Хуурай замын бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль БНСУ-д болж байна

Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургуулийг энэ сарын 19-30-нд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулж байна.
Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд болж буй уг хамтарсан сургуулиар хоёр тал НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар оронд ажиллах чадавхыг дээшлүүлэх, хээрийн удирдлагын байр, тактикийн зам байгуулах, усан сааданд гарц байгуулах, түр хугацааны нисэх хүчний дэмжлэгийн байгууламж (FARP) барих, хээрийн байрлалын хамгаалалтын хашаа болон шалган нэвтрүүлэх байр тохижуулах, тэсэрч дэлбэрэх бодистой харьцах, аюулгүй болгох зэрэг хамтарсан сургалт, дадлагыг гүйцэтгэж байгаа аж.

Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж буй Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болон хоёр орны хуурай замын цэргийн хүчний 2024 онд болсон анхны зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэрэгжиж буй тус сургуулийн хоёр дахь сургалт, дадлагыг Монгол Улсад есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.