Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Байкальский Талисман” ОУ-ын наадамд шилдгээр шалгарлаа

Монгол улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын III наадамд “Морин хуур” жүжгээр оролцон “Серебреной Омуль” шагналыг хүртсэн байна.
2025 оны зургаадугаар сарын 01-10-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын III наадам зохион байгуулагдсан.
Манай улсаас СТА Т.Энэрэлийн зохиол, СТА Б.Даваасүрэнгийн найруулга “Морин хуур” жүжгээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид уг тэмцээнд оролцсон юм.
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжгийн хувь 2024 онд нээлтээ хийсэн бөгөөд 2025 оны тавдугаар сарын 24-нд зохион байгуулагдсан Гэгээн муза-18 олон улсын театрын наадмын хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан бүтээл юм.
Наадмыг зохион байгуулагчид, шүүгчид Монгол улсын хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжигт жүжгийн онцлох чанар, жүжигчдийн ур чадвар, үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдлыг үнэлэн олгодог “Серебреной Омуль” шагналыг олгожээ.
“Байкальский талисман” олон улсын наадам нь
“Байкальский талисман” олон улсын наадам нь ОХУ-ын Байгал нуур орчмын нутагт зохион байгуулагддаг театрын чиглэлийн олон улсын соёл урлагийн наадам юм. Энэхүү наадам нь 5–18 насны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан бөгөөд олон орны театрын хамтлагуудыг нэгтгэн, соёл, уран бүтээлийн харилцааг хөгжүүлэх зорилготой байна.
Гуравдах удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Армени зэрэг улсуудын төлөөлөл 20 гаруй театрын 400 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд ОХУ-ын Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит Хүүхэд, залуучуудын театр, Охлопковын нэрэмжит драмын театр, Загурскийн нэрэмжит хөгжмийн театр, Иркутскийн театрын коллеж, Иркутскийн драмын театрын тайзнаа тоглож 5000 гаруй үзэгчдэд толилуулсан аж.
Наадмын төрөл:
- Драмын жүжиг
- Хүүхдийн уран сайхны тоглолт
- Хөгжлийн театр
- Уран уншлага
- Дуу, бүжиг зэрэг холимог төрөл
Монголын театрын хүүхдийн хамтлагууд тус наадамд байнга оролцож, тэргүүн болон тусгай байр эзэлж байжээ. Монголын уран сайхны тоглолтууд, үлгэрийн жүжгүүд нь олон улсын шүүгчдийн талархлыг хүлээдэг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.