НИЙГЭМНийгэм мэдээ

Ж.Гантулга: Манай улсын нийт насанд хүрэгчдийн 24.2 хувь нь тамхи татдаг

Жил бүрийн тавдугаар сарын 31-нд “Тамхины эсрэг дэлхийн өдөр” тохиодог. Эл өдрийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдэх нөлөө, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тэмдэглэсээр ирсэн. Манай улсын хувьд тамхидалтын түвшнээр дэлхийд дээгүүр ордог. Өөрөөр хэлбэл, тамхинаас татгалзах дургүй хүмүүс ч гэж хэлж болно. Тэгвэл тус өдрийг тохиолдуулан утаат тамхитай холбоотой асуудал болон үүний эсрэг хэрхэн, яаж болох талаар СЭМҮТ-ийн СНЭМА-ны мэргэжилтэн Ж.Гантулгатай ярилцлаа.

-Дэлхий нийтийн тамхины эсрэг өдөр тохиож байна. Манай улсад ч тамхины хэрэглээ багагүй хэмжээний ажиглагддаг. Монгол улсад тамхины хэрэглээ албан ёсоор ямар түвшинд байна вэ?

-Дэлхийд тамхины хэрэглээ өндөртэй 10 орны тоонд Монгол улс багтдаг. Энэ үзүүлэлт нь 2000 оны эхээс эхлүүлсэн шат дараатай хэд хэдэн судалгааны үр дүнгээр баталгаажсан. Тэгэхээр тамхины хэрэглээ өндөр байгаа нь тогтвортой хадгалагдаж байна гэж ойлгож болно. Хамгийн сүүлд 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох” судалгаагаар тамхины хэрэглээ буурсан үр дүн байгаагүй. Өөрөөр хэлбэл, тамхинаас татгалзах дургүй хүмүүс ч гэж хэлж болно. Манай улсад нийт иргэдийн 24,2 хувь нь тамхи татдаг. Эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5-6 хувь нь татдаг гэсэн судалгаа бас бий. Сүүлийн үед хэрэглээнд дэлгэрээд буй цахилгаан тамхийг оролцуулаад үзвэл энэ үзүүлэлт эрс нэмэгдэх түгшүүрийг төрүүлж байна. Яагаад гэвэл утаат тамхи татдаггүй байсан хүмүүс, өсвөр насны хүүхдүүд цахилгаан тамхинд орох тохиолдол элбэг болсон.

-Тэгвэл манай улсын хувьд тамхины хэрэглээ буураагүй харин ч өндөр байна гэж ойлголоо. Энэ нь юутай холбоотой юм бол оо?

-Тухайн хүний тамхи татах дур хүсэл юунаас төрөөд байна гэдэг нь олон янз. Ажлын ачаалалтай, стресстэй, хувийн харилцаа ч гэдэг юм уу олон төрлийн сөрөг мэдрэмжүүдийг түр аргацаах зарчмаар тамхи татдаг. Эрчүүдийн 49 хувь нь тамхи татдаг гэдгийн цаана эрчүүдийн сэтгэл зүйн асуудал гэдэг маш том сэдэв байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд өөрийгөө өөрчлөх, эрүүл мэнддээ анхаарах, архи, тамхины хэрэглээгээ багасгах гэдэг хүсэл нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй бага байдаг. Өөрийгөө хаяад байгаа эрчүүдээ хайрлаж, ойлгож байж тусалж чадна. Эсрэгээрээ буруутгаж, шүүмжилбэл байдлыг улам л дордуулна.

-Сүүлийн жилүүдэд янжуур тамхинаас гадна цахилгаан тамхины хэрэглээ эрс ихэслээ. Янжуур тамхины хор нөлөө, учирч болох эрсдэл цахилгаан тамхиныхтай адил уу?

-Жил бүрийн таван сарын 31-ний өдрийг дэлхийн тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн тамхины эсрэг өдөр бол ардаа асар их хор хөнөөлтэй ямар ч насны хязгааргүйгээр ил, далд хэрэглэж буй энэхүү цахилгаан тамхины хор уршгийг хүмүүст таниулах урианы доор явагдаж байгаа. Энэ хүрээнд өсвөр үе, залуучууд руу хандсан бодлогын ажлуудыг хэрэгжүүлнэ. Цахилгаан тамхи нь гаднах өнгө, үзэмж, амт, үнэр гээд олон зүйлээрээ янжуур тамхинаас хор нөлөө багатай харагдаж бас санагдаж болно. Гэхдээ өнгөн талдаа сайхан ч цаад хор хөнөөл нь янжуураас илүү ч байх магадлалтай. Одоогоор цахилгаан тамхийг янжуур тамхитай харьцуулсан судалгаа бүрэн гараагүй байгаа. Ерөнхий судалгааны үр дүнд хортой гэдэг талаас нь таниулах ажил явагдаж байгаа болохоор цахилгаан тамхины олон талт судалгааг бүрэн ярих нь арай эрт байна.

-Түрүүн дурдсанчлан эмэгтэй хүмүүсийн хувьд тоон судалгаагаар бага байна. Мөн хэрэглээгээ багасгах хүсэл эрчүүдээс өндөр юм байна шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн хувьд тамхинаас хамаарах асуудал арай бага гэсэн үг үү?

-Эрэгтэй хүмүүсийг бодоход тамхинаас гарах сэтгэл зүй, үйл явц нь хурдан боловч, тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг. Тамхи татдаг эмэгтэйн биед хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг. Мөн хүүхэд төрүүлэх явцад хүндрэл дагуулах эрсдэлтэй байдаг.

-Тамхи татах гэдэг нь зөвхөн донтолтод хамаарах уу. Сэтгэл зүйн талаас хамсардаг болов уу. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тамхи татаж байгаа хүний зан араншин өөрчлөгдөх, ил мэдрэгдэх сэтгэл зүйн асуудал багатай байдаг. Чимээгүй тахал ч гэж нэрлэгддэг. Сэтгэцэд нөлөөлөх бодисуудаас хамгийн илүү донтолт үүсгэх өндөртэй зүйлд тамхи ордог. Хүслээрээ тамхинаас гарах боломж маш бага бас хязгаарлагдмал. Нэг ёсондоо өөрийн дур сонирхлоор хурдан тамхинаас гарчхаж болно гэсэн ойлголт байхгүй юм. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал донтох эмгэг рүү хөтөлдөг. Донтох эмгэг гэдэг нь даван туулахад бэрхшээлтэй зүйл шүү дээ. Үүнийг зөвхөн тамхи ч гэлтгүй олон зүйлээс хүн бүр мэдэрдэг байх. Донтох эмгэг, сэтгэл зүйн асуудал хоёр хавсарсан учраас л хүмүүс тамхинаас гарч чадахгүй байна гэж ойлгож болно.

-Донтолтоос гаргах эмчилгээг сэтгэл зүйн эмчилгээтэй хавсарч хийлгэвэл тамхинаас бүрэн гарах боломжтой юу?

-Зайлшгүй мэргэжлийн хүний заавар зөвлөмжийг авч байж тамхинаас бүрэн гарах боломжтой. Тохирсон тусламж үйлчилгээг, хийгдэх ёстой эмчилгээг стандартын дагуу хийлгэвэл тамхинаас гарах хэцүү зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн тодорхой техникүүдийг ашиглаад хүнийг тайвшруулдаг, зоригжуулдаг, амраадаг, ятгалга хийдэг аргачлалуудаар эдгээх тохиолдлууд бас бий болоод байгаа. Миний бодлоор энэ хоёр эмчилгээг нэг цогц болгон хэрэгжүүлж, нутагшуулах нь нэн тустай гэж боддог.

-Тамхинаас өөрийн хүслээр гарсан хүмүүс бас байдаг шүү дээ. Эргэн орох магадлал хэр өндөр байдаг бол?

-Тамхинаас өөрийн хүслээр гарсан хүмүүсийн 80 хувь нь эргэн ордог гэсэн судалгаа бий. Дахин тамхинд оролгүй гарсан хүмүүс ч байгаа. Гагцхүү тохиолдлын тоо нь цөөхөн. Өөрийн хүслээр гарч чадахгүй байна гэдэгтээ хэт их эмзэглэж, өөрийгөө буруутгах хэрэггүй. Адил нөхцөл байдалтай олон сая хүн бий. Хүний дайчин чанар, хичээл зүтгэл, өөрийгөө барьж сурах чадвар гэхээсээ илүүтэй энэ бол эмчилгээ юм. Эмчилгээгээ авч чадахгүй бол бэрхшээл үүсгэдэг. Яг зөв эмчилгээгээ хийлгэвэл амжилттай даван туулах боломжтой. Үүнийг хэн нэгний дутагдал, сул тал гэж харах хэрэггүй. Зөвхөн хувь хүнтэй хамаатуулах ойлголт бус энэ бол эмгэг юм шүү.

-Монголын улсын нийт насанд хүрэгчдийн 24,2 хувь нь тамхи татдаг гэхээр өдөр бүр 750 мянган насанд хүрэгчид тамхи хэрэгдэг гэсэн үг. Тамхи татах нь донтох эмгэг гэдгийг хүлээн зөвшөөрч, тусламж авахыг хүсдэг хүмүүс хэр хэмжээний байдаг юм бол?

-Миний мэдэх олон судалгаа, бодит байдлыг харахад яг өөрийн хүслээр зорьж очиж эмчилгээ авахыг хүсдэг хүмүүс маш цөөхөн. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид очих тохиолдол бага байдаг. Монголчуудын хувьд донтолт, сэтгэл зүйг холбож хүлээж авах нь бага. Донтолттой хүнийг арчаагүй, өөрийгөө захирч чаддаггүй л гэж боддог. Яг үнэндээ тухайн хүний бие организм цаанаасаа хүсээд байна шүү дээ. Хүн хоол, усгүйгээр байж чаддаггүйтэй төстэй асуудал. Энэ донтолт нь олон өвчний суурийг тавьдаг. Тийм учраас олон сайн дурын хүмүүсийг бий болгох, өрхийн эмч нар, дотрын эмч зэрэг эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт хандаж буй хүн бүрээс архи, тамхины хэрэглээг асуу гэж дэлхий нийтэд зөвлөдөг. Яагаад гэвэл даралт нь ихэсдэг, зүрх, амьсгалын замын асуудалтай хүн бүрийн цаана чимээгүй тамхины нөлөө явж байдаг. Эмнэлэгт үзүүлэхдээ шинж тэмдэг, өвчлөлөө тамхитай холбож хардаггүй. Уг нь өвдөж эхлэхээсээ өмнө сэтгэл зүй дээр суурилсан донтолт гэж хараад эхний шатны эмчилгээг авах нь зүйтэй юм.

-Янжуур тамхи татдаг хүмүүсийн зарим нь тамхинаас гарах хүсэлтэй байгаа ч чадахгүй байгаа талаараа ойр дотнын болон хүрээлэн буй хүмүүстээ илэрхийлдэг. Хүсэл төрсөн сэтгэл зүй тамхинаас гарахад хэр нөлөө үзүүлэх үү?

-Нийт тамхи татдаг хүмүүсийн 65-70 хувьд нь сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн багадаа нэг удаа тамхинаас гарах хүсэл төрсөн байдаг. Нөгөө талаасаа энэ эмгэгийг өртөг багатайгаар эмчлэх боломж байгаа шүү дээ. Үүн дээр тамхинаас гарах хүсэл байна гэдэг нь хамгийн нийлэмжтэй хариулт болж байгаа юм. Тухайн хүнд гарах туйлын хүсэл маш бага хувь байсан ч болно. Байгаа гэдэг нь л чухал. Яг тэр хүслийг өдөөж, тухайн хүний сэтгэл зүйтэй түрүүлж ажиллаж донтолтоос салгах ажлыг эхлүүлэх боломжтой.

-Тэгэхээр эмнэлэг, эмчийн тусламжтайгаар тамхины хорт нөлөөг нарийн ойлгож цаашлаад гарах боломжтой байх нь?

-2022 оны 12 дугаар сард тамхинаас гаргахад туслах эмийн болон сэтгэл зүйн эмчилгээ гэдэг зөвлөмж монгол хэл дээр батлагдсан гарсан. Энэ агуулгын хүрээнд анхан шатны эмч нарыг тодорхой хэмжээнд сургах, дадгалжуулах ажлыг хийж эхлүүлсэн. Одоог хүртэл хэрэгжүүлж байгаа. Гол нь үүний цар хүрээ нь өндөр байж чадахгүй байна. Нөгөөтээгүүр тамхинаас гарах, тамхины хор уршиг, сэтгэл зүйн эмгэг гэдгийг ойлгуулахын тулд заавал эмч нар зөвлөж ойлгуулах албагүй. Ямар ч мэргэжлийн хүн сургагдаад энэхүү зөвлөмжийг өгөх боломжтой. Тамхи татдаг хүнд эмч хүний зүгээс буруутгал өгдөггүй. Бид ханиад хүрсэн, бие нь өвдсөн хүнийг загнадаггүй шүү дээ. Өвдчихсөн байгаа хүн гэдэг утгаар нь хүлээн авч хэрхэн туслах талаар хардаг. Яг энэ зүйлийг сайн дурын хүмүүст сургалтын аргаар зааж ойлгуулбал ойлголтын асуудлыг илүү өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж болно. Мөн хүрээгээ тэлж чадахгүй байгаа бас нэгэн шалтгааны нэг нь санхүүжилт болон төрийн оролцоо бага байгаатай холбоотой. Хэрвээ төрийн хэмжээ бодлого боловсруулж том ажил болговол одоогийн бүх муу үзүүлэлт, олон хүний эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх маш том эхлэл, өрнөл болж болно.

-Өнөөдрийн байдлаар тамхины донтолт сэтгэл зүйн эмгэг гэдэг талаас нь эхний ээлжийн зөвлөгөө өгдөг газар байдаг уу?

-Тамхины хор уршиг, сэтгэл зүйн донтолт гэдгийг эхний шатаар ойлговол СЭМҮТ-д очиж дараагийн шатны зөвлөгөө, эмчилгээг авах бүрэн боломжтой. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газарт ч хандаж болно. Гол нь зөвхөн донтолт биш сэтгэл зүй хавсардаг гэдгийг хамгийн эхэнд ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон улс оронд утсаар зөвлөгөө өгөх олон талаасаа нарийн хөгжиж байгаа. Манай улсад зөвхөн тамхинд орсон хүнд зориулсан зөвлөгөө дугаар үүсгэж чадаагүй л байна. Харин СЭМҮТ 2018 оноос хойш 18002000 гэдэг дугаараар бүхий л төрлийн сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэгийн талаарх зөвлөгөө дуудлагыг авдаг болсон. Энэ эмгэгийн эмчилгээ цаашдаа төр засгийн тусламжтайгаар хөгжиж нэвтэрнэ гэдэгт итгэж байна.

-Сэтгэл зүйтэй хамааралтай уг эмгэгээс үүдэж хүний дундаж насжилт хэрхэн өөрчлөгддөг бэ?

-Тамхи татдаг хүний дундаж наслалт нь 52 байдаг. Нийт тамхи татдаг хүмүүсийн 50 хувь нь тамхинаас болж нас бардаг. 100 хүн тамхи татлаа гэхэд 50 хүн нь тамхинаас шууд хамааралтайгаар нас бардаг гэсэн үг. Мөн 10 үхэл тутмын нэг нь янжуур тамхинаас болсон гэх судалгаа ч бий. Энэ бол маш өндөр тоо. Анхаарах хэрэгтэй гэдгийг мэдрүүлэх бас нэгэн үзүүлэлт юм. Өдөрт 1-9 ширхэг тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь дөрөв дахин их болдог.

-Тэгвэл тамхинаас болж үүсэж болох бусад эрсдэлүүдийн талаар дурдвал?

-Тамхинд агуулагддаг олон хортой бодисууд байдаг бөгөөд никотин, ацетон, карбон моноксид зэрэг үүнд багтдаг. Америкийн Уушгины Холбооноос тодорхойлсноор тамхинд 600 гаран бодис агуулагддаг бөгөөд шатах үедээ 7000 гаруй химийн бодис үүсгэдэг. Тэдгээрийн 69 нь хавдар үүсгэдэг нь батлагдсан байна. Тамхи татсанаар үүсэх нөлөөнүүд нь шууд илрэхгүй байж болох хэдий ч, үүссэн хүндрэлүүд нь олон жил үргэлжилж болно. Харин тамхинаас гарах нь эдгээр хүндрэлүүдийг аажимдаа буцаах нөлөө үзүүлдэг. Мөнгө санхүүгийн талаас нь үзвэл тамхинаас үүдэлтэй нас баралт, эмчилгээний зардал тамхины татвараас орж ирж буй орлогоос давсан. Хоёр жилийн өмнө гаргасан судалгаагаар тамхины хэрэглээ нь жилд 143 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн зардлыг Монгол улсад учруулдаг. Харамсалтай нь үүний цаанаа хамгийн гол нь хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байгаа. Эрт нас баралт, гэнэтийн нас баралтад тамхины хэрэглээ нөлөө үзүүлсэн тохиолдол олон байдаг. Дэлхий дээр тамхинаас үүдэн жилд 8 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Энэ нь 8 секунд тутам нэг хүн янжуур тамхинаас үүдэн нас бардаг гэсэн үг. Үүний 1.3 сая нь огт тамхи татдаггүй, дам тамхидалтад өртдөг хүмүүс байдаг.

-Дам тамхидалт гэж юу вэ. Хор нөлөө нь яаж илэрдэг вэ?

-Дам тамхидалт гэдэг нь тамхи татах үед түүнээс гарах утаа нь эргэн тойронд буй хүмүүст хүрч, тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйл явц юм. Тэр дундаа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгшчүүдэд илүү их хор хөнөөлтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, жил бүр дам тамхидалтын улмаас 1.2 сая орчим хүн нас бардаг. Мөн дам тамхидалтад өртсөн хүүхдүүдийн 40 хувь нь амьсгалын замын өвчнөөр шаналж, өндөр насныхны дунд зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг өвчний эрсдэл нэмэгддэг.10 хүн тутмын 3 нь дам тамхидалтад өртөж, үүнээс эмэгтэйчүүд гэртээ, эрэгтэйчүүд ажлын байрандаа дам тамхидалтад илүү өртөж байна.

-Гэнэтийн, тодорхойгүй нас баралтад нөлөөлдөг гэлээ шүү дээ. Гэнэтийн амь насаа алдсан тохиолдлуудад тамхины нөлөө хамааралтай гэсэн үг үү?

-Тамхи татдаг хүнийг гаднаас нь харахад эрс өөрчлөлт харагдахгүй байж болно. Гэхдээ дотор эд эрхтнүүдийг харвал тамхинаас хамаарч зүрх, уушги гэх мэт нөлөө үзүүлэх бүх эрхтэнд аль хэзээний өвчлөл үүсгээд эхэлсэн байдаг. Зүрхний өөхлөлт, судасны хана нарийсах, судасны хана хэврэгших зэрэг олон өөрчлөлтүүдийг гаргасан байдаг. Үр дүнд нь гэнэтийн нас баралт үүсэх нөхцөл бүрддэг. Бүх гэнэтийн нас баралтыг тамхитай холбохгүй ч тодорхой хэмжээнд бол энэ нөхцөл байдлаас үүссэн нас баралт цөөнгүй бий. Манай улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдраар жилд 2500 гаруй хүн амиа алддаг. Энэ байдлаараа тамхины хэрэглээг багасгасан, эрүүл ирээдүйг хүлээх боломжгүй байгаа юм. Тоон мэдээлэл, судалгааг хийгээд орхих биш, нэгэнт тодорхой болсон бодит нөхцөл байдлыг бүгд мэдэх учир дорвитой хөдлөх, ажил өрнүүлэх л хүлээгдэж байна.

-Тамхинаас гарах хүсэлтэй, ойр дотнын хүмүүс нь тамхи татдаг, тамхины донтолтын тал дээр бусдад туслах хүсэлтэй хүмүүст зөвлөгөө болон уриалга хэлбэл?

-Миний хувьд СЭМҮТ-д 12 жил гаруй ажиллаж байна. Донтох эмгэгээр дагнаж олон талын туршлага хуримтлуулсан. Одоо бол Master brand Mongolia гээд старт ап компанийг үүсгэн байгуулж ажиллаж байгаа. Манай компанийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн асуудал, донтох эмгэгийг мэдээллийн технологитой хослуулан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар зорин ажиллаж эхэлсэн. Бидний зүгээс тамхины эсрэг хийх бүх санаачилга, ажилтай нэгдээд, туслаад хамтран ажиллах боломжтой. Тамхигүй ирээдүйн төлөө хүн бүрийг уриалмаар байна. Нийт хүн амын 24.2 хувь нь тамхи татдаг гэсэн нөхцөлийг бууруулъя. Хэрвээ та тамхи татдаг бол өөртөө тамхинаас гарах зорилт тавиарай. Тамхинаас гарахыг хүссэн ч чадахгүй байгаа хүн байгаа бол зөвхөн өөр дээрээ бурууг өгч шантралгүй бусдаас тусламж хүсээрэй. Ирэх жилийн энэ өдөр хүртэл хүн бүр ядаж нэг ч гэсэн хүнийг зөв аргаар тамхинаас гарахад нь тусалъя. Хэвлэлийн салбарынхан тамхины эсрэг, хор хөнөөл, гарах арга замын тухай ядаж нэг л чанартай мэдээлэл, нэвтрүүлэг хийе гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2025 13:08

Энэ ёстой худлаа тоо бна найзаа 50 хувь нь тамхичин тэрнээсч илүү байх

хүннү
хүннү
5 сар 30, 2025 17:54

Солонгосын 90 хувь нь тамхи татдаг. Эр эм хүн болгоноос тамхины үнэр нэвт шингэсэн байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button