Улс төрийн мэдээ

Ухнаагийн Отгонбаяр гишүүн ингэж “хэлд оров”

УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын томилж буй сайд нартай танилцан, асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр хоёр асуудлыг хөндөв. Тэрбээр чуулганы хуралдаанд төдийлөн үг хэлдэггүй учир энэ нь анхаарал татав.

У.Отгонбаяр гишүүн “Гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа. Эдийн засаг, улс төрийн цаг агаар салхитай, шуургатай, нэг тааламжгүй байна. Ард иргэд цэнхэр дэлгэцээр харж, сайд нарын хэлж ярьж буйг нэгд нэггүй сонсож байгаа. Олон ЗГ дамнаж, эдийн засгийг төрөлжүүлнэ, солонгоруулна гэж уриа лоозон дэвшүүлсэн. Өнөөдөр энэ ЗГ гаднаа гоё харагдахаас гадна бодит үр дүн л гаргах хэрэгтэй. Нэг зүйлийг тодруулж асууя.

Боомтын асуудал ямар сайдын бөөрөнд очиж байна вэ. Хэн нэг сайдын бөөрөнд очиж хаягдах вий гэдэг үүднээс асууж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажил эхэлчихсэн. Дахиад Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн боомт холбогдох хүлээлттэй. Энэ боомтын асуудал хаана очих вэ?” гэж асуулаа.

Үүнд Ерөнхий сайд Г.Занданшатар “Ер нь Сангийн яаман дээр явж байгаа. Засгийн газрын үрэлдэхүүний тухай хуулийг төсвийн тодотголтой хамт өргөн барихдаа энэ тал дээр шийдэл гаргана. Гишүүдийн саналыг бас харгалзан үзнэ” гэлээ.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “У.Отгонбаяр гишүүн та өөрөө бас боомтын асуудлаарх ажлын хэсгийг ахалж байгаа. Үүн дээр концепц нь яаж туссан байгаа вэ гэдэг дээр мэдээлэл өгөөч” гэж зөрүүлэн асуутал “Би боомт гэхээсээ илүү бас нэг асуудал яримаар байна” хэмээв.

Улмаар “Барилгачдын холбоо шаардлага тавьж, энэ асуултыг асууж өгөөч гэж хандсан. Монголын барилгачдыг ажилтай орлоготой болгох чиглэлд яаж ажиллах вэ” гэлээ.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын шинэхэн сайд Э.Бат-Амгалан “Төрийн ордны хажууд барилгачид удаан жагсаж байгаа. Тэдний төлөөллийг Нийслэлийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Улмаар “Сэлбэ дэд төв”-ийн дараагийн барилгын төслүүд дээр монгол компаниудыг оруулж, хангана гэсэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
6 сар 17, 2025 23:04

idevhitei gishuudiin neg dee, hiij baigaa ajil ni olnii nuden deer baidag shuu.

Холбоотой мэдээ

Back to top button