Э.Энхсайхан: Монгол хүн Европын АШТ-ээс алтан медаль авна гэдэг үнэхээр бахархалтай

Цахим орчинд нэг сая үзэлт авсан тарвагатай бичлэгийг олон хүмүүс сонирхож, хуваалцаж байсан. Харин тэр бичлэгийн эзэн нь Монголын биатлоны шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Энхбатын Энхсайхан юм. Тэрээр уг бичлэгийг Австри улсын Рамзау ам Дахштайнд хийсэн ба тэнд хоёр долоо хоногийн турш бэлтгэл хийж, улмаар Беларусь улсыг зорьсон юм. Түүнтэй цахим хаягаар нь дамжуулан холбогдож, одоогийн бэлтгэл сургуулилт болон биатлоны спортын талаар ярилцах завшаан бидэнд олдсон юм. Ийнхүү түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Хүүхэд насныхаа тухай яриач.
-Би айлын бага хүүхэд. Аав, ээж, ахтайгаа амьдардаг. Миний хүүхэд нас Дархан-Уул аймгийн гэр хороололд ахтайгаа тоглож өнгөрсөн.
-Яагаад анх гүйлтийн цанын спортыг сонгосон бэ. Аав, ээж юм уу гэр бүлийнхэн нь спорттой холбоотой хүмүүс үү?
-Манай гэр бүлд спортын хүн байхгүй ээ. Би анх цанын ямар ч ойлголтгүй байдаг байсан. Зургаадугаар ангид байх, анх цанын спортын сурталчилгаа, танилцуулгыг сургуульдаа харж байсан. Маргаашаас нь төв стадионд хүүхдүүдийг цанаар гулгуулж байна гэхээр нь сонирхож очоод, түүнээс хойш хичээллэж эхэлсэн. Сар гаруй бэлтгэл хийгээд аймгийн аваргын тэмцээнд оролцоод алтан медаль хүртсэн. Дараа жил нь 2016 оны өвөл морь унаж байгаад зүүн хөлийнхөө хоёр савхан ясыг хугалснаас болж, гүйлтийн цанаараа уралдаж чадалгүй гэртээ гурван сар хэвтсэн. Үргэлжлүүлэн 2017, 2018 онд гүйлтийн цанаараа хичээллэж байгаад 2019 онд биатлоны тамирчин болсон юм. Ер нь бол анхны тэмцээнээс хүртсэн алтан медаль надад урам зориг өгч, цаашлах хүсэл эрмэлзэл суулгасан.
-Дархан-Уул аймаг бол өвлийн спортоор хөгжил сайтай хот шүү дээ. Тэр тусмаа цанын төрлөөр.
-Тийм ээ Дархан хотод олон хүүхэд, залуучууд цанын спортоор хичээллэдэг. Би ч мөн адил нэг нь болж ОУХМ, шигшээ багийн тамирчин болох сууриа тавьсан.

-Анхны амжилтынхаа талаар бидэнд яриач.
-Сая дурдсанчлан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, алтан медаль авсан. Швейцарь улсын Лозанн хотноо болсон "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпод биатлоноор шаргуу бэлтгэл хийж, тус олимпод дэлхийн 99 орны тамирчидтай өрсөлдөж, 12 дугаар байранд орсон. Азийн хүүхдүүд наадамд 17 дугаар байранд орж байсан. Буудлагаар 5 алдсан санагдаж байна. 2023 оны есдүгээр сард, Казахстан Шучинск хотод болсон зуны Ази тивийн аваргаар анх удаа хүрэл медаль, супер‑спринт төрөлд алт авсан. Монголд анх удаа биатлоны спортоор Ази тивийн аварга болсон тохиолдол болсон. 2024 оны февралиас Польшийн залуучуудын Европын АШТ–ээс 15 км ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн.

-Дэлхийн аваргын тэмцээнд орж байсан, тэр тусмаа биатлоны спортоор эх орноо төлөөлөн оролцоно гэдэг том амжилт санагдаж байна. Тухайн үеийн мэдрэмжээ хуваалцаач.
-Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, эх орныхоо нэрийг гаргах зорилготой орсон. Монгол улсад энэ спортын төрлийг одоогийн байдлаар бүх хүмүүс бүрэн сайн мэдээгүй. Гэхдээ цаашдаа илүү сонирхож, хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдээсэй гэж хүсэж байна. Би өөрөө ч бас орсон тэмцээн бүрээсээ суралцаж, уг спортыг дэлгэрүүлэхийг эрмэлзсэн. Дэлхийн аваргад ч мөн адил. Монголын нэрийг цас, шуургатай тэмцээн дээр дуудуулах мөч хамгийн бахархалтай. Би зөвхөн өөрийнхөө төлөө биш, багш дасгалжуулагч, ард түмэн, залуучуудынхаа итгэлийг биелүүлэхийн төлөө уралддаг.

-Биатлон нь спорт тамирчин хүнээс ямар ур чадварыг шаарддаг вэ?
-Биатлоны спортод буудлага бол гулгахаас илүү чухал. Муу буудвал нэг минутаар торгуулна эсвэл торгуулийн тойрог тойрдог. Тийм учраас буудлагаа сайн хийж чадвал ямар ч сайн тамирчин байсны өмнө орох боломжтой сонирхолтой спорт. Буудлага, цана хоёрын нийлмэл төрөл хэдий ч буудлагын чадвараа давамгай хөгжүүлэх шаардлагатай. Мэдээж тамирчны сэтгэл зүй хамгийн чухал. Бас хурд, авхаалж самбаа их шаардана. Биатлон нь хамгийн багадаа 7.5, 15, 20 км замыг туулдаг.

-Буудлага болон роликын бэлтгэлээ монголд хэрхэн хийдэг вэ?
Монголд бэлтгэл хийх нөхцөл байдал нь бага. Санхүүгийн асуудлаас хамаарах үе ч бий. Улирлын асуудал ч бий. Буудлагаа спорт буудлагын газарт бэлдээд, роликоо Монголд бол боломж нөхцөлдөө тааруулаад машин зам, боломжтой талбай дээр хийдэг. Өвөл бэлтгэлээ хийлээ гэхэд зун, хавар, намар гээд дулааны улирлуудад хийх нөхцөл байхгүй. Тийм учраас Европын орнуудад очиж хамтарсан бэлтгэл хийдэг.
-Ямар, ямар улсуудад очиж бэлтгэл хийж байсан болон хийдэг вэ?
-2021 оноос эхлээд Австри явж бэлтгэл хийж эхэлсэн. Мөн Казахстанд хийдэг байсан. Харин 2025 оны зургаадугаар сараас Австри улсын Рамзау ам Дахштайнд хоёр долоо хоногийн турш бэлтгэл хийж байгаад одоо Беларусь улсыг зорьж явна.
-Ямар багш, дасгалжуулагчтай хичээллэдэг вэ?
-Александр Владимирович Попов гээд Орос дасгалжуулагчтай. Гадагшаа явж хийж буй бэлтгэлүүдээ Попов багштай хийдэг.
-Александр Владимирович Попов бол маш мундаг мэргэжилтэн дасгалжуулагч шүү дээ. Түүний дасгалжуулалтын онцлог, ялгааг юу гэж хардаг вэ?
-Манай багш олимп болон дэлхийн аварга учраас өөрийн туршлагаасаа хуваалцаж, ерөнхийдөө орос маягаар бэлтгэл хийлгэдэг.
-Монгол дах бэлтгэлийг ямар дасгалжуулагч удирдаж байна?
-ОУХМ Мөнх-Эрдэнэ багш, Бат-Эрдэнэ багш удирдан чиглүүлж дасгалжуулалдаг.
-Биатлоны шигшээ баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Одоогийн байдлаар найман тамирчинтай. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй.
-Монголын Биатлоны холбооноос сүүлийн хэдэн жилийн турш өвлийн спорт өндөр хөгжсөн улс орнуудад бэлтгэл, сургуулилт хийлгэж байгаа. Тамирчдад үүний ачаар ихээхэн үр дүн гарч байгаа байх.
-Тэгэлгүй яах вэ. Манай холбооноос чадах чинээгээрээ маш сайн дэмжиж байгаа. Монголын нөхцөлд л бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоо бага болохоос. Хоёр спортыг хослуулдаг учраас зориулалтын бэлтгэл хийх талбай, зам маш чухал. Үүнийг зохицуулах үүднээс жилийн дөрвөн улирлын бараг дөрвүүлд нь бид Европын орнуудад бэлтгэл хийж байгаа. Монголд гэртээ байх хугацаа бараг л байхгүй. Байсан ч хэсэг очоод л буцдаг. Гэхдээ цаашдаа Монгол Улсад маань илүү хөгжиж, шаардлагатай бэлтгэлийн газартай болно гэдэгт итгэдэг.
-Бэлтгэл сургуулилтаар гадаадад ихэвчлэн байдаг юм байна шүү дээ. Гэр бүлийнхэн нь ойлгож, их дэмждэг үү?
-Гэр бүлийнхэн маш сайн дэмждэг. Ээж. Эхнэр, ах, хамаатан садан гээд. Бүгдэд нь талархаж явдаг.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би ихэвчлэн тэмцээний бэлтгэлдээ анхаардаг. Бас сагсан бөмбөг тоглох дуртай.
Таны ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл
-Цаашид бэлтгэлээ маш сайн хийнэ. Надад үлгэр дууриалал болдог олон сайхан тамирчин бий. Тэдний нэг болж, эх орныхоо төрийн далбааг мандуулахыг хүсдэг. Энэ спортоороо тууштай хичээллэж, 2026 оны олимпод оноо цуглуулж оролцож, медаль авах хамгийн том зорилготой. Мөн Монгол Улсдаа биатлоны спортыг хөгжүүлж, олон мундаг тамирчин бэлтгэх зорилго ч бий.
Монголынхоо залууст хандаж хэлэх зөвлөгөө
-Залуустаа хандаж хэлэхэд амьдралд шантрах зүйл олон тохиолдоно. Тэр болгонд шантралгүйгээр урагшлах хэрэгтэй. Миний бодлоор Монгол Улсын хөгжил дэвшил өнөөдрийн залуусаас эхэлнэ. Тиймээс залуустаа хамгийн гол нь хөдөлмөрч, тууштай, хариуцлагатай байгаарай.Нэг эхлүүлсэн зүйлээ дуустал хийж, заавал эцсийн үр дүнг нь үзээрэй. Мөн биатлоны спортыг сонирхоод хичээллээд үзээрэй. Үнэхээр сонирхолтой, хосолсон спорт. Өөрөө л хичээвэл ямар ч зүйлээр амжлт гаргах боломжтой шүү, үргэлж өөрийнхөө хийж буй зүйлдээ сэтгэл гаргаж, биеэ дайчилж байгаарай гэж хэлье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье
Амжилт хүсье. Сэргэлт маш чух�##�.
амжилт...
Одоо Хүрэлсүх ерөнхийлөгч маань шагнах байгаа!!! Европын өвлийн тэмцээнээс мед�##�ь авна гэдэг Ази тивийн орнуудын хувьд гайхамшигт амжилт!!! Ерөнхий сайд байр өгөх байх амжилт хүсэе!
ШАГНАДАГ УЛСУУД БАЙВАЛ ЭНЭ ХҮҮХЭДИЙГ ШАГНААЧЭЭ
Ямар догь хүү вэ? Ёстой юм үзэж нүд тайлсан эр байх чинь. Биатлон гэж үндсэндээ Европ тивийнхэн магнайлдаг адуу шиг хөлтэй, бүргэд шиг хараатай, чоно мэт тооцоотой өдрийн од мэт ховор тэвчээртний спортод НЭГ МОНГОЛ ХҮҮ эх орноо дуурсгаад явж байгааг умшихад өөрийн эрхгүй нүд чийгтэж байна шүү, золиг. Хүний газар өөрийгөө захираад амжилтанд өөрөө хүрч, амжилтаа өөрөө ахиулж, өөрийгөө авч явдаг ийм з�##�уу атугай өтөл настан монгол ховор юм даа. Дэлхийн спортод аз гэж бараг л үгүй, тэр тусмаа монгол хүү европын спортод тивийнх нь аварга болчихоод мушийж зогсох нь аз ер биш. Энэ бол өөрийгөө ялсан ял�##�т. Монгол хүн юуг ч, хаана ч ялж чадахын нэг жишээ. Бахархаж байна.