“Air India”-ийн осолдсон онгоцны хөдөлгүүр рүү түлш шахагдахаа зогссон байжээ

Өнгөрсөн сард Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондоныг чиглэсэн онгоц осолдож, 260 хүн амь үрэгдсэн. Тус ослын анхан шатны дүгнэлт өнөөдөр /2025.07.12/ нийтлэгдсэн байна. Анхан шатны дүгнэлтээр онгоцны хөдөлгүүрийн түлшний унтраалга зэрэг дарагдаж, хөдөлгүүр түлшгүй болсон аж. Үүний улмаас хоёр нисгэгч хооронд будилаан үүсжээ.
Осол болохын өмнөх мөчид нэг нисгэгч нөгөөдөө хандаж яагаад шатахуун шахаж байгааг зогсоосон талаар асуусан байна. Харин нөгөө нисгэгч нь тийм зүйл хийгээгүй гэж хариулжээ. Онгоцны ахлах нисгэгч нь 15,638 цаг ниссэн туршлагатай, 56 настай Сумит Сабхарвал байсан юм. Харин туслах нисгэгч нь 3,403 цаг ниссэн туршлагатай, 32 настай Клайв Кундер байсан.
Шатахууны унтраалгууд бараг зэрэг дарагдаж, унтарсан аж. Мэргэжилтнүүд хэлж буйгаар ганц нисгэгч унтраалгуудыг санамсаргүйгээр зэрэг унтраах боломжгүй юм. Унтраалгууд нэг секундийн зайтай дарагдсан гэж тус тайланд бичжээ. АНУ-ын нисэхийн мэргэжилтэн Жон Нэнси хэлснээр нэг унтраалгыг унтраагаад нөгөөг нь дарахад яг л нэг секунд орчим хугацаа шаарддаг аж. Тэрбээр нэмж хэлэхдээ нисгэгч нислэг үйлдэж байхдаа хэзээ ч түлш шахах унтраалгыг унтраахгүй, ялангуяа онгоц хөөрч байх үед гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.