Нэг дороос | Монгол, Туркменистаны харилцааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурав

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлалын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС багцлан хүргэж байна.
НЭМЭЛТ:
Айлчлалын хүрээнд хоёр орны ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
1. “МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”
Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцоллоо.
2. “ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,
Хамтарсан комисс байгуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.
3. “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.
4. “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2026-2028 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,
2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Худалдааг өргөжүүлэх зорилгоор харилцан солилцох боломжтой бараа, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг харилцан дэмжих, жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, барилга, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллана. Бизнес форум тогтмол зохиож, хоёр улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ шат дараатай таниулна.
5. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,
Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.
6. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгелдиев,
Хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Туркменистан Улсад Швейцар, Герман, Итали, Бельги, Япон зэрэг орны өндөр технологи бүхий 80 гаруй төрөл бүрийн томоохон оёдлын цогцолбор үйл ажиллагаа явуулж байна.
7. “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,
Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах болон судалгаа хийх тэтгэлгийг харилцан олгох, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцох, зөвшилцөх замаар хамтын ажиллагааны таатай нөхцөл бий болгоно.
8. “УЛААНБААТАР БОЛОН АШХАБАД ХОТ ХООРОНД АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН АШХАБАД ХОТЫН ЗАХИРГАА ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар, Туркменистан Улсын Шадар сайд Баймырат Аннамаммедов,
Нийслэл хотууд харилцан итгэлцэл, бие биеийн сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан инновац, худалдаа, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, хотуудын албаны төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн солилцоог дэмжинэ.
9. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Бүдээбазарын Авид, Туркменистан Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Аллаберды Аширов,
Шинжлэх ухаан, шинэ технологи, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум, семинар, уулзалт зохион байгуулах замаар хамтран ажиллах боломж бүрдлээ.
10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун, Туркменистан Улсын Соёлын сайд Атагелди Шамырадов,
Үндэсний музейд хадгалагдаж буй эрдэнэсийг сэргээн засварлах, музейн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулах, хоёр улсын соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллана.
11. “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ТЕЛЕВИЗ, РАДИО НЭВТРҮҮЛЭГ, КИНО УРЛАГИЙН УЛСЫН ХОРОО ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх захирал Ганхуягийн Гэрэл, Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн улсын хорооны дарга Мейлис Реджепов,
Харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарна.
12. “БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЫРАТ ГАРРЫЕВЫН НЭРЭМЖИТ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,
13. “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,
Их, дээд сургуулиуд судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хамтарсан бага хурал, семинар, эрдэм шинжилгээний уулзалт, дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын тулгамдсан асуудлаар хамтарсан судалгаа хийх, багш, судлаач солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
14. “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН “МОНЦАМЭ” АГЕНТЛАГ БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ “ТДХ” ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн дарга Эрдэнэцогтын Содонтогос, Туркменистан Улсын Мэдээллийн агентлагийн захирал Мердан Газакбаев нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, түүх, соёл, урлаг зэрэг салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, нийтлэл мэдээллийг өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ. Мөн сэтгүүлч, мэргэжилтнүүдээ солилцох, туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.
НЭМЭЛТ: 12.20 цаг
-Хоёр улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийлээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж дараах мэдэгдлийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
“2024 оны аравдугаар сард Торгоны замын зангилаа, Төв Азийн цагаан дагина болсон танай сайхан оронд анхны төрийн айлчлал хэрэгжүүлсэндээ таатай байна.
Танай улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд энэ нь анхны төрийн айлчлал бөгөөд хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн, онцгой ач холбогдолтойг тэмдэглэе.
Бид хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг хэлэлцэж, цаашид өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Хамтарсан мэдэгдэл гаргалаа. Улмаар хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зураглалыг тодорхойлж, чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Агаарын болон авто тээвэр, мал аж ахуйн салбар, аялал жуулчлал, мал эмнэлэг зэрэг олон баримт бичиг байгуулсан.
Таны энэхүү айлчлалаар хамтын ажиллагаа нь худалдаа, эдийн засаг, гааль, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, соёл боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг салбараар баяжиж, 14 баримт бичигт гарын үсэг зурж байна.
Монгол-Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан таны хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж гүн талархал илэрхийлье. Тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байна.
Хамтын ажиллагааны механизмыг бий болгохоор тогтсоны дагуу ЗГ хоорндын комиссыг байгуулахаар боллоо. Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн хамтарсан хороог тус тус байгууллаа. Энэхүү айлчлалын хүрээнд хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбарыг хөхиүлэн дэмжих үндэс суурь тавигдлаа.
Цагаан алт хөдөлгөөний хүрээнд ноос ноолуурыг Туркменистаны хөвөн нэхмэл үйлдвэртэй холбох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Энэ нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтой. Бизнес форум болон Туркменистаны хивс, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулснаар харилцан сурталчлах иргэдийг солилцоог нэмэгдүүлэх юм.
Соёлын хамтарсан тоглолтыг УБ хотноо зохион байгуулж, Туркменистаны авьяаслаг уран бүтээлчид сэтгэлд хоногшсон сайхан дурсамж бүтээж байна.
Түүнчлэн бид боловсролын салбарыг тэргүүлэх чиглэл болгохоор тохиролцсон. Оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулснаар боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
УБ болон Ашгабат хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. НҮБ болон бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ харилцан тогтоолоо. Туркменистан төвийг сахисны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд танаар дамжуулан танай ард түмэнд баяр хүргэе.
Найрамдал нөхөрлөл үеийн үет батжиж, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе” гэлээ.
Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов,

“Хоёр улс хоорондын дээд хэмжээний хэлэлцээ дөнгөж сая өндөрлөлөө. Найрсаг, ажил хэрэгч, харилцан итгэлцсэн уур амьсгалд өрнөлөө. Бүхий л чиглэлийг хэлэлцэж олон улсын улс төрийн асуудлаар ч саналаа солилцлоо. Бид бүх асуудлаар харилцан ойлголцсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Хоёр талын хамтын ажиллагаа нь талуудад чухал болохыг ойлгож, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлаж, хүсэл эрмэлзлээ нотоллоо. Манай хоёр улс гадаад бодлогын чиглэлээр дэлхийн болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Байгаль орчин, эрчим хүч, тээврийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллана.
Бидний төвийг сахих бодлого, улс хоорондын харилцааг дэмжихэд чиглэсэн олон улсын санаачилгыг дэмжиж буйд талархаж байна.
Туркменистан нь Монгол Улсын дэлхийн тавцан дахь бүтээлч үүрэг оролцоог өндрөөр үнэлдэг.
Бидний хамтын ажиллагаа олон улсын эрх зүйн хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийг бэхжүүлэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, дэлхийн хэмжээнд тулгарч буй асуудалд ч хамтран ажиллана.
Азиас Европ руу чиглэсэн тээврийн коридор бий болгоход хоёр талын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх ирээдүйн боломжийг тэмдэглэв.
Их торгоны замыг сэргээх ач холбогдлыг ч онцлон тэмдэглэмээр байна.
Хэлэлцээний үеэр хоёр улс хоорондын тулгуур болох парламент хоорондын хамтын ажиллагааг нарийвчлан хэлэлцэв.
Хэлэлцээний үр дүнд гүнээ сэтгэл хангалуун байна. Хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад хийсэн анхны айлчлал маш амжилттай болж, түүхэнд чухал үйл явдал боллоо. Урт хугацаанд найрамдал эрх тэгш харилцан ашигтай харицлааг итгэл төгс тууштай хөгжүүлэх эрмэлзлээ харилцан баталлаа. Энх тайван, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе” гэлээ.
ЭХЛЭЛ: 10.09 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүрэлцэн ирсэн.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу түүнийг Сүхбаатарын талбай дээр, ёслол хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Цаашлаад дараах үйл ажиллагаа хуваарийн дагуу болох юм,
- Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Төрийн ордны “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурна
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар ганцаарчилсан уулзалт хийнэ
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийнэ
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ
- Монгол-Туркменистаны Бизнес форум болно
- Туркменистан-Монгол уран бүтээлчдийн хамтарсан Хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно
Энэ нь Туркменистан улсын хувьд манай улсад ерөнхийлөгчийн хэмжээнд хийж буй анхны айлчлал. Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Өнгөрөгч 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Туркменистан улсад айлчлахдаа Сердар Бердымухамедовыг урьсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene 2 DEER TAJIKIIN SOLOIT UNGELIIL TULAM PUTIN SQOGIIN MANGAR DAVARCHIN UUNAA NAR IRSEN BOL Super HAMTALAG BOLNO DOOOOOOÒ