3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга Улаанбаатарт тодорч Монголын баг түүхэн амжилт үзүүлэв

2025 оны зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан FIBA 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 40 орны шилдэг багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн энэ тэмцээнд Монгол Улс анх удаа эмэгтэй багийнхаа амжилтаар түүхэн хуудас нээлээ.
Монголын эмэгтэй баг финалд шалгарсан анхны тохиолдол
Монголын эмэгтэй баг шилдгүүдийн эгнээнд шалгарч, аваргын төлөөх тоглолтод Нидерландын багтай тоглон, мөнгөн медаль хүртсэн нь тус тэмцээний түүхэнд анх удаа тохиож буй бахархалт амжилт байлаа. Финалын тоглолтод монгол охид тууштай тоглосон ч Нидерландын баг 15-9 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Гэвч тус амжилтаар Монгол Улс FIBA-ийн албан ёсны тэмцээнд эмэгтэй багийн төрөлд медаль хүртсэн анхны Ази улсын нэг болж, түүхэн шинэ хуудас нээсэн билээ.
Б.Ариунцэцэг авсан оноогоор бүх эмэгтэй тоглогчдыг тэргүүлжээ
Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг ДАШТ-д найман удаа тоглохдоо 44 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Түүний нэг тоглолтод авдаг дундаж оноо 6.3 гэж гарсан нь зарим тоглогчдынхоос бага байсан ч 3х3 сагсанбөмбөгт их оноо их авахыг чухалчилдаг байна.
О.Хулан, Б.Ариунцэцэг нар дэлхийн чансаанд дээгүүр бичигдлээ
Монгол Улсын 3х3 шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт О.Хулан "FIBA 3x3" дэлхийн чансаанд 123,394 оноогоор ес, Б.Ариунцэцэг 112,151 оноогоор 12 дугаарт бичигдэж байна.
Дасгалжуулагч Стив Сөр
Канадын эмэгтэй баг Недерландыг ялж, аваргын төлөө өрсөлдсөн бол маш сонирхолтой тохиолдол болох байв. Учир нь манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Стив Сөр Канадын шигшээд тоглодог байсан бөгөөд улсынхаа хамгийн өндөр 3х3 чансаатай тамирчин, дэлхийн шилдэг холын зайн шидэгч нарын нэг гэж тооцогддог байна.
Испани, Нидерланд улсын багууд анх удаа түрүүлэв
Эрэгтэйчүүдийн төрөлд Испанийн баг аваргын төлөөх тоглолтод Швейцарьтай тулж, 21-17 онооны харьцаатай ялалт байгуулан анхны дэлхийн аваргын алтан медалиа хүртсэн. Багийн бүрэлдэхүүнд Иван Ауррекоэчаа, Диего де Блас, Гуим Экспосито, Карлос Мартинез нар багтсан бөгөөд Гуим Экспосито тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор тодорч, шилдэг багт нэрлэгдсэн билээ.
Харин эмэгтэй төрөлд Нидерландын баг аваргын цомыг хүртэж, Монголын багийг финалд ялсан амжилтаараа анх удаа дэлхийн аварга болсон юм.
Монгол улс дэлхийн спортын төвд
Монгол Улс "FIBA 3x3 дэлхийн аваргыг анх удаа зохион байгуулсан. Мөн энэ удаагийн тэмцээний хамгийн сонирхол татсан орнуудын нэг болж олон улсын хэвлэлүүд Монголын зохион байгуулалтын түвшин, хөгжөөн дэмжигчдийн идэвхи, оролцогч багуудын дэмжлэгийг онцлон дэлхий нийтэд түгээж байсан юм. Мөн тэмцээний үеэр Монголын үндэсний урлаг, ёс заншлыг сурталчлах тусгай үзүүлбэрүүд зохион байгуулагдсан юм.
Дараагийн FIBA 3x3 ДАШТ 2026 онд Польшийн Варшава, 2027 онд Сингапурт зохион байгуулагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.