Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Малын эмч нарын нэг өдрийг сурвалжиллаа: Тэд хүн төрөлхтнийг эмчилдэг

Сурвалжилгад явах өглөө боллоо. Энэ удаагийн сурвалжилга хэд хэдэн онцлогтой. Юуны түрүүнд зураглаачгүй, ганцаар, хэрэглэхэд хялбар жижиг видео камертай явах байлаа. Цаашлаад, сурвалжилгын ач холбогдол илүү онцгой. Монголд ховордоод буй мэргэжилтнүүдийн нэг хэмээн нэрлэгддэг малын их эмч, тэдний шинэ залгамж халаа болсон шинэхэн төгсөгчид нь мэргэжлээ ахиулах дадлагадаа хэрхэн ажиллаж байгааг ийнхүү сурвалжиллаа.

Сурвалжилгын нэг нэг хэсэг болсон шинэхэн малын эмч нар “Монгол ВИ И ТИ Нет” гэх төрийн бус байгууллагын "Дадлагажигч малын эмч хөтөлбөр"-т таван сарын дадлагын хөтөлбөрт хамрагдах юм. Энэхүү хөтөлбөр нь мал амьтны эмчилгээний чиглэлээр төгссөн залуусыг орон нутгийн болон эмнэлэгийн бодит орчинд ажиллуулж, тэдний мэдлэг чадварыг гүнзгийрүүлэх зорилготой юм. Тэд энэхүү хөтөлбөрт өөрсдийн хүслээр, өргөдөл анкетаа өгч, ярилцлага өгөн хамрагддаг ба хамрагдсан төгсөгчдөд “Монгол ВИ И ТИ Нет” төрийн бус байгууллага зөвхөн техник хэрэгсэл, замын зардлыг нь даан, цалингийн доод хэмжээгээр тэтгэлэг олгодог байна. Бас дээр нь, туршлагатай малын эмч нарыг багшлуулж, онол практикийг хослуулсан сургалтыг зохион байгуулдаг. Энэ бол монголын хөдөө аж ахуйн тулгуур болсон салбарт хүний нөөц, мэдлэг чадварыг дэмжих үнэтэй алхам болж буй. Малын эмчийн ажил бол зүгээр нэг тариа хийхээс цаашгүй зүйл биш. Энэ бол нийгмийн эрүүл мэнд, малын халдварт өвчнөөс сэргийлэх үндэс, цаашлаад экспортын боломжийг тэлэх гарц хэмээн хэлж болно.

Бидний цуглаж, хамтдаа замд гарах газар бол "Монгол ВИ И ТИ Нет" ТББ-ын төв оффис байлаа. Намайг очиход, шинэхэн эмч нар аль хэдийнэ ирчихсэн байлаа. Өөрийгөө танилцуулж, сурвалжилгын туршид хамт байна гэдгээ хэлэхэд бүгд жаахан ичивч, нээлттэй, дулаахан угтсан нь анхны уулзалтыг дотно болгосон юм. “Залуучууд нь машин руу ачаарай” гэх дадлагын багшийн үг дуусмагц л бүгд хөнгөн шалмаг хөдөлж, төхөөрөмж, хайрцаг, хэрэгслийн савуудаа өргөн машиндаа ачна. Ингээд бид Өлзийт хороололд байрлах том амьтны эмнэлэгийн зүг хөдөлсөн юм. Замын турш дадлагын багш өнөөдрийн хийх ажлын талаар ярилцаж, асуулт асуусаар. Машин доторх уур амьсгал үнэхээр эерэг, инээд хөөр тасарсангүй. Бид очих газартаа ирлээ. Тус газарт морьны зүчээ, эмчилгээний зориулалттай байшин, бусад хэрэгсэл бүхий зүйлс байдаг байна. Эдгээр дадлагажигчид долоо хоногт 2-3 удаа энэ хашаанд ирж ажилладаг бөгөөд яг л гэртээ ирсэн юм шиг тухтай санагддаг бололтой. Тэд хаана, юу байгааг заав. Тус бүртээ өдрийн хоолоо бэлдэн авчирсан нь тэдний дадлагыг зөвхөн ажил бус, амьдралын нэг хэсэг болгож буйг илтгэх мэт. Байшингийн дотор тэдэнд хэрэгтэй бүх зүйл байв. Тэд намайг уриалгахан хүлээж авсан шигээ, авчирсан хоолоороо дайлав. Цайны цаг дуусмагц бүгд хувцсаа сольж, өнөөдрийн ажилдаа гарахад бэлэн боллоо.

Дадлагаа эхлэхээс өмнө адуунд шингэн залгахыг том амьтаны их эмч нар дадлагажигч эмч нартаа заах байлаа. Хашаанд хоёр морь байсан ба нэгэнд нь шингэн залгах юм. Өвчтэй малыг эмчлэх аргыг сурахдаа эхлээд эрүүл мал дээр анхан шатны үзлэгийг хийдэг хэмээн дадлагажигч Э.Очирсүрэн тайлбарлалаа.

Зүчээнд морийг оруулан дадлагын багш ажилбарт бэлтгэж, дадлагажигч нарт нарийн зааварлаж эхлэв. Асуулт асууж, тухайн нөхцөл байдлыг олон талаас нь тайлбарлан, хүндрэл гарвал яах ёстойг нэг бүрчлэн хэлж өгнө. Дадлагажигч эмч нар үнэхээр идэвхтэй оролцож байв. Алдах вий, буруу хэлэх вий гэхээс илүү мэдэхгүй зүйлээ асууж, асууснаа энгийнээр тайлбарлуулж ойлгож буй нь ажиглагдлаа.

Адуунд шингэн нөхөх эмчилгээ гэж юу вэ?

Адуунд шингэн нөхөх буюу шингэн сэлбэх эмчилгээ нь биеийн алдагдсан ус, электролит буюу эрдэс бодисийг нөхөх зорилготой мал эмнэлгийн эмчилгээний арга юм. Ялангуяа халуун улиралд, хөлс ихээр алдсан, уралдааны бэлтгэлд хамрагдсан, эсвэл өвчтэй, туйлдсан морьдын хувьд шингэн тэнцвэр алдагдах нь түгээмэл тохиолдол.

Шалтгаан:

  • Хэт халалт, хөлсөөр их хэмжээний шингэн, натри, калийг алдах Хоолны дуршил буурах, ус уухгүй удах
  • Гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг
  • Тээвэрлэлт, хэт ачаалал
  • Халдвар, үрэвсэлт өвчний үед

Шингэн нөхөх аргууд:

1.Судсаар шингэн хийх- Энэ нь хамгийн үр дүнтэй арга бөгөөд мэргэжлийн малын эмчийн хяналтан дор хийгддэг. Шингэний найрлага нь тухайн адууны биеийн байдлаас шалтгаалж, натри, калийн агууламж бүхий изотоник уусмал байж болно.

2.Хамрын зондоор хоолойгоор оруулах- Адуу өөрөө уухгүй тохиолдолд уусмалыг хамрын зондоор ходоод руу оруулах аргыг хэрэглэдэг. Энэ нь бага зэрэг төвөгтэй боловч туршлагатай мэргэжилтэн хийхэд үр дүнтэй.

3.Амнаас ууж хэрэглэх- Хөнгөн үед, ялангуяа бэлтгэлд гарч буй, эсвэл удаан замд яваагүй адуунд электролитийн уусмал эсвэл бага хэмжээний давстай ус өгөх замаар шингэн нөхөж болдог.

Ямар үед шингэн нөхөх шаардлагатай вэ?

  • Арьс нь буцаад хэвэндээ орж удаж байвал (арьсны уян чанар буурах) Нүд хонхойх, хамар хуурайших Булчин сулрах, зогсохдоо тогтворгүй болох Шээсний хэмжээ багасах, өнгө хэт бараан болох Хоолны дуршилгүй болох, ядаргаа

Шингэн нөхөх эмчилгээний ач холбогдол:

  • Туйлдсан адууны сэхээн амьдруулах суурь арга
  • Цусны эргэлт сайжирч, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа сэргэнэ
  • Наадам, уралдаанд оролцох адуунд эрсдэл бууруулна
  • Эмнэл зүйн шинж тэмдэг хурдан арилна
  • Түргэн сэргэхэд дэмжлэг үзүүлнэ

Шингэн олгох ажил дууссаны бид байшиндаа орлоо. Дадлагажигч малын эмч нарын хийх дараагийн ажил бол малын эмч нарийн хийдэг хамгийн энгийн хоёр төрлийн шинжилгээ юм. Малын баасанд өндөг хөвүүлэх шинжилгээ болон өндөг тоолох шинжилгээ юм. Тэднийг шинжилгээндээ бэлдэн багаж, техник хэрэгслээ бэлтэнэ. Энэ зуур тэднийг ахлан яваа малын их эмч Т.Пүрэвсүрэнтэй ярилцах боломж олдон бид яриагаа эхлэв.

