Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоо АНУ-гүйгээр ОХУ-ын газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг багасгахад бэлэн байна

Их долоогийн орнуудын ихэнх нь ОХУ-ын газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжихгүй байсан ч бууруулахад бэлэн байна гэж дөрвөн эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ.

Тус холбооны орнуудын удирдагчид ням гарагаа /2025.06.15/ мягмар гарагийн /2025.06.17/ хооронд Канад улсад уулзана. Уулзалтаар хэлэлцэх зүйлсийн нэг нь 2022 оны сүүлээр тохирсон газрын тосны үнийн дээд хязгаарын асуудал юм.

Тухайн үед тавьсан хязгаарлалт нь ОХУ-ын газрын тосыг гуравдагч орнуудад барууны даатгалын үйлчилгээ ашиглан зарахыг зөвшөөрдөг. Гэхдээ ч баррель нь 60 ам.доллароос хэтрэх ёсгүй гэсэн нөхцөлтэй. Дэлхийн газрын тосны үнэ буурсны дараа Европын Холбоо болон Их Британи энэ үнийг хэт өндөр хэмээн үзэж байгаа юм. Ийм учир сүүлийн хэдэн долоо хоногт үнийн дээд хязгаарыг бууруулахыг эрчимтэй дэмжих болжээ. ОХУ-ын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосноороо  Кремлийн орлогыг танах зорилготой.

Нэрээ нууцалсан эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлэхдээ Европын холбо болон Их Британи бусдаасаа түрүүлж үнийн дээд хязгаарыг бууруулах шийдвэр гаргахад бэлэн гэжээ. Европ дахь бусад Их долоогийн орнууд болон Канад үүнийг нь дэмжиж буй.

Харин АНУ-ын байр суурь одоогоор тодорхойгүй байгаа юм. Европын орнууд энэ ням гарагт эхлэх хурал дээр нэгдсэн шийдэл гаргахын төлөө хичээж буй. Японы байр суурь ч мөн тодорхой бус хэвээр байна гэж эх сурвалж хэлсэн байна..

Нэгэн эх сурвалж “Европын орнууд газрын тосны үнийн дээд хязгаарыг 60 ам.доллароос 45 болгон бууруулах саналтай байна. Канад, Британи үүнийг дэмжиж байгаа. Япон ч эерэг байр суурь илэрхийлсэн. Их долоогийн хурлыг ашиглан холбоотнууд АНУ-ыг энэхүү шийдвэртээ нэгтгэхийг оролдоно” гэж хэлжээ. Газрын тосны үнэд хязгаар тавихыг Трамп дэмжиж байгаа эсэхийг асуухад Цагаан ордны нэгэн албан тушаалтан “Ерөнхийлөгч эдийн засаг, геополитикийн гол асуудлуудын талаар идэвхтэй хэлэлцэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж хариулжээ.

Өнгөрсөн сард Канадад болсон Их долоогийн сангийн сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хязгаарыг бууруулах хэрэгцээ байгаа эсэхэд итгэлгүй хэвээр байгаа гэж хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Бусад гишүүн орны сайд нар ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг чангатгаж болно хэмээсэн юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, зургийн эх сурвалж:Advocate

Гэсэн хэдий ч АНУ-ын зарим сенаторууд газрын тосны үнийн дээд хязгаарыг бууруулахыг дэмжиж байгаа юм. Тэдний дунд Бүгд найрамдах намын хууль тогтоогч Линдси Грэм бий. Тэрбээр мөн ОХУ-аас газрын тос худалдан авдаг орнуудад өндөр тариф ногдуулах зэрэг шинэ хориг арга хэмжээ авахыг дэмжиж байгаа.

Европын Холбоо ОХУ-д тавьж буй 18 дахь багц хоригийнхоо хүрээнд газрын тосны үнийн дээд хязгаарыг 45 ам.доллар болгохыг санал болгосон. Гэвч энэ саналыг батлахын тулд бүх гишүүн улсын зөвшөөрөл хэрэгтэй учир хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй.

ОХУ-ын хамгийн их экспортлодог газрын тос болох Урал маркийн тос нь Брентээс бараг 10 ам.доллароор хямд зарагдаж буй. Брентийн үнэ дөрөвдүгээр сар гарснаас хойш хойш 70 ам.доллароос хэтрэхгүй байгаа юм.

2025 оны эхний улиралд газрын тос, байгалийн хийн борлуулалт буурснаас болж ОХУ-ын холбооны засгийн газрын төсөвт төвлөрсөн орлого арван хувиар буурчээ. Хөрөнгө оруулалтын банкир Евгений Коган хэлэхдээ газрын тосны үнэ нэг ам.доллароор буурвал ОХУ-ын төсвийн орлого 160 тэрбум рубль буюу 1.9 тэрбум ам.доллароор буурдаг гэсэн байна.

Эх сурвалжуудын хэлэхдээ Британи дэлхийн далайн хөлөг онгоцны даатгалын зах зээлд ноёрхдогоос гадна ЕХ барууны дүрэм журмыг дагаж мөрддөг тээвэрлэгч хөлгийн салбарт нөлөөтэй тул АНУ заавал оролцох шаардлагагүй аж. Аливаа каргоны онгоцнууд далайн тээвэр хийхийн тулд даатгуулах ёстой байдаг.

Гэвч газрын тосны төлбөрийг ам.доллароор хийдэг тул АНУ-ын банкны тогтолцооны нөлөө үлэмж хэвээр байгаа юм. Европын холбоо болон бусад орнууд Оросын “сүүдрийн флот” гэгддэг хязгаарлалт зөрчиж газрын тос зөөдөг хөлгүүдийг чиглэсэн арга хэмжээ авах болсон. Энэ нь ОХУ--ын орлогод сөргөөр нөлөөлж эхэлжээ.ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компанийн ашиг өнгөрсөн жил 14.4 хувиар буурсан байна.

Трамп Цагаан ордонд эргэн ирсний дараа барууны холбоотнууд Вашингтоныг хүлээлгүй Украины асуудал дээр арга хэмжээ авах болсон. Европын холбоо, Их Британи Вашингтоныг хүлээлгүйгээр ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьж буйгаа тавдугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьснаас нэг өдрийн дараа шинэ хоригийг барууны орнууд танилцуулсан байдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bbхррр
Bbхррр
6 сар 15, 2025 17:09

Иран, израйлийн дайн эхэлчээд арабын орнууд татагдан орох төлөвтэй бхад юун буурах ЗЗ-ийн жамаараа өснө. Өсөөд эхэлсэн. Юун хэдэн хоногийн өмнөх мэдээ вэ

Холбоотой мэдээ

Back to top button