Г.Занданшатар: Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ.
Шууд дамжуулалт:
Саналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр уншиж, танилцууллаа.
Улмаар УИХ-ын гишүүн С.Зулпхар асуулт асуув. Тэрбээр, “Ерөнхий сайдаар томилогдоод нэн тэргүүнд ЗГ-ын бүтцийг өөрчлөх хүлээлттэй. Өнөөгийн цаг үетэй уялдсан байдлаар ЗГ-ын бүтцийг та хэрхэн харж байна. Харьцангуй цөөн яам, сайдтай байх уу. Үндэсний хороод дээр ямар байр суурьтай байна вэ. Мөн сайд нар дээр ямар шалгуурыг чухалчилж байгаа вэ. Хоёрт, төрийн албаны шинэчлэлийг дөрвөн үе шаттай хийсэн. Сүүлийн үе шатанд нь та өөрөө манлайлж ажилласан. Одоо дараагийн шинэчлэл, магадгүй шинэ хуулийн өөрчлөлт хийгдэх ёстой гэсэн байр сууриуд байна. Үүн дээр та төрийн албаны шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна уу?” хэмээн асуулаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, “Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ нь одоогийн улс төрийн болон нийгэм эдийн засгийн зорилт чиглэлтэй нийцэх ёстой. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд баталсан. Засаглалын реформ өөрөө ҮХНӨ болон уг хуультай уялдах учиртай. Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дээрх агуулгаар боловсруулж өргөн барина” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.