Нэгхэн алхмын наана: Гурав, хоёр, нэг Монгол

“AVC Nations Cup” буюу Азийн волейболын холбооны “Эмэгтэйчүүдийн Үндэстний Цомын аварга” шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Ханой хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж тамирчид, дасгалжуулагчдаас бүрдсэн 20 хүнтэй баг оролцож буй.
Одоогоор манай шигшээ баг Филиппин, Казахстан, Шинэ Зеланд улсын багтай тоглож хожигдсон ч үлдсэн тоглолтуудад хожих боломж байсаар байна. Тухайлбал, хамгийн сүүлд хийсэн Шинэ Зеландын багийн эсрэг тоглолтод өөлөх зүйлгүй тоглов. Тэд гуравдугаар ээлжээс эхлэн хоёр сет дараалан хожил авч, шийдвэрлэх үе рүү хөтөлж чадсан. Бүгд маш нягт тоглож, довтолгоо, хаалт, хамгаалалт, холболтууд гээд тус тусын үүргээ ч сайн биелүүллээ. Энэ тоглолтод Г.Энхнаран, Г.Саруулгэрэл нар бүр онцгой байв. Спорт сонирхогчид, мэргэжлийн хүрээнийхэн ч онцлон тэмдэглэж байна.
Мэдээж багийн спорт учир дотоод уур амьсгал, нэгдсэн байдал, тоглогчдын жигд ур чадвар энэ түвшний өрсөлдөөнийг үзүүлэх том хүч болж буй. Ингээд харвал манай эмэгтэй шигшээ багт олон улсын тэмцээнүүдэд олон ч амжилт гаргах нөөц боломж байна. Багийн бүрэлдэхүүний нас залуужиж, дундаж өндөр ч нэмэгдсэн байгааг энд дурдах ёстой болов уу.
Тэд өнөөдөр орой 18 цаг 30 минутаас Индонез улсын багтай дөрөв дэх тоглолтоо хийнэ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар ялна. Амжилт хүсье