Энэ жилийн наадмын бэлгэдлийг АРДЧИЛАЛ ба ЭВ НЭГДЭЛ хэмээн тодорхойлъё

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ардчилсан хувьсгалын ойг ч хамтатган тэмдэглэж байхаар болсон Үндэсний их баяр наадам маань таамаг эвдсэн бөхийн барилдаантай, Монгол орны ирээдүйг сайн сайхнаар бэлгэдэв гэлтэй өрнөн үргэлжилж, ард түмний сэтгэлийг тэнийлгэлээ.
Баяр наадмаар ирээдүй цагийг, тухайн жилийн өнгийн шинждэг ээ гэлцдэг.
Ноднингийн хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр нар тунаж үлдсэн. Нэг түрүүгээ хоёр болгож, арслан цолоо аварга болгох гэсэн 1998 оны Б.Орхонбаярт монголчуудын дэмжлэг илүү ч байсан. Нөгөө талаас хүчтэн, тамирчны хувьд насаа бодож, Дархан аварга цолоо дархалж үлдээх гэсэн Увс нутгийн бөх Н.Батсуурийн дээлийн захыг зон олон нь бас мушгиж байлаа.
Н.Батсуурь бяр мэдэн барилдахаас илүү түрж, ухарч, барьж салгаж, элдэв барьцаас татгалзаж удтал анан ажигласны эцэст Б.Орхонбаярыг гэнэдүүлж унагасан.
Яагаад ч юм тэр жилийн наадмаар Монголын ард түмэн эв нэгдлээр дүүрэн баярлаж чадаагүй. Харин бөхийн жудаг гэж юу вэ. Бөхийн спорт гэж юу вэ. Хүч, бяраар барилдахыг хэлэх үү, Н.Батсуурь шиг ухаан зааж стратеги үзүүлэх учиртай юу гэдэг асуултыг тавиад үлдсэн. Дархан аварга Н.Батсуурийг нийт масс бол сайнаар хэлээгүй л. Н.Батсуурь ч унавал унаж, давбал давъя гэхээсээ заавал түрүүлэх гэж “чичирсэн”. Б.Орхонбаяр ч залуу хүний шар хороор тахимаа өгөхгүй гүрийж үзсэн. Тэр мөч, тэгж дууссан наадмын хаалт төдийлөн сэтгэл тэнэгэр болж өнгөрдөггүй юм билээ.

Үүнээс наадмаар талцал хуваагдал биш эв нэгдэл ямар чухал болохыг олж харж байсан юм.
Харин энэ жил шөвгийн дөрөвт Увс аймгийн хоёр аварга туналаа. Харин заалны барилдаанд илүүрхсээр байсан Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр дүүлсээр Дархан аварга Н.Батсуурийг хаяж, Баянхонгор аймгийн харьяат, Улсын начин Э.Батмагнай Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм давчихсан.
Увсын хоёр хүчтэн шөвгөрч байсан тохиолдол цөөнгүй. Энэ жил Увс аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тийм ч учраас Үндэсний их баяр наадамдаа дахин түрүүлчихье гэсэн эрмэлзэл байсан нь мэдээж. Ноднин гүрийсний эцэст аваргалж чадсан Н.Батсуурь энэ удаад дахин буурь, ухаан зааснаар П.Бүрэнтөгсдөө боломж олгохоор амаа авч байх шиг харагдсан.
Нөгөө талаас хэрэв үзүүр, түрүүнд Увсын хоёр хүчтэн туначихвал барилдаан сонирхолтой болохгүй байлаа. Өнгөрсөн жилээс үлдсэн дурсамж дахин сэдэрчих гээд, суудал дээрээ өндөлзсөн наадамчин олны сэтгэл хөөрөн догдлох боломжоор бага болох хүлээлт үүсчих гээд. Гэвч нэг нь 1998, нөгөө нь 2001 оны хоёр залуу бөх Увс аймгийн хоёр хүчтэнийг хаяж, нэг нэгэнтэйгээ гал гарсан барилдаан үзүүлж, эр баяраар тэнцүүхэн үзэлцэж, улмаар Э.Батмагнай түрүүлэн Улсын арслан цолоо хүртлээ.

