Засгийн газраас тусдаа статустай парламент "суларч", хууль тогтоох ажлаа үл ойшоов

Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны 3-р сард нээлтээ хийж, энэ үеэрх хэлэлцэх гол хуулийн төслүүдийнхээ талд ч ороогүй байхад ийн хүч нь суларч буй дүр зураг ажиглагдав.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохоос өмнө яаралтайгаар оруулж ирсэн хуулийн төслүүдийг муухан ирцтэйгээр хэлэлцэн батлуулснаар бусдаар олон нийтийн хүлээлтэд нийцэх олигтой ганц хууль батлуулсангүй. Түүнчлэн олон нийтийн санал асуулгаар 100 мянган иргэний хүсэлтээр хэлэлцүүлэхээр болсон Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах өргөдлийг үр дүнд хүргэж чадалгүй “замхруулсан”.
Одоогийн парламент 126 гишүүнтэйгээр ажиллаж буй нь олон нийтийн төлөөх үүрэг оролцоог улам нэмэгдүүлэх шинэчлэл болохоос биш Засгийн газар болоод намын лоббигоор орж ирсэн хуулийн төслийг дэмжих кноп төдий биш.
Засгийн газар огцрох асуудал парламентад нөлөөгүй, үйл ажиллагаанд нь жин дарах ёсгүй атал байнгын хорооны хуралдаандаа бүрэн ирцээр суухгүй, хуулийн төслийн ганц заалт дээр маргаан үүсгэж, унагадаг байдлыг УИХ-ын дарга нь ч шүүмжиллээ. Д.Амарбаясгалан парламентийн гишүүдийн тархай бутархай байдлыг удаа дараа шүүмжлээд ч тусыг эс олсоор байна.
Байнгын хороодоор хэлэлцүүлэх 25 хууль, тогтоомжоос УИХ-ын чуулганаар ердөө хоёр л асуудлыг нь оруулж ирж байгаа нь УИХ-ын гишүүд хууль тогтоогчийн үүргээ гүйцэтгэх чадамж нь буурч буйн тод илрэл. Өөрсдийн "ашиг сонирхлын бус" хуулиудыг ийн гацааж, хойшлуулж байгаа нь парламентад олон нийтийн бус намын нөлөөлөл өндөр буйг илтгэж буй.
Хуульд,
“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө” хэмээн заасаг байдаг.
Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлыг нэг бүрчлэн сонсохгүй, холбогдох агуулгаар асуулт асуухгүй, танхим хоосон шахуу. Ердөө санал хураах үед л орж ирж сууж үзэгдэх болсон. Засгийн газрын үйл ажиллагаанаас тусдаа үүрэг чиглэлээр явдаг парламентийн хүчийг УИХ-ын гишүүд ийн улс төржилтийн гол талбар болгох эрхгүй билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХгишүүд үндсэн ажлаа хийхгүй хов жив хөөцөлдөөд хэрүүл хийгээд ухамсар суух болоогүй мэдлэг чадваргүй хүмүүс их орсон нь жагса�##�т сайн хийгээгүйгээс болсон гэмээр
Eр нь төр их суларчлаа даа. Бүгд нэг яасан ч яахав гэсэн шинжтэй болчихлоо