Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг сумдын нутагт хүрэн баавгай орж ирсэн тул иргэдийн сонор сэрэмжтэй байх анхааруулгыг энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Байгаль орчны газраас гаргасан.
Улмаар бид тухайн үед энэ талаар Хөвсгөл аймгийн байгаль орчны газраас тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.
-Баавгайг эрэн хайж байгаа. Эрэн хайх ажилд дрон мөн ашигласан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Хамгийн сүүлд баавгай нуур орчимд очсон гэх мэдээлэл байгаа. Гэхдээ нууранд живээгүй. Угаасаа живдэггүй амьтан. Бидний зүгээс баавгайг олбол хөөх маягаар суурьшлын бүсээс холдуулна уу гэхээс устгаж болохгүй. Сүүлийн үед Сибирийн түймэр болон идэш тэжээлийн хомсдолоос үүдэж баавгай суурьшлын бүс рүү орох тохиолдол нэмэгдэж байгаа. Гэхдээ яг бидний хайж байгаа баавгайны хувьд идэш тэжээлийн дутагдалд орсон шинжгүй биерхүү харагдаж байсан.
Тэгвэл баавгайг олсон эсэх талаар дахин тодруулахад, "Баавгайг нуурын шаварт гацсан байх магадлалтай тул сүүлийн гурван өдрийн турш дрон ашиглан хайлт хийсэн ч ямар нэгэн ул мөр, сэжүүр илрээгүй. Түүнчлэн тухайн нуур нь шавар ихтэй, хүн, мал, машин ойртоход хүндрэлтэй байршилтай тул амьтан удаан саатах нөхцөлгүй. Аймаг, сумдын удирдлагуудын зүгээс баавгайг нуурын бүсээс аль хэдийнэ гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн ойр орчмын айл өрхүүдэд мэдээлэл хүргүүлсэн. Иргэдийг сэрэмжтэй байж, сэжиг бүхий хөдөлгөөн, амьтны ул мөр илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг анхааруулан ажиллаж байгаа" гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.