Э.Батмагнай: Энэ мэдрэмжийг өглөө босохдоо, шөнө зүүдлэхдээ мөрөөдсөөр 15 жил хичээсэн

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Э.Батмагнай ес даван түрүүллээ.
Тэрбээр энэ наадамд Улсын начин цолтой зодоглож, ийнхүү Улсын арслан цол хүртэв.
24 настай Э.Батмагнай “Ганцхан энэ мэдрэмжийг авахын тулд өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж 15 жилийг өнгөрүүлсэн байна. Энэхүү амжилтад хүргэсэн Байдрагийн хүчтэн чөлөөт бөхийн холбоо, багш С.Мөнхдуулахдаа баярлалаа. Нутгийнхандаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд баярлалаа. Намайг дэмжсэн нийт бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.