Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаан бүтээмжийг нэмдэг үү

Сүүлийн үед зарим улс орнуудад бүтээмжийн тухай яриа, маргаан хүч авах болсон. Тэдгээр улсуудын нэг нь Австрали юм. Тус улсын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт сүүлийн 60 жилийн хамгийн доод түвшинд хүрээд буй.

Үүнийг шийдвэрлэхийн тулд Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез ирэх сард бүтээмжийн чуулган зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус чуулгантай давхцан Бүтээмжийн комиссоос гаргах завсрын тайлантай давхацна. Тэрхүү тайлан шинэчлэл хийх таван тулгуур чиглэлд анхаарч буй. Тэдний нэг нь өгөгдөл, дижитал технологи, тэр дундаа хиймэл оюун ухааны (AI) талаар юм.

Энэ нь технологи болон бизнесийн салбарынханд тун таатай мэдээ. Учир нь технологийн салбарынхан AI-г бүтээмжийг өсгөх хамгийн том боломж гэж сурталчилсаар ирсэн. Үнэндээ Австралийн Бизнесийн Зөвлөл ч өнгөрсөн сард AI-г бүтээмжийг нэмэгдүүлэх "энэ үеийн хамгийн том боломж" гэж тодорхойлсон. Гэхдээ AI үнэхээр бүтээмжид нөлөөлж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Бүтээмж гэж юу вэ

Хялбараар бол бүтээмж гэдэг нь өгөгдсөн аливаа нөөцөөс (хөдөлмөр, түүхий эд) хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж авч чадаж байгааг хэлнэ. Бүтээмж өндөр байвал амьжиргааны түвшин дээшилдэг. Сүүлийн 30 жилд Австралийн орлогын өсөлтийн 80 хувийг бүтээмжийн өсөлт бүрдүүлсэн аж.Бүтээмжийг дараах түвшнүүдэд хувааж авч үзэж болно.

Зургийн эх сурвалж: UCF Business Incubation Program

Хувь хүний бүтээмж: Цагаа хэр үр дүнтэй ашиглаж байгаа вэ? Жишээлбэл, нэг цагт хэдэн и-мэйл хариулж чадаж байна вэ?

Байгууллагын бүтээмж: Тухайн байгууллага зорилгодоо хэр хүрч байна вэ? Тухайлбал, судалгааны байгууллага хэдэн чанартай судалгаа гаргаж байна?

Улсын бүтээмж: Эдийн засгийн үр ашиг. Ажлын нэг цагт ноогдох ДНБ-ээр ихэвчлэн хэмждэг. Энэ нь дээрх хоёр түвшний нийлбэр гэхэд болно. Гэхдээ хувь хүний болон байгууллагын бүтээмжийн өөрчлөлт улсын хэмжээнд яг хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг хэмжихэд хэцүү.

AI ба хувь хүний бүтээмж

AI хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлдэг үү гэсэн судалгаанууд хоёрдмол үр дүн үзүүлж байна. 2025 онд “Procter & Gamble” компанид хийсэн судалгаа AI ашигласан ажилчид AI ашиглаагүй хоёр хүний ажлыг ганцаараа хийж чадсан гэдгийг харуулжээ.

2023 онд Boston Consulting Group-д хийсэн судалгаа генератив AI (ChatGPT гэх мэт) ашигласан зөвлөхүүд ажлаа 18 хувиар хурдан хийсэн аж. Fortune 500 компанид хийсэн судалгаа 5,200 хэрэглэгчдэд үйлчлэх ажилчдын бүтээмжид AI хэрхэн нөлөөлснийг судалжээ. Тус судалгаа AI хэрэглэснээр ажилчдын цагт шийдэж буй асуудлуудын тоо 14 хувиар өссөнийг харуулсан юм. Арай бага туршлагатай ажилчдын хувьд бүтээмжийг нь 35 хувиар нэмжээ.

Гэхдээ AI бүтээмжийг үргэлж нэмдэггүй байна. 2,500 мэргэжилтний дунд явуулсан нэгэн судалгаа AI-н хэрэглээ ажилчдын 77 хувьд ажлын ачааллыг нэмэгдүүлсэн гэх үр дүн үзүүлсэн юм. Тэдгээр ажилчдын 47 хувь нь бүтээмжээ нэмэхийн тулд AI-г хэрхэн ашиглахаа мэдэхгүй гэж хариулсан байна. Тус судалгаа AI-н гаргасан үр дүнг шалгах хэрэгтэй болдог, AI-г ашиглаж сурах хэрэгтэй, хүмүүс AI-гаас хэт ихийг хүлээдэг гэх дүгнэлтэд хүрсэн юм.

“CSIRO”-ийн хийсэн өөр нэгэн судалгаа (Microsoft 365 Copilot ашигласан) AI олон ажилтны бүтээмжийг нэмсэн гэж үзсэн. Гэхдээ ажилтнуудын 30 хувь нь бүтээж нэмэгдээгүй гэж өөрсдийгөө дүгнэжээ. Мөн бүтээмж нь нэмэгдсэн гэж үзсэн ажилтнууд бүтээж нь илүү их хэмжээгээр нэмэгдэнэ гэж найдаж байсан аж.

Зургийн эх сурвалж: The Alternative Board

AI ба байгууллагын бүтээмж

AI байгууллагын бүтээмжийг яг хэдэн хувиар өсгөсөн бэ гэдгийг тодорхойлоход маш хэцүү. Учир нь байгууллагуудын үр дүн олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл AI байгууллагын бүтээмжид хэрхэн нөлөөлж болохыг харцгаая.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD): Салбар тус бүрт зориулсан уламжлалт AI нь бүтээмжийг 0-11 хувь хүртэл нэмж болно гэж тооцоолжээ.

2024 онд гарсан нэгэн тойм судалгаа: Герман, Итали, Тайваньд байгууллагууд бAI ашигласнаар бүтээмж нь өссөн гэх үр дүнд хүрсэн.

2022 онд АНУ-ын 300 мянган компанид хийсэн судалгаа: AI болон бүтээмжийн хооронд хүчтэй холбоо олдоогүй. Харин робот, үүлэн технологитой холбоо илүү хүчтэй байсан.

AI ба улсын бүтээмж

Улсын хэмжээнд AI бүтээмжид ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг бүр ч бүрхэг. Одоогийн байдлаар AI нь улсын бүтээмжид томоохон нөлөө үзүүлээгүй. Үүний нэгэн томоохон шалтгаан нь технологиудыг олон нийтэд нэвтрүүлэхэд хугацаа шаарддаг явдал юм. Компаниуд AI-г ашиглах аргаа олж, дэд бүтэц, ажилчдаа сургах ёстой.

Гэхдээ ийм нөхцөлүүд бүрдсэнээр AI үндэсний бүтээмжид заавал эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг биш. Тухайлбал, интернэт хүмүүсийн бүтээмжийг өсгөсөн гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгддэг. Гэхдээ гар утас, сошиал медиа зэрэг нь бүтээмжид хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг нь маргаантай асуудал. Энтертайнмент гэх мