товх харвааны рекордыг эвдсэн амжилтыг үзүүлсэн гэж ойлголоо?
-Тус тэмцээний гуравдугаар байрын төлөө долоон харваач товх харвасан. Баян-Өлгий аймгийн уугуул аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэцэгтэй үлдэн 10 метр ухран харвалаа. Гуравдугаар байрын төлөөх товхоо ямарч байсан авч чадсан.
-Өмнө нь ингэж товхолж байсан түүх байдаг болов уу?
-МҮХХ зохион байгуулдаг А зэрэглэлийн тэмцээнд 2014 онд Улсын гарамгай харваач Ч.Гандаваа Улсын гоц харваач О.Чинзүрх нар наймаас есөн метр ухран товх харваж байсан түүхтэй гэж сонссон.
-Ухарч буюу зай холдож товхлох мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ, сандарсан уу?
-Товхлох мөч маш сайхан байсан. Өөрийнхөөрөө байж тайван харвасан. Намайг дэмжиж байгаа хүмүүсээ хараад алдахгүй, товхоо авахын тулд хичээсэн.
-Хэдэн настайгаасаа сурын спортоор хичээллэж эхэлсэн бэ. Улсын наадамд хэдэн жил харваж байна вэ?
-15 настайгаасаа эхэлж сурын спортод хөл тавьж, тэр цагаас хойш тасралтгүй хичээллэж байна. Төрсөн эгчтэйгээ хамтдаа энэ спортоор хичээллэдэг. Бэлтгэлдээ ч, тэмцээндээ ч үргэлж хамтдаа байдаг болохоор түшигтэй, дэмтэй. Миний хувьд улсын наадамд өсвөр насны ангилалд хоёр жил, насанд хүрэгчдийн ангилалд гурван жил буюу нийт таван жил харвалаа.
-Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ яаж зохицуулж вэ?
-Ажлынхаа хажуугаар аль болох боломжит бүх хугацаанд бэлтгэлээ зохицуулж, хийхийг хичээдэг.
-Товч мэдээлэл өгсөнд баярлалаа.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
amjilt
Эхлээд харвах зай нь хэдэн метрээс эхлэдэгээ сэтгүүлч судлаж байж мэргэжилийн түвшинд бичиж мэдээлэл өгч байгаачээ. Товхоо 10 ухарсан гэдэг нь нийт хэр хол зайнд харваж онсон гээд тодорхой бичиж байлдаа. Дандаа бүрхэг мэдээ мэдээлэл өгдөгөө сэтгүүлч нар анхаарна уу. Ийм учраас л та нар улс төрийн золиос болоод байгаамшдээ мэдэв үү