Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоогийн уулзалт томоохон тохиролцоогүй өндөрлөлөө

Канадад Их долоо хуралдахдаа Орос-Украины дайн, Израил-Ираны мөргөлдөөний талаар ярилцсан ч эдгээр болон бусад олон чухал асуудлаар томоохон тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөв. Ойрх дорнодод үүсээд буй асуудлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтыг эрт орхин явсан юм.

Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад зэрэг орны удирдагчид уулзалтын сүүлийн өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттег хүлээн авч уулзжээ.

Зеленский “Холбоотнуудын дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Би ийм учраас энд ирсэн. Энхийн хэлэлцээ хийж, ямар ч нөхцөлгүй гал зогсоох талаарх яриаг эхлүүлэхэд бэлэн байна. Энэ бол маш чухал. Гэхдээ үүний тулд дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Трамп явсны дараа удирдагчид олон улсад чухал ашигт малтмалын хангамжийг эрсдэлд оруулж болзошгүй, чөлөөт зах зээлийн бус бодлогуудтай хамтран тэмцэхээр тохиролцсон байна. Мөн хиймэл оюун ухаан ажлын байр, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж, нэгэн зэрэг “технологийн хувьсгал”-ын боломжийг ашиглахаар амлалт өгсөн.

Бусад асуудлаар тодорхой санал нэгдсэн ч, Украинд болж буй дайнтай холбоотой нэгдсэн мэдэгдэл гаргаагүй юм. Их долоогийн уулзалтын гол зорилгын нэг н дэлхийн томоохон асуудлуудад нэгдмэл байр сууриа харуулах. Тэгвэл энэхүү уулзалтаар тэр зорилгоо бүрэн биелүүлж чадсангүй.

Канадын талын ахлах албан тушаалтан хэлснээр, АНУ ОХУ-ыг хэлэлцээнд оруулахаар ажиллаж байгаа тул Украинтай холбоотой хамтарсан мэдэгдэл гаргахыг эсэргүүцэл үзүүлжээ. Канадын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Эмили Уильямс үүнийг няцаахдаа “Украины талаарх мэдэгдлийн ноорог хувилбарыг бусад удирдагчдад тараагаагүй байгаа” гэсэн юм.

Зүүнээс: Канадын Ерөнхий сайд Майк Карни, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер.

Зеленский Трамптай уулзахаар төлөвлөж байсан ч уулзалт цуцлагдсан юм. Трамп явсны дараа үлдсэн зургаан орны удирдагчид Украйны талаар урт хугацааны хэлэлцүүлэг өрнүүлсэн ч санал нэгдэж чадаагүй тул тус тусдаа Зеленскийтэй уулзаж дэмжлэгээ илэрхийлжээ.

Украины талаарх Трампын байр суурь бусад удирдагчдаас эрс өөр байгаа юм. Бусад төрийн тэргүүн нь Оросыг дайн өдөөсөн гэж үзэж буй. Харин Трамп АНУ ОХУ-д нэмж хориг тавих нь маш их өртөгтэй, АНУ-д асар их мөнгөний хохиролтой гэсэн байна

Мөн Трамп “2014 онд Оросын Их долоогоос гаргаагүй бол Украинд дайн дэгдэхгүй байсан” гэж хэлжээ. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков “Их долоо одоо тун бүдэг, хэрэггүй мэт харагдаж байна. Үүний оронд Их 20 зэрэг формат илүү үр нөлөөтэй” гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтын уур амьсгалд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хурцадмал байдал ихээхэн нөлөөлөв. Израил, Ираны мөргөлдөөн одоо долоо дахь хоногтоо үргэлжилж байгаа. Трамп уулзалтыг орхин явсныхаа дараа Ираны дээд удирдагчийг одоохондоо хөнөөхгүй, түүний нуугдаж буй газрыг сайн мэдэж байгаа хэмээсэн. Мөн тэрбээр Ираныг ямар нэгэн болзолгүйгээр бууж өгөхийг уриалсан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Иранд цэргийн хүчээр засаглалыг нь солихыг оролдвол бүс нутгийг тогтворгүй болгоно хэмээн анхааруулжээ. Тэрбээр “Ираныг дайнаар дамжуулан дотроос нь өөрчлөхийг оролдох нь хамгийн том алдаа болно. Энэ нь бүс нутагт эмх замбараагүй байдал авчирна” гэж хэлсэн байна.

Явж байхдаа Трамп бусад удирдагчидтай хамт мэдэгдэл гаргаж, “Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээж, Газын зурваст гал зогсоож Ойрх дорнодод хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ. Удирдагчид Ойрх дорнодын асуудал дээр богино ч гэсэн мэдэгдэл гаргаж, санал нэгдсэн нь тодорхой хэмжээнд амжилт болов.

Трамп эрт явсан нь уулзалттай холбоотой биш, харин Ойрх дорнодод үүсээд буй онцгой нөхцөл байдлаас шалтгаалсан гэж Карни тайлбарлав. Тэр “Ямар ч асуудал болоогүй. Трамп Вашингтонд байх нь зөв гэж бодсон. Би үүнийг ойлгож байна” хэлжээ.

Их Долоогийн судалгааны бүлгийн захирал Денисс Рудич "Трамп эрт явсныг муу зүйл гэж харах нь учир дутагдалтай” гэж хэлжээ. Трамп байх үед удирдагчид хэдий инээмсэглэсэн ч өндөг дээр гишгэж байгаа мэт биеэ авч явж, болгоомжилж байсан нь илт харагдсан гэж тэр хэлсэн юм. Харин маргааш нь удирагчид илүү тайван, органик харилцаатай харагдаж байсан гэж Рудич хэлсэн байна.

Канад улс ОХУ-д шинэ эдийн засгийн хориг тавьж, Украинд 2 тэрбум канад долларын зэвсэг илгээнэ гэж Карни мэдэгдсэн юм. АНУ Украинтай холбоотой нэгдсэн мэдэгдлийн агуулгыг зөөлрүүлэхийг шахсан эсэх талаар Карнигаас сэтгүүлч нар асуусан байна. Тэр үүнд хариулахдаа Трамптай энэ талаар зөвлөлдсөн гэсэн юм.

Их долоогийн уулзалтаас гарч ирсэн өөр нэгэн амжилт нь Их Британи, АНУ худалдааны тохиролцоогоо баталсан явдал байв. Трамп тус уулзалтад холбоотнуудтайгаа хамтран ажиллахаас илүүтэйгээр худалдааны асуудлыг дурдахад ач холбогдол үзүүлжээ.

Макрон Канадын Ерөнхий сайд Карни Их долоогийн эв нэгдлийг хадгалах үүргээ гүйцэтгэсэн гэж хэлсэн юм. Тэрбээр “Канадын Ерөнхий сайдаас дэлхийн бүх асуудлыг шийдэхийг шаардах нь шударга бус” гэж хэлжээ. Ирэх жилийн Их долоогийн уулзалтыг Франц зохион байгуулна.

Энэ удаагийн Их долоогийн уулзалтаар томоохон асуудлууд дээр нэгдсэн мэдэгдэл гаргаж, тохиролцоонд хүрч чадалгүй өнгөрөв.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button