76 жилийн дараа Баянхонгор нутгаас наадмын түрүүг авлаа. Сүхбаатар аймагт ч улсын цолтон төрөлгүй удсан. Аймгийн арслангаас зүлэг ногоон дэвжээн дээр хөл тавиад шууд үзүүрлэх хүртлээ дүүлж барилдсан Н.Өсөхбаяр баяр наадмыг гайхамшигтай сонирхолтой болгож өглөө.
Нөгөө талаас шөвгийн дөрвийн амыг Дархан аварга Н.Батсуурь авсан. Барилдааныг тэр шийдсэн гэсэн үг. Мөн Н.Өсөхбаярт унаад хацар дээр нь үнсэж, сүүлд үзүүр түрүүүний хоёр бөхийнхөө хамт тайзан дээр гарч ирэн тэврэлдсэн зэрэг нь дахиад л зөв стратеги байлаа. Тэр энэ жил муугаар хэлэхэд сайнаар хэлэгдэхээ, сайнаар хэлэхэд жудаг, туршлага заахаа мэдэж байв.

Увсын хоёр аваргын дундуур Н.Өсөхбаяр, Э.Батмагнай нарын аль нэг нь зүсэн орчихвол л наадмын барилдаан сонирхолтой өрнөх байсан бол бүр үзүүр түрүүнд үлдчихээр маш их анхаарал татсан. Хоёр гараараа газар тулчихсан хүндхэн байрлалаас босож ирж, Н.Өсөхбаярыг шидсэн 24 настай Э.Батмагнай яахын аргагүй монголчуудыг догдлуулж, огшоож чадлаа.
Хамгийн сайхан нь, тэдний амжилтад хэн ч эргэлзсэнгүй. Хэн ч жудаг юм уу нутаг ус урьсангүй. Цэнгэлдэх даяар төрийн тэргүүдийнхээ хамт давлагаалан уухайлж байв. Хаалтын ёслолд Э.Батмагнай, Н.Өсөхбаяр хоёр тэврэлдэн, “Халуун элгэн нутаг” дууны хөгжимд найгаж зогссон нь маш зөв мессеж, сайхан энерги, эв нэгдлийг цацруулж байсан. Ноднингийн үзүүр түрүүгээс эрс өөр дүр зураг, өгчилгөх мэдрэмж гэж энэ болов.

Залуу үе ирснийг тэмдэглэж, эв нэгдлийн хүчирхэг мессежийг тунхаглаж, таамаг эвдсэн энэ барилдаанаас хэрэв жилийн өнгийг шинжье гэвэл сайнаар буух болов уу.
Урьд жилүүдэд допинг илэрсэн асуудал ч намжиж, намдаж өгөхгүй, ерөөсөө ийм цэвэр цэнгэн барилдаан үзээгүй нэг мэдэхэд хэд хэдэн наадмыг өнгөрүүлчихсэн байна билээ, монголчууд. Хоёр удаа допинг хэрэглэж эрхээ хасуулсан Э.Оюунболд ч начны даваад найздаа унаад өгчихнө лээ. Хоёр начин, хоёр харцага бас аймгийн арслан цолоос дэвшин мэндэллээ.
Монголчууд мэргэн байдаг нь бас мэдэгдсэнийг тэмдэглэмээр. Сошиал хуудаст шөвгөрсөн дөрвөн бөхийн нэрсийг тавьж, санал асуулга явуулахад 50 хувь нь Э.Батмагнайг дэмжиж байсан. Э.Батмагнайн бэлтгэл сайн байгааг, тэр энэ жил чангарсныг, тэр маш сайн хичээснийг монголчууд мэдсэнээс гадна зүрх сэтгэлээрээ бас дэмжиж байсан юм байна. Тэр дагуу бас болдог л юм байна гэлцлээ.

Хэдийгээр наадмын нээлтийн ёслол маргаан дагуулсан ч ийм барилдааны ард хаалтын үйл ажиллагаа ч сэтгэл тэнэгэр болов. Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын хамт наадамласан монголчууд гадаад бодлогын хувьд ч ихээхэн ахицтай түүхийг тэмдэглэн үлдээж чадлаа.
Хэдийгээр Засгийн газар нь огцорч, шинээр бүрдээд удаагүй, улс төр халчихсан, хийх ажил их, хүлээлт янз бүрээр солонгорч байгаа хэдий ч улсын наадам сайхан боллоо.
Энэ жилийн наадмыг ардчилал, бас эв нэгдэл гэж тодорхойлъё. Монгол оронд ч түүнийг дагаад ардчилал, эв нэгдэл хоёр мандан бадрах болтугай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний өмчийг булааж хурааж дээрэмдэж авч өгнө гэж нүдээ цийтэл гөлөрч байгаа намын гишүүдийг намтай нь цуг устгав�##� болох нь тэр.
За даа ард иргэдийг баян ядуу болгож улс орныг дампууруулсан Ардчил�##� цаашаа , �##�дсан хөрөнгөө хурааж улс орноо хөгжүүлэн ядуурлаас гаргах Соци�##�изм коммунизм наашаа л гэе дээ.
Зайл м�##�аа