Нийгэм мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, 10 цаг сургалтад суух ялыг хэвээр үлдээлээ

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татсан.

Хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар Зөрчлийн тухай хуулийн 5.2_1_1.1, 5.2_1_1.4, 5.3_1 дүгээр зүйл заалтыг зөрчсөн хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар тус хоёр этгээдэд хамаарах хэргийн шүүх хурал /2025-06-05/-ны өдөр хянан хэлэлцэж, 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулах шийдвэрийг шүүх гаргасан.

Гэсэн ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга асан Ж.Энхжаргалан саатуулах байранд очмогцоо давж заалдах хүсэлт гаргаж, шүүгчийн шийдвэр түдгэлзсэн юм. Харин дараагийн өдөр нь буюу /2025-06-06/-нд Д.Мөнх-Эрдэнэ мөн адил давж заалдах хүсэлт гаргаж суллагдсан байдаг.

Эл асуудалтай холбоотойгоор Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухайгаа /2025-06-05/-нд мэдэгдэж, маргааш нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр буюу /2025-06-26/-нд Ж.Энхжаргалан болон Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүнд прокурор Т.Отгонтөгс, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, Д.Ган-Эрдэнэ, илтгэгч шүүгч Н.Батсайхан нар оролцсон юм.

Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “баривчлах шийтгэлийг 100 нэгжээр торгох шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд, зөрчилд холбогдогч нар нь цахим орчинд шууд дамжуулалт хийх үеэрээ хоорондоо удаа дараа зохисгүй үг хэллэг хэрэглэн, зүй бус үйлдэл гаргах зэргээр хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэсэн зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдал болоод тэдгээрийн хувийн байдал зэрэгт оногдуулсан баривчлах шийтгэл нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button