-Яагаад малын эмч болсон тухайгаа хуваалцаач.

-Би анх 2013 онд мал эмнэлгийн сургуульд элсэн орсон. Анх хүний их эмч болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ мэргэжил сонгохоос ч өмнө гэр бүлийн хүмүүс буюу аав, ээж хоёр анх малын эмч болох талаар санал болгосон. Манай ээж өөрөө малын эмч мэргэжилтэй. Тийм ч учраас энэ мэргэжлийн давуу талуудыг бодитоор харуулж бас тайлбарлаж, хэлж өгдөг байсан. Гэр бүлийн хүмүүс урт хугацаанд санал болгосон нь анхаарал татаж, малын эмч болохоор шийдэж байсан. Тэр үеэс хойш долоо гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл болон давуу тал нь юу вэ?

-Хамгийн сайхан зүйл нь гэвэл эмчилж буй амьтан эдгэрэх, хүндрэлтэй төрөлт дээр ажиллаа гэхэд бодоход эх, үр хоёрын амийг аврах ч юм уу амжилттай болсон эмчилгээнүүд байдаг. Мөн үйлчлүүлэгчдийн сайхан сэтгэгдэл, урмын үг цаашлаад сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй "Залуу малын эмч" хөтөлбөрийн багшаар ажиллан өөрийн сурсан зүйлээ олон төгсөгчдөд заах нь мэргэжилээрээ бахархах, хайрлах мэдрэмжийг өгдөг.

-Малын эмч мэргэжлийн ажиллах хүч нь хэр байгаа бол?

-Мал эмнэлгийн салбарын онцлог нь төлхүү орон нутагт ажиллах байдаг. Энэ нь нэг талаасаа хэцүү. Говийн аймгууд гэхэд алслагдмал айлууд ихтэй, хангайн аймгуудын явах зам нь бартаатай гэх зэрэг хүндрэлтэй байдаг. Миний хувьд хөдөө орон нутагт ажилладаг эмч нараар их бахархдаг. Сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбартаа ажиллаж байгаа, хувийн аж ахуй нэгжээ нээгээд салбараа өргөжүүлж буй хүмүүс цөөхөн байгаа санагдсан. Гэхдээ мэдээж төгсөгчид бол нэмэгдэж байна. 100 байсан бол 200 гэх зэргээр тоо бол өссөн.

-Энэ мэргэжлийг сонирхож буй хүүхэд, залуучууд бас бий шүү дээ. Тийм учраас бас нэг чухал зүйл болох зах зээлийн талаас нь харвал хэр өгөөжтэй бол?

-Ямар ур чадвартай эмч гэдгээсээ шалтгаалж болно. Нэг үеэ бодвол төлбөрөө төлөөд нэмэлт хэрэгцээтэй үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Ахуйн нөхцөлд мөнгө хэмнэх гэж дур мэдэн эмчлэх бус мал эмнэлэгт хандаж хэрэгтэй зүйлсээрээ үйлчилгээ авдаг болсон. Манай монгол улсын хувьд малын тоо толгой өндөртэй улс. Зах зээл дагаад л хөгжиж байгаа. Жижиг амьтны эмчилгээ, үйлчилгээний зах зээл өмнөх үеэс дээрдсэн гэж бодож байна.

-Өөрийн тань арга барил ч юм уу эмчилгээний явцад чухалчилж үздэг зүйл юу вэ?

-Анх ажиллаж эхэлсэн цагаас хойш багш, ах эгч нар минь захиж хэлдэг нэг зүйл байсан. Тэр бол үзлэгийг дутуу хийж болохгүй. Бүрэн гүйцэд үзлэгээ хийж байж тухайн амьтны эцсийн онош тогтдог. Ерөнхий шинжээр хэзээ ч дүгнэлт гаргаж болохгүй. Тийм учраас үзлэгийг маш нухацтай нарийн хийх гэж хичээдэг.

Шинжилгээний тухайд

Дадлагын хүрээнд малын эмчийн өдөр тутмын ажилд өргөн хэрэглэгддэг хамгийн түгээмэл хоёр төрлийн шинжилгээг дадлагажигч нар хийж сурах юм. Үүнд:

1. Өндөг хөвүүлэх шинжилгээ: Энэ шинжилгээгээр малын баасанд байх шимэгч хорхойн өндгийг илрүүлэх боломжтой. Хөнгөн жинтэй өндөг нь тусгай уусмалд хөвж, микроскопоор харагддаг.

2. Өндөг тоолох шинжилгээ: Энэ нь малын халдварын түвшинг (өндгийн тоо/грамм баас) тодорхойлох зорилготой тоон шинжилгээ юм. Энэ аргаар эмчилгээний өмнө ба дараах үр дүнг хянах боломжтой. Эдгээр шинжилгээ нь малын дотоод шимэгчийн халдварыг оношлох, түвшинг тодорхойлох, цаашдын эмчилгээ, хяналтын төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэгтэй.

Ийнхүү шинжилгээний ажлын үеэр бид дадлагажигч оюутнуудтай товч танилцаж, тэдний малын эмч мэргэжлийнхээ талаар хэрхэн бодож, ойлгодог талаар сонирхон ярилцлаа. Тэдний зарим нь багаасаа л мал, амьтанд хайртай байсан учраас энэ мэргэжлийг сонгосон гэдгээ дурдсан бол зарим нь хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлдэг айлд өссөн тул өвчтэй малыг эмчилж, амь насыг нь авардаг энэ хариуцлагатай ажлыг сонгохоор шийдсэн тухайгаа ярьж байв. Мөн хөтөлбөрийн явц, зохион байгуулалт, дадлагын орчин, зааварлагч багш нарт талархалтай байгаагаа илэрхийлж, “Бодитоор шинжилгээ хийж, үр дүнг нь харах боломж олдож байгаа нь бидэнд маш том туршлага болж байна” хэмээн ярьж байлаа. Цаашдын зорилгын тухайд оюутнуудын ихэнх нь аймаг, сумдын мал эмнэлгийн тасгуудад ажиллаж, нутаг орондоо хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.

У.Даваажав: Би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрж өссөн. Цаашдаа мэргэжлээрээ нутагтаа ажиллана гэж бодож байгаа.

-Би өнөөдөр анх удаа Өлзийт хороололд байрлах энэхүү том амьтны эмнэлэг дээр ирсэн. Ерөнхийдөө онолоор үзсэн зүйлсээ практикаар гардаж хийж үзэж байна. Өөрийн биеэр онолоо бодит болгож байгаа учраас сэтгэгдэл маш өндөр байна. Би өөрөө Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрж өссөн. Цаашдаа мэргэжлээрээ нутагтаа ажиллана гэж бодож байгаа.

Малын эмч Ш.Шаравдорж: Малчдын боловсролд өөрсдийн зүгээс чадах чинээгээрээ туслалцаа үзүүлэхийг зорьдог

-Малын эмчээр хэр удаан ажиллаж байна вэ?

-Би 2024 онд малын эмч мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа "Монгол ВИ И ТИ нет" байгууллагын дадлагажигч малын эмч хөтөлбөрт хамрагдаж, үргэлжлүүлээд тус байгууллагадаа ажилд орсон. Ажилд орсон цагаасаа эхлээд "Энэрэх" жижиг амьтны эмнэлэгт ажиллаж байгаад саяхнаас энэхүү хөтөлбөрийн багш болоод ажиллаж байна.

-Өөрөө хөтөлбөрт хамрагдаж дадлагажигч байсан юм байна шүү дээ. Одоо харин багшилж байгаа нь ямар санагдаж байна?

-Өөрийн сурч, мэдсэн зүйлүүдээ шинэ төгсөгчиддөө зааж, өөрөө ч бас том амьтаны эмчилгээ тал дээр суралцаж байна. Заахын тулд би илүү их судалж, нэмж сурах шаардлага гардаг. Тийм учраас өөрийн мэдлэг дээрээ нэмэлт бүх онол, практикийн аргыг дэлгэрүүлэн харж ажиллаж байна.

-Өөрийн мэргэжлийн онцлогийг юу гэж хардаг вэ?

-Анх суралцаж байхдаа төдийлөн дуртай байгаагүй. Гэвч сурах тусам мэргэжлээрээ бахархах мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл бид хөдөө орон нутгаар явж малчдын сургалт зохион байгуулдаг. Тэр үед хөдөө байгаа малчдад бидний зааж, хэлж өгч буй зөвлөгөө, эмчилгээ ямар их хэрэгтэй байгааг хараад маш сайхан санагдсан. Зөвхөн малаа эмчлээд орхих биш давхар малчдадаа боловсролын тал дээр хөрөнгө оруулалт хийж аль болох олон зүйлийг зааж, мэдээлэл хүргэхийг зорих нь чухал юм байна гэдгийг ойлгосон байгаа.

-Малчдын сургалтын талаар мэдээлэл өгөөч. Хэр хэмжээний аймаг, сумдад зохион байгуулдаг бол?

-Малчдын сургалтыг 5-6 аймаг сонгон авч хийдэг. Малчдад наад захын ойлголт, хэрэгжүүлэх техникийг заадаг. Мөн шинэ мэдээ, мэдээлэл, түгээмэл тохиолддог асуудлыг хэрхэн өөрсдөө шийдэх гэх мэт өргөн цар хүрээгээр сургалтаа зохион байгуулдаг. Жишээ нь, малчид өөрсдийн таамгаар эмийн зохисгүй хэрэглээг бий болгож түүнээс үүдэж илүү их хохирол учрах тохиолдол элбэг байдаг. Эсвэл 3-5 өдөр өгөх ёстой антибиотик эмчилгээг нэг тариа аваад гэрийн нөхцөлд, ариун цэвэр болон эмнэлэг талаас нь авч үзэлгүй тариад үлдээчихдэг. Энэ нь малчдын мэдлэг дутмагаас ерөнхийдөө үүсдэг нөхцөл юм. Дур мэдэн эмчилгээ хийсэн мал, амьтан нь мэдээж эдгэхгүй. Харин эдгэхгүй байх үед нь шууд бойнд өгчихдөг. Ингээд тухайн малын мах нь иргэдийн хүнсэнд ашиглагдаад антибиотикийн харшил ч юм уу антибиотиктой хамаарал бүхий сөрөг үр дагавруудыг авчирдаг. Энэ бол олон дамжлагаар явдаг маш чухал асуудал шүү дээ. Тийм учраас малчдын боловсролд өөрсдийн зүгээс чадах чинээгээрээ туслалцаа үзүүлэхийг зорьдог.

Э.Очирсүрэн: "Хүний эмч бол хүний эмч. Харин малын эмч бол хүн төрөлхтний эмч" гэх үгийг бодож мэргэжлээрээ маш их бахархдаг.

-Мэргэжлээ анх хэрхэн сонгож байсан бэ?

-Дундговь аймгийн Хулд сумын харьяат. Малчин айлын хүүхэд учраас энэ мэргэжил надад ойр санагдаад гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад мэргэжлээ сонгож байсан.

-Дадлагажигч малын эмчийн сургалт хэр өгөөжтэй байгаа санагдаж байна вэ?

-Сургуулиа төгсөөд шууд энэ хөтөлбөрт хамрагдаад явж байна. Хөтөлбөр эхлээд 14 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд даваа болон баасан гаригт том амьтны эмнэлэгтээ ирээд харин бусад гурван өдөртөө жижиг амьтны эмнэлэг дээр хичээлээ үзээд явж байна. Энэ сургалтын давуу тал нь монгол багш нараас гадна олон гадаад багш нар хичээл заадаг нь юм. Хэлний түвшнээ сайжруулах нэг хэлбэр болж байгаа. Мөн үзсэн онолоо үргэлжлүүлэн практик дээр өөрсдөө гардаж хийдэг. Оюутан үе шигээ сураад л байхгүй давхар ажиллаж, орлоготой байгаа нь маш таатай санагдаж байгаа.

-Мэргэжлийнхээ онцлогийг юу гэж хардаг вэ?

-Манай мэргэжлийн хамгийн том онцлог нь бол Монгол Улсынхаа 21 аймаг 365 сумдад алинд нь ч ажиллах боломжтой. "Хүний эмч бол хүний эмч. Харин малын эмч бол хүн төрөлхтний эмч" гэдэг үг байдаг. Зөвхөн мал гэхгүй дэлхий дээр орших бүхий л амьтныг эмчилж, эрүүл болгодог маш сайхан мэргэжил.

Малын их эмч Б.Энхжаргал: Би удам дагасан малын эмч

Би Төв аймгийн Заамар сумын харьяа Төмстэй багийг хариуцсан малын их эмч. Ажил дээр гараад гурван жил болсон байна. Өөрийн хүслээр мэргэжлээ илүү дээшлүүлэх зорилготой энэ хөтөлбөрт хамрагдаад явж байна. Би удам дагасан малын эмч. Аав, ээж хоёулаа малын эмч нар учраас энэ мэргэжлийг сонгосон гэхэд болно. Би мэргэжилдээ тун их хайртай. Маш их бахархаж явдаг. Одоо сурч буй залуу боловсон хүчиндээ зөвлөж хэлэхэд, хамгийн гол нь шантралгүй сурч төгсөөрэй. Манай мэргэжилд боломж маш их байгаа шүү гэж хэлмээр байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ингээд бидний дадлагын нэг өдөр өндөрлөлөө. Сэтгүүлч миний хувьд энэ өдөр бол шинэ орчинд, өөр мэргэжилтэй илүү ойр танилцсан сонирхолтой өдөр байв. Малын эмч гэхээр олон хүнд зүгээр л амьтны өвчин эмчилдэг, хөдөө дандаа явдаг энгийн ажил мэт санагддаг байж болох ч үнэндээ энэ бол нарийн мэдлэг, тууштай байдал, хариуцлага шаардсан, амар биш мэргэжил юм. Бодит газарт очин шинжилгээ хийж, лабораторид сууж, оюутнуудын хэрхэн суралцаж байгааг харахад энэ ажилд “ганцхан номын мэдлэг” биш, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөл, хамгийн гол нь мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Оюутнуудын зарим нь анх удаа ийнхүү бие даан шинжилгээ хийж байгаа ч, багш нарын заавар дор нухацтай хандаж, нэг бүрчлэн тэмдэглэж, харилцан ярилцаж байв. Тэдний зарим нь аймаг, сумдаа ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлж байсан нь зөв сонголт юм шиг. Энэ өдрөөр дамжуулж малын эмчийн ажил бол зөвхөн өвчтэй амьтан эмчлэхээс гадна, хүнс, хүн амын эрүүл мэнд, мал аж ахуйн салбарын тогтвортой байдалтай салшгүй холбоотойг өөр өнцгөөс ойлголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 08:02

ЯМАР ТОМ ЯРИАТАЙ НУС ВЭ? ГЭХДЭЭ БОДОХ Л ЁСТОЙ АСУУДАЛ ЧИНИЙ ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ УНШААД ЭНЭ ЖИЛ ХААИС н МАЛЫН ЭМЧИЙН АНГИД ОРОХООР ЛАВ 15000 ОХИД ХӨВГҮҮД БҮРТГҮҮЛЖЭЭ ЭНЭ ЗҮГЭЭР ШҮҮ ОХИД ХӨВГҮҮДЭЭ МАЛЫН ЭМЧ БОЛЦГООГТУН

Зочин
Зочин
6 сар 16, 2025 08:34

өөрсдиигөө яаая гэж байгаа юмнууд л харагдхиин

Зочин
Зочин
6 сар 16, 2025 09:00

Манайхан ингээд сулиараад ундагийн

Зочин
Зочин
6 сар 16, 2025 13:24

Ene comment bichsen g###gnuudiigee yugaa ch medehgui bj shuumjleed naajn lol

Амараа
Амараа
6 сар 16, 2025 14:14

Сайхан мэргэжил, зөв сонголт. ажилд нь амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button