ХӨСҮТ: Улаанбурханаар нас барсан хүүхдүүд хавсарсан өвчтэй, вакцин хийлгэх насанд хүрээгүй байсан

Улаанбурхан өвчний тохиолдол манай улсад өдрөөс өдөрт нэмэгдэж, хавьтлын тоо 44 мянга гарсан.
Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний одоогийн нөхцөл байдлыг талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа, "Улаанбурхан өвчин зөвхөн манай улсад ч биш дэлхийн олон оронд тархалт нь дэгдсэн халдварт өвчин юм. Нийт 162 оронд 62 мянга гаруй хүн халдвар авсан нь батлагдсан. Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Тайланд зэрэг улсууд өндөр өвчлөлтэй байгаа. Манай улсын хувьд халдварт өвчний тандалт болон эмнэлгийн тусламжийн үйлчилгээ зарим орнуудтай харьцуулахад сайн үзүүлэлттэй явдаг. Батлагдсан хоёр нас баралтын хувьд вакцин хийх боломжгүй, вакцины нас болоогүй байсан. Мөн хоёул уушгины хатгалгаа хавсарсан байсан учраас хүндэрч эндсэн.
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 30-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 4274, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 551, эдгэрсэн 2793 тохиолдол байгаа юм. Харин хавьтлын тоо 44 774, нас барсан тохиолдол 2 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Энэхүү өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.