Үндсэн ордыг эргэлтэд оруулах, хөнгөлөлттэй зээл олгох агуулгаа тусгаж, "Алт-3" аяны тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэнэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед санаачилж байсан “Алт-3” аяныг одоо Г.Занданшатарын танхим, тэр дундаа АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням гардан үргэлжлүүлэх гэж байна.
Улмаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Тэгвэл төслийг эцэслэж, өнөөдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээр болсон байна.
АҮЭБ-ийн яамнаас анх боловсруулсан төслийн хувьд нэлээд тодорхой заалтуудыг агуулж байв. Үүгээр яг алт олборлолтыг хэрхэн, бодитой нэмэгдүүлэх вэ, эрчимжүүлэх вэ гэдгийг нарийвчилж өгсөн.
Тодруулбал, ерөөсөө үндсэн гол зорилт нь нийт 100 тонн алтны нөөц бүхий нэр бүхий ордуудыг эргэлтэд оруулах. Үүнд Сэлэнгэ аймгийн Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймгийн Шурадгийн гол зэрэг ордууд нэрлэгдэж байсан.
Харин УИХ-ын тогтоолын төсөл дээр үндсэн ордуудын асуудлыг ингэж нарийвчлаагүй. Харин,
- Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг дэмжих
- Эрх зүйн орчныг тодорхой болгох, зөвшөөрөлтэй олборлогчдын эрхийг хамгаалж, хууль бус оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
- Алтыг хууль бусаар экспортлох үйл явцад хил, гаалийн хяналтыг чангатгах
- Алтны геологийн судалгаа, хайгуулыг эрчимүүлэх зорилгоор тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгодог болох, холбогдох хуулийг боловсруулж батлуулах зэргийг дурдаад өнгөрсөн нь харагдаж байлаа.
Тэгвэл, боловсруулалтын шатанд энэ тогтоолоо дахин тодорхой хэмжээнд өөрчилсөн гэх мэдээлэл байна.
Тэр дундаа алт олборлолтыг нэмэгдүүлэхэд үндсэн шаардлага бүхий,
- Үндсэн ордуудыг эргэлтэд оруулах: Ингэхдээ ордын нэр дурдаагүй ч заалт болгосон. Шороон орд найдвар багатай. Үндсэн орд бий ч үйл ажиллагаа нь жигдрээгүй төслүүд олон. Тэдэнд анхаарах, тооцоо судалгаагаар 100 тонн нөөц бүрдүүлэх боломжтой
- Алт олборлогчдыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих: Мэдээж алтны үндсэн ордыг байгаль орчинд ээлтэйгээр ашиглахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин хөрөнгө оруулалтыг арилжааны банкны хөнгөлөлттэй зээлээр дэмжих агуулга оруулсан нь ихээхэн чухал гэгдэж байна. Учир нь алт өөрөө шууд ам.доллараар арилжаалагддаг тул ханшийн эрсдэл хүлээдэггүй, банк талдаа ч эрсдэл багатай зээлийн төрөлд хамаарах аж.
Ийнхүү тодорхой 5-6 заалт бүхий “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэх нь.
Дээр дурдсанчлан энэ бол өмнөх Засгийн газар, Ц.Туваан сайдын үед эхлэн яригдаж байсан. Харин Г.Дамдинням төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлж, хамгийн түрүүнд “Алт-3” аянд богино хугацаанд анхааран, УИХ-ын босгыг давуулж байна.
Жил дундаа орчихсон, алтны үнэ тогтмол өсөж буй ашигтай цаг хугацааг алдаж болохгүй. Энэ үед яах аргагүй “Алт-3” аяныг хугацаа алдалгүй хэрэгжүүлж эхлэх чухал байлаа.
Харин зарим үндсэн ордыг эргэлтэд оруулахын тулд тусгай хамгаалалттай газраас хэсэгчлэн гаргах агуулга хөндөгдөж байсан удаатай. Үүнээс энэ удаа ч АҮЭБ-ийн яам татгалзсан бололтой. Мэдээж энэ бол ихээхэн хөндүүр сэдэв. Тогтоолоор албажуулж өгөхөөс илүү Засгийн газар бодлогоо гаргаж, ажиллах учиртай.
Иймд тогтоолын араас яг ямар үндсэн ордууд дээр анхаарах юм бэ, тэдгээрийн аль нь олборлолт явуулах хориотой буюу тусгай хамгаалалттай бүсэд оршиж байна вэ гэдэг дараа дараагийн сэдэв анхаарал татан үлдэж байна.
Яах аргагүй алтны үнэ галзуурч байгаа. Эерэг утгаараа. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд үлэмж өсөж байна гэсэн үг. 2025 оны төсөвт унцыг нь 1840 ам.доллар гэж төсөөлтөл энэ нь оны төгсгөлд дабльдаж, 2026 онд бүр 4000-д хүрэх төсөөлөл танилцуулагдаад байна
Он гарснаас хойш тогтмол 3200 ам.доллараас дээш ханштай байгаа. Өнөөдрийн байдлаар 3380-3383 ам ам.долларт хэлбэлзэж, нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бага ч гэсэн нөхөх найдлага төрүүлсээр байна.
Юу ч хийхгүй зүгээр суувал энэ үнийн зөрүүнээс ашигтай ажиллаж чадах уу, чадна. Гэхдээ шалихгүй юм. 350-400 тэрбум төгрөг л орж ирэх боломжтой. Төв банк өнгөрсөн онуудтай харьцуулахад маш бага хэмжээний алт худалдан авч, алтны нөөцөө бүрдүүлж байгаа. Хоёр дахин бага алт худалдан авсан статистик ч байна.
Тэгэхээр үнэ өсөж байгаа үед ямар нэг зүйл хийе гэж сэтгэмээр байна. Мэдээж, илүү их алттай болъё, тэгээд илүү их ашиг орлого олъё гэсэн логик. Энэ бол “Алт-3” гэсэн хөтөлбөрийн гол санаа.
Нэгэнт алтны арвин нөөцтэй Монгол орон энэ цаг үеийг оновчтой мэдэрч, олборлолтоо нэмж, түүнийгээ экспортолж чадвал улсын эдийн засагт үлэмж нэмэртэй болох юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Усгүй, нутаггүй болчихоод �##�таа ууж идэж чадахгүй гэдгээ ухаарцгаа, харийн сэтгэлтнүүд ээ.