Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын тарифын дараа Европын үйлдвэрлэл тогтворжсон ч Ази хэцүүхэн хэвээр байна

Тавдугаар сард Европын үйлдвэрлэл тогтворжиход чиглэсэн ахин нэг алхам хийсэн бол Азийн нөхцөл байдал хэцүүхэн хэвээр байна. БНХАУ-ын эрэлт сул хэвээр буйгаас гадна Бээжин, Вашингтоны хооронд өрнөж буй худалдааны дайны улмаас Азийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тогтворгүй байдал нь дайн хэзээ өндөрлөхийг таамаглахад хүндрэл үүсгэж, фирмүүд хэцүүхэн байдалд ороод байгаа.

Гэсэн хэдий ч Евро бүсийн үйлдвэрлэл тавдугаар сард тогтворжиход чиглэсэн дахин нэг алхам хийлээ. HCOB Евро бүсийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) дөрөвдүгээр сард 49.0 байснаа тавдугаар сард 49.4 болж нэмэгджээ. Гэхдээ тус индекс 50-аас дээш гарсан тохиолдолд л үйлдвэрлэлийн ажиллагаа тэлж байгааг илтгэдэг юм.

Францын PMI тавдугаар сард сүүлийн 28 сард үзэгдээгүй дээд үр дүн үзүүлж 49.8-д хүрч, тэлэх босгыг давахад маш ойртжээ. Гэвч Европын хамгийн том эдийн засаг болох Германы PMI сул буюу 48.3 үзүүлэлттэйгээр тус тивийн томоохон эдийн засгууд дундаас хамгийн тааруухан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай байв.

Харин Азид худалдаанаас хамааралтай эдийн засагтай Япон, БНСУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тавдугаар сард үргэлжлүүлэн ширгэжээ. Тус тивийн орнууд АНУ-тай хийх худалдааны хэлэлцээнд нь ахиц дэвшил гарахгүй байгаа. Үүнээс үүссэн тодорхойгүй байдал нь компаниудад үйлдвэрлэл, зардлаа нэмэхэд саад тотгор болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

“Dai-Ichi Life” судалгааны хүрээлэнгийн хөгжиж буй зах зээлийн судлаач Торү Нишихама хэлэхдээ “Азийн бүсэд өндөр тариф ногдуулсан тул үйлдвэрлэлийн үйл ажиллагаа удахгүй өснө гэж хүлээхэд хэцүүхэн байна” гэжээ.

Японы PMI тавдугаар сард 49.4 байсан нь дөрөвдүгээр сараас өссөн үзүүлэлт ч гэсэн 11 дэх сардаа 50-аас доош үзүүлэлт үзүүллээ. Харин БНСУ-ын PMI тавдугаар сард 47.7 байж, дөрөв дэх сардаа дараалж 50-аас доош байв. Энэтхэгийн үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн гурван сард үзэгдээгүй хэмжээгээр удааширчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button