Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын нэрийн сүрчиг 249 ам.долларын үнэтэй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нэр дээр гаргасан бүтээгдэхүүний жагсаалтад үнэртэн нэмэв. Ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг хүн ингэж өөрийн нэр дээр бараа бүтээгдэхүүн гаргах нь ашиг сонирхлын зөрчил болж байгаа эсэх дээр маргаан үүсгэж байна.

Тэрбээр өөрийн сошиал хаяг дээрээ “Трампын нэрийн үнэртнүүд ирлээ. Сүрчиг ‘Victory 45-47’ гэдэг нэртэй. Яагаад гэвэл энэ сүрчиг ялалт, хүч чадал, амжилтын тухай” гэж бичсэн юм. Трамп 2017–2021 онд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол 2024 оны сонгуульд ялснаар АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болсон.

Эрэгтэй хүнд зориулсан сүрчиг нь хар хайрцагтай, харин эмэгтэй хүнийх нь улаан хайрцагтай, хоёулаа алтан шаргал бичигтэй. Үнэртний сав нь Трампын жижиг хөшөө шиг хэлбэр дүрстэй аж.

Өөрийн нэрийн сүрчиг гаргаж буйг нь интернэт дээр олон хүн ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шүүмжлэх болжээ. Виржиниа мужийн сенатор Марк Уорнер X дээр “Америкийн түүхэнд ингэж илт ашиг хонжоо хайж, шууд нүдэн дээр хулгай хийж байгаа хүн байгаагүй. Үнэхээр ичмээр” гэж бичсэн байна.

Вермонт мужийн Ардчилсан намын сенатор Питер Уэлч Трамп үнэртэн сурталчилж байх үед Бүгд найрамдах намынхан нь санхүүгийн бололцоо муутай иргэдийн эмнэлгийн тусламжийн хөтөлбөрийг танах гэж оролдож буйг онцлон шүүмжилжээ. Уэлч X дээр “Сенат танхим дахь Ардчилсан намын гишүүд 17 сая хүнийг эрүүл мэндийн үйлчилгээгүй үлдээхээс сэргийлж тэмцэж байхад, Трамп үнэртэн сурталчилж сууна” гэж бичсэн юм.

Энэ хоёр сүрчиг бол Трампын гэр бүл сүүлийн үед танилцуулсан шинэ бараануудын нэг нь билээ. Зургаадугаар сард түүний компани гар утасны операторын үйлчилгээ болон 499 ам.долларын үнэтэй ухаалаг утас танилцуулсан.

Тэрхүү гаргаж буй утас нь Т1 нэртэй. Гадаргуу нь Америкийн далбаа бүхий алтлаг бүрээстэй юм. Утас болон гар утасны үйлчилгээний бизнесийг Трампын хүү Доналд Трамп Жуниор, Эрик Трамп нар явуулна. Трамп Жуниор мэдэгдэл хийхдээ “Бид хүмүүс гар утсаараа дамжуулан цахимаар эмчийн үйлчилгээ авах, машины зам дээр тусламж дуудах, дэлхийн 100 улс руу хязгааргүй мессеж илгээх боломжтой бүтээгдэхүүний цогц үйлчилгээг танилцуулах гэж байна" гэсэн юм.

Трамп өөрийн бизнесийн ашиг сонирхлыг хүүхдүүд нь удирддаг, итгэмжлэгдсэн санд шилжүүлсэн хэмээн мэдэгддэг. Гэхдээ эдгээр бизнесүүдийн ашиг эцэстээ Трампын гэр бүл, өөрт нь ирнэ. Тэрбээр өөрийн нэрийн гар утас, сүрчгээс гадна цаг, пүүз гаргаж байсан.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button