Б.Түвшин нарын өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН-ын бүлэг дэмжлээ

АН-ын бүлэг хуралдаж, Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг 100 хувь дэмжсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг нарын гишүүд нь "Үр дагавар нь сөрөг байж мэдэх, нухацтай ярилцах шаардлагатай, эрсдэлтэй заалтууд бүхий хуулийн төсөл байна. Нийгмийн даатгалын тогтолцооны реформыг Засгийн газар хийх нь зүйтэй. Санаачилсан 41 гишүүнийг бол хүндэтгэж байна" гэхчлэнгээр байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Намын бүлгүүдэд танилцуулаагүй, байнгын хороон дээр сайтар хэлэлцээгүй шууд оруулж ирсэн тул ийм асуудал үүсэж байна. Хэлэлцэхийг хойшлуулах нь зөв. Ийм олон хүний аж, амьдралтай холбоотой хуулийг попролоор, ард түмэнд таалагдах гэсэн байдлаар шийдэж болохгүй" гэж байв.
Улмаар УИХ-ын гишүүн Б.Түвшин, даваа гарагт хуулийн төслийг намын бүлгүүдэд танилцуулах, мөн Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт холбогдох хуулийн төслийг өргөн барьсны дараа дахин авч үзэх зорилгоор, өнөөдрийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан байдаг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.