Т.Баярхүү: Сэлэнгийн түймрийг унтраахаар говь, төв, хойд, баруун бүсийн алба хаагчид ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар ой, хээрийн 14 түймэртэй байгаагаас тавыг цурамд, 9 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээллээ.
Энэ тухай УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар сүүлийн 72 цагийн хугацаанд 17 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн.
Үүнээс Сэлэнгэ аймагт 12 Булган аймагт хоёр Дорнод аймагт нэг Дархан-Уул аймагт нэг Хэнтий аймгийн Батширээт суманд нэг түймэр бүртгэгдсэн. Долоон түймрийг бүрэн унтрааж, гурвыг цурамд, долоон түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 5, Ерөөд 2, Хүдэрт 4, Цагаанннуурт нэг түймэр бүртгэгдсэн. Он гарснаас хойш зургаадугаар сарын 25-ны байдлаар Сэлэнгэ аймагт 30 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 41 буюу сүүлийн 72 цагийн хугацаанд 11 удаагийн түймэр бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Жаргалантын ам,
- Хөвсгөл аймгийн Цагааннуур,
- Булганы Тэшиг,
- Дархан-Уул аймгийн Хонгор,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийг бүрэн унтраасан.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булганы Бугат, Сэлэнгийн Алтанбулаг сумын Гурван цагаантолгой, Орос даваа гэх газруудад гарсан дөрвөн түймрийг цурамд орууллаа. Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгийн Ерөө суманд 3, Хүдэрт 2, Алтанбулаг суманд гарсан хоёр нийт есөн түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн голомтод удирдлага зохицуулалтаар хангаж ажиллаж байна. Ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, хил хамгаалах, цагдаа, Сэлэнгэ аймаг, сум орон нутгийн ЗДТГ, мэргэжлийн анги зэрэг байгууллагуудаас шаардлагатай хүн хүчийг дайчилж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ, Нийслэлийн Онцгой Байдлын Алба гээд говь, төв, хойд, баруун бүсийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Алтанбулаг суманд гарсан түймрийн голомтод өчигдөр 16:00 цагаас эхэлж хүчтэй салхилсны улмаас хяналтад авсан баруун хэсгийн түймэр зүүн тийш тархаж, хүндэрсэн. Өнгөрсөн шөнө түймэр гарсан хэсэгт бага зэргийн бороо орсон ч унтраах хэмжээнд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар түймэр уугилттай, тархалт ихтэй байна.
Тус суманд газар тариалан эрхэлдэг ААН, байгууллагуудын трактор, бульдозероор түймрийн эргэн тойронд бүс татах, тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч байна" гэж мэдээллээ. Тэрбээр "Автомашин явахааргүй түймрийн голомт руу нисдэг тэргээр аврагчдыг хүргэж байгаа" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.