Шатрын насанд хүрэгчдийн улсын аваргын сүүлийн тоглолт өнөөдөр болно

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт Тусгаар тогтнолын ордонд болж буй. Тэмцээний сүүлийн өрөг өнөөдөр болж шигшээ тэмцээнд өрсөлдөх 11 шатарчны нэрс бүрэн тодорно.
10 өргийн дараах байдлаар нээлттэй ангиллыг их мастер Б.Гүндаваа таван хожил, таван тэнцээ хийж 7,5 оноогоор ганцаараа тэргүүлсэн хэвээр үлджээ. Түүний хувьд өнөөдөр 7,0 оноотой улсын аварга С.Билгүүнтэй тоглохоор оноолт таарчээ.
Нээлттэй ангилалд их мастер Б.Гүндаваагийн араас М.Амилал, Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, Ү.Агьбилэг нарын 11 шатарчин 7,0 оноотой нэхэж байна. Мөн Э.Баасансүрэн, Б.Ананд, Б.Тэнүүнболд нарын 10 тамирчин 6,5 оноотой 13-22-р байрт жагсжээ. Эдгээр тамирчид өнөөдөр сүүлийн өрөгт оноолт таарсан ба тэднээс 11 нь шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийг авах юм.
Эмэгтэйчүүдийн ангилалд саяхан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Б.Мөнгөнзул 8,0 оноотой ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул нарын таван шатарчин 7,5 оноотой тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа бол Х.Баясгалан тэргүүтэй долоон тамирчин 7,0 оноотой 7-13-р байрт жагсаж байна. Өнөөдөр шийдвэрлэх 11 дэх өргийн тоглолт болж шигшээ тэмцээнд өрсөлдөх 11 шатарчны нэрс тодорно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.