Нэг дороос | Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Өнөөдөр /2025.06.12/ Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэхийг төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэхүү үйл явцыг Eguur news агентлаг нэг дороос багцлан хүргэж байна.
НЭМЭЛТ: 2025.06.13 12.25 цаг
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.
Улмаар "Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураахад, 117 гишүүний 109 нь буюу 92.3 хувь нь дэмжсэн кноп дарлаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ундрам нар дэмжсэнээр тооцуулах санал хэлж, протоколд тэмдэглүүлэв. Санал хураалтын дүнгээр Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсонд тооцлоо.
НЭМЭЛТ: 22:15 цаг
-Ч.Анар: Г.Занданшатар Ерөнхий сайд болбол хяналт, бүтээмжийн менежерүүдийг халахгүй гэж ойлголоо-
Видео үзэх:
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөр “манай намаас томилсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг хуулна” гэсэн. Таны арьсыг хуулна гэж байна. Төрийг эв нэгдэлтэй байлгахын тулд л том байлгаж байгаа. Харин та төрийг цомхон байлгаж, реформ хийж чадах уу. Өнөөдрийн хариултдаа цомхон байлгах гэх агуулгыг олон дурдлаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Би цомхон гэхээс илүү зохистой, бүтээмжтэй, үр ашигтай төртэй байна гэж ярьж байгаа. Цомхон гэдэг нь богино хугацаанд таалагдаж, алга ташуулахын тулд юм бүхнийг цомхотгохоос илүү үр дүнтэй, зорилгоо биелүүлсэн байхыг зарчмаа болгоно.
УИХ-ын гишүүн Ч.Анар: Таныг цомхотгол, реформ хийж чадахгүй байна гэж ойлголоо.
НЭМЭЛТ: 20.50 цаг
-Л.Мөнхбаясгалан: Та Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ангид ажиллаж чадах уу-
Видеог үзэх:
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: "Таныг Хөдөө аж ахуйн дэд сайд байхаас эхлээд мэднэ. Сайн мэднэ. Таны мэдлэг чадвар Ерөнхий сайдад хүрэхгүй юм байхгүй. Гэхдээ таниас асуух асуулт байна. Эргэлзээ төрөөд байна. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан учраас энэ хүн Ерөнхий сайдад зүтгүүлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байхад ёс бусаар авирласан. Хардаж байгаа учраас асууж байна. Монгол төрд залгамж чанар гэж байх ёстой. ХЗДХЯ, тагнуул, цагдаатайгаа хамтраад "Ухаа худаг"-ийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Тэгээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоо бол УИХ-ын мэдлийн асуудал. Та ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн хоёр номыг уншсан уу. Уншаад юу бодсон бэ. Агаарын бохирдлын асуудлаар ганцхан компани 48.4 тэрбум төгрөгийн ашиг олсон байдаг юм. "Энержи Ресурс" ХХК бусад компаниудаас 2.5 дахин доогуур татвар төлдөг. 690 тэрбумыг буцаан тус компанид олгох ёстой гэдэг шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлж байсан. Энэ шударга явдал уу. Та өмнөх Засгийн газрын энэ асуудлыг үргэлжлүүлэх үү.
Та Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хэр ангид ажиллаж чадах вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг дохио зангаагаар, нэг аяар тоглож эхлэх юм бол энэ улсад сайн зүйлийг авч ирэхгүй.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: "Гүйцэтгэх засаглалын цар хүрээ, зааг ялгаа тодорхой заагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль бий. Би үе үеийн Ерөнхийлөгч нарыг мэднэ. Тэрний, энэний хүн гэдэг хардлага Засгийн газарт байж таарахгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тус тусын чиг үүрэг, эрх хэмжээтэй. Энэ эрх хэмжээгээр л хязгаарлагдаж ажиллах учиртай. Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд шууд оролцдоггүй. Харин үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Зөвшилцлийн талбар үүсгэдэг. Ерөнхий сайд хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг.
"Ухаа худаг"-ийн асуудалд зарчмын байр суурьтай. Хууль зөрчсөн бол хатуу хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг байгуулаад шалгасан бол түүнийг нь үргэлжлүүлэн ажиллана" гэлээ.
Л.Мөнхбаясгалан: "Ийм амаргүй үед нэг бол тэнэг, нэг бол зоригтой хүн Ерөнхий сайд хийнэ. Тэгэхээр Ерөнхийлөгч таныг бол гэсэн үү. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ таныг болооч гэсэн юм уу. Үгэнд ор эсвэл шоронд ор гэсэн үг бий шүү дээ" гэлээ.
НЭМЭЛТ: 20.35 цаг
-Г:Занданшатар: Ард иргэдийн нуруун дээрх хамгийн том татвар бол НӨАТ-
Видео үзэх:
Өнөөдөр 14.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 19.20 цагаас 20.00 цаг хүртэл завсарлаад дахин үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Цэргүүд албаа хааж яваад амь насаа алддаг, хотын төвд дэлбэрэлт болдог, сүүлдээ дипломат албанд хүн амины хэргийн асуудал үүслээ. Өмнөх Засгийн газрын боловсруулсан өргөн барихад бэлэн болсон Татварын даатгалын багц хууль, нийгмийн даатгалын хууль өргөн баригдвал та дэмжих үү. Стратегийн ордуудаасаа хувь эзэмших байдлаар уу, өсөн нэмэгдэх АМНАТ-өөр ашиг хүртэх гээд байна уу. Таны байр суурийг сонсоё" хэмээлээ.
Г.Занданшатар "Маш чухал асуудлууд хөндөж байна. Олон сангуудад хяналт тавих шаардлагатай юм билээ. Ард иргэдийн нуруун дээрх хамгийн том татвар бол НӨАТ. Дундаж давхрагаа дэмжсэн татварын бодлого явуулна. Хувь болон АМНАТ-өөр ашиг хүртэхээр тусгасан" хэмээлээ.
НЭМЭЛТ: 17.19 цаг
-Г.Занданшатар: "Онтрэ"-гийн асуудлаар эрт хөзрөө дэлгэхгүй. Хувь хүний хувьд тусдаа гэрээ байгуулах нь зөв гэж үздэг-

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нэр дэвшигчээс Оюу толгой төсөл болон "Онтрэ"-гийн лицензийн асуудлаар асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Нийт нөөцийн 32 хувь оршиж байгаа талбай дээр “Онтрэ” компанитай гэрээ хийх асуудал тулж ирээд байна. Та “Онтрэ” дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү? Мөн зээлийн хүүгийн асуудал байгаа. Өнөөдөр 11.1 хувийн хүүтэй. Энэ хүүг дахин авч хэлэлцэх эрх бидэнд бий. 2025.12.31-нээр дуусах юм. Энэ зургаан сарын хугацаанд амжиж ахиц гаргах шаардлагатай байгаа.
Нэр дэвшигч Г.Занданшатар: Засгийн газар “Рио Тинто” хоёр татварын маргаантай байсаар ирсэн. Би хамгийн анх татварын маргааныг эхлүүлсэн. Дубайн гэрээгээр акт тавихгүй гээд тас хориглочихсон байсан. Энэ дүнд зарим татвар төлөгдсөн. “Рио Тинто”-гийн төлье гэсэн нь гэм буруугүйн болзолтой, ойлголцох зорилготой төлбөр гэж үздэг. Тийм учраас Дубайн гэрээг хүчингүй болгох, татварын маргааныг үргэлжлүүлэх тогтоолыг баталж ажиллаж байсан. Их Британийн шүүхэд өгсөн, арбитрын шүүхээр орно гэх мэт асуудлууд байгаа. Харин гадаад дотоод ертөнц харж байгаа нөхцөлд “Онтрэ” дээр цээжний бангаар хариулахгүй. Хувь хүний хувьд тусдаа гэрээ хийсэн нь зөв гэж үздэг. Одоогоор хөзрөө дэлгээд байж болохгүй.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Яаралтай шийдээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас бидэнд гарч ирж байгаа боломж юм. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, баялгийн санг амилуулах тал дээр таны байр суурийг сонсъё.
Нэр дэвшигч Г.Занданшатар: ҮХНӨ-ийг оруулж байхад ард түмний санал дээр үндэслэж, Үндсэн хуулийн 6.2-т заалт оруулж өгснөөр Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын тулгуур багана болох сэдэв учир асар их анхаарч ажиллана.
НЭМЭЛТ: 15.04
Г.Занданшатар Ерөнхий сайд болбол ирэх долоо хоногт төсвийн тодотгол өргөн барина

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа төсвийн тодотгол хийх эсэх, УИХ-ын гишүүн Б.Бейсен эмч нарын цалингийн асуудлыг хөндөж асуув.
Г.Занданшатар хариулт өгөхдөө "Ирэх долоо хоногт төсвийн тодотгол өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Төсөв зайлшгүй тодотгох шаардлагатай болчихсон" хэмээлээ.
2025 оны нэгдсэн төсвиг хоёр хоёр удаа боловсруулан батлахдаа, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болсон гэсэн билээ. Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор төсвийн нийт урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан.
НЭМЭЛТ: 14.50 цаг
Үндэсний баялгийн санг үргэлжлүүлнэ гэж амлав

ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хувьд “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, тэр дундаа Ухаа худаг, Тавантолгой гэх мэт стратегийн ордуудын хэлцэл дээр та хэрхэн ажиллах вэ. Энэ сэдвийг хөндөх амаргүй гэдгийг өөрийн биеэр туулсан” гэж асуулаа.
Үүнд нэр дэвшигч Г.Занданшатар “Баялгийн сан бол ганцхан зориг биш бидний хүсэл мөрөөдөл. Иймд боломжит бүх хэлбэрээр энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэж хариуллаа.
НЭМЭЛТ: 14.20 цаг
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг Ерөнхийлөгч танилцуулж байна
Шууд дамжуулалт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувийн саналаар дэмжсэн.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс танилцуулав.
НЭМЭЛТ: 13.00 цаг
ТББХ: 84.2 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууслаа.
Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан.
Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Одоо УИХ-ын чуулган хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хэлэлцэнэ.
НЭМЭЛТ: 12.50 цаг
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах асуултыг тавилаа.
"Нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үнэлээд байгаа л даа. Ганцхан сөрөг хүчин үнэлээд байгаа юм биш. Зөвхөн хэвлэлийн эрх чөлөөн дээр гэхэд 2025 оноос хойш хоёр дахин ухарсан. Авлигын индекс 50-иад байраар ухарчихсан. Иргэдэд ээлтэй байна уу, дарга нарт ээлтэй байна уу гэхээр, төрийн албан хаагчдын 20 мянга орчим нь дарга сэтэртэй байна гэж байна. Та энэ дарга сэтэртэнгүүдийг цөөлөх үү. АН-ын үед 9-хөн сайдтай ажиллаж байсан. Гол реформуудыг маш амжилттай хийсэн. Та энэ төрийн албыг ингэж цомхотгох, төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил хийх үү. Та томилогдсон хойно ярина гэх юм. Та чинь болох гээд явж байна. Ийм учир алсын хараа гэдэг шиг бодол бий гэж бодож байна. Сонгуульт авторитар дэглэмтэй улсуудын жагсаалтад орсон энэ аюултай үзэгдлийг та юу гэж харж байна вэ".
Нэр дэвшигч Г.Занданшатар: "Нэг нам хэт давамгайлсан биш олон намын тогтолцоотой, жендерийн эрх тэгш байдлыг хангасан парламенттай байх Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Урагшлаад явж байгаа гэж ойлгож байгаа. Төрийн албыг цомхон бөгөөд чадварлаг болгох ёстой. Индекс яривал өгсөж уруудсан зүйл олон бий. Чөтгөр детальд нуугддаг учир детальд анхаарах ёстой. Төрийн өмчийн компаниудын тоог хоёр дахин бууруулна. Нээлттэй үр өгөөжтэй болгох чиглэлд өөрчлөлт хийнэ гэж бодож байгаа. Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг ЕС байхын тулд урьдчилж амлалт өгмөөргүй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа, "Улстөрийн байдал зөрчилтэй байна гэж та өөрөө хэллээ. Яг юунаас болоод хамтарсан Засгийн газар хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзэв. Өмнөх Засгийн газраас юугаараа өөр байж, эв нэгдлийг хэрхэн хангаж ажиллах вэ. Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ бусад намуудыг урьж оролцуулах байр суурьтай байгаа юу. Гэрээгээ зөрчсөн гэдэг томьёоллыг яагаад ч юм гаргаж ирээд АН-ыг гаргасан. Энэ гомдол одоо ч үргэлжилж байна. Бусад улстөрийн намуудтай хамтрах саналыг удирдлагуудад тавьсан уу" хэмээн асуулаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "УИХ-аар өдөржин шөнөжин хуралдаад шийдчихсэн. Би дүгнэх эрхгүй. ҮХЦ л дүгнэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалттай сайн ажилласан. Богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байгаа. УИХ-д суудалтай намуудтай ярилцаагүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг. УИХ-аар томилогдчихсон тохиолдолд ярих эрх надад үүснэ. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч нэгдэж ажиллана. Монгол Улсын эсрэг бол хэнтэй ч тэмцэнэ" хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах асуултыг тавилаа.
"Улс төр хагаралтай, эдийн засаг хямралтай энэ үед ЗГ-ын тэргүүнд горилогч бол үнэхээр эрх мэдэлд дуртай нэгэн байж болох. Эсвэл улстөрчийн хувьд ханцуй шамлан хүндрэл бэрхшээлийг даван туулъя гэж болох. Ийм хоёр заагт л сонголт хийх байх. Таныг бол ханцуй шамлаад үзье гэдэг тал дээр байгаа болов уу гэж бодож байгаа. Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна.
Таалагдахгүй байгаа нь, Ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгууль МАН-ын Бага хурал дээр болсон. Бага хурал хаалттай хуралдсан, гишүүдийнхээ гар утсыг хурааж авсан. Саналын хайрцгаа хөшигний ард задалж тоолсон. Энэ ардчилсан зарчимд нийцэх үү. Ер нь цаашид нэр дэвшигчийг шийдэхдээ ил тод зарчмаар хандах ёстой л доо. Та өөрөө үүнийг улстөрчийн хувьд юу гэж харж байна вэ?
Эргэлзэж байгаа нь, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа нэг зүйлийг хэлсэн. Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон, зөрчилдөөд байна гээд. Та ЕС болсноор энэ зөрчлийг шийдэх үү?
Итгэл төрөхгүй байгаа нь, би таныг юу руу яваад орж байгаа бол гэдэг дээр санаа зовж байгаа. ЗГ-ын кабинетын зарчим алдагдсан. ЗГ-аа огцруулахын төлөө ажилласан, урвалт шарвалт маш их байсан. Ийм итгэл үнэмшилгүй кабинет түүхэнд бүрдэж байгаагүй" гэлээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: ҮХНӨ-ийг хэрэгжүүлж, амилуулахын тулд дэвшлээ гэж бодож болно. Нөгөө талаас цагийн байдлыг ойлгож байгаа. Энэ үед нам төрийн нөхөд итгэл хүлээлгэж байхад ухрах эрхгүй. Үнэхээр байдал хүнд байгаа. Ийм учир мэдлэг боловсрол, ажлын туршлага таарч байна, яв зүтгэ гэсэн намын хамт олны чиглэлээс хойш суугаагүй. Бага хурлын байр суурийг бол би төлөөлж илэрхийлэх эрхгүй.
Эргэлзээтэй гэсэн асуудлыг тайлбарлах боломжгүй. Төр зөрчлийн субъект нь би биш учраас. Гадаад ертөнц хүйтэрч байхад дотооддоо дулаан байх ёстой. Том эрх ашгийг бодож ажиллах ёстой. Парламентын ардчиллаа төгөлдөржүүлэх ёстой. Засгийн газрын хараат бус байдлыг хангах ёстой. Энэ үүднээс нэр дэвшиж байгаа. Чингис хааны үеэс эвдрэхдээ хуваах хүрд, эвлэрэхдээ үржүүлэхийн хүрд байж ирсэн. Одоо үржүүлмээр байна. Кабинетын зарчим алдагдаж байсан тохиолдол олон бий. Үүнээс хүнд цаг үеийг давж байсан удаатай. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна. Арагш биш урагш харж, эвийг эрхэмлэж ажиллана. Элдэв нарийн тоо хэлж ард түмэнд шок, хүлээлт үүсгэмээргүй байна. Хамтарч ажиллахад бэлэн байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар асуулт асуув. Тэрбээр, “Ерөнхий сайдаар томилогдоод нэн тэргүүнд ЗГ-ын бүтцийг өөрчлөх хүлээлттэй. Өнөөгийн цаг үетэй уялдсан байдлаар ЗГ-ын бүтцийг та хэрхэн харж байна. Харьцангуй цөөн яам, сайдтай байх уу. Үндэсний хороод дээр ямар байр суурьтай байна вэ. Мөн сайд нар дээр ямар шалгуурыг чухалчилж байгаа вэ. Хоёрт, төрийн албаны шинэчлэлийг дөрвөн үе шаттай хийсэн. Сүүлийн үе шатанд нь та өөрөө манлайлж ажилласан. Одоо дараагийн шинэчлэл, магадгүй шинэ хуулийн өөрчлөлт хийгдэх ёстой гэсэн байр сууриуд байна. Үүн дээр та төрийн албаны шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна уу?” хэмээн асуулаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, “Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ нь одоогийн улс төрийн болон нийгэм эдийн засгийн зорилт чиглэлтэй нийцэх ёстой. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд баталсан. Засаглалын реформ өөрөө ҮХНӨ болон уг хуультай уялдах учиртай. Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дээрх агуулгаар боловсруулж өргөн барина” гэлээ.
ЭХЛЭЛ: Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэллээ
Төрийн ордноос О.Соёлмаа, Б.Эрдэнэбаяр
Редакцаас П.Урнаа, М.Тэнгис
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женкогийн зарсан төгрөг нуурын орд нь илрэх гээд суганы үс нь боож үхлээ хахаха аягүй бол хувь хүртсэн л байгаа энэ авгай
Нэр дэвшигчийн хариултуудыг сонсохоор улс орны , ард нийтийн ажил амьдр�##� сайжрах юм бна гэсэн итгэл төрөхгүй байна ,Хэн нэгний , хэсэг бүлэг хүмүүсийн хугацаа хожих , идэж уух тоглоом ч юм шиг...
Занданшатар нь ямар ч хачин хачин хариулт өгдөг юм. Маниус хоорондоо буу ха лж байгаа мэт л байх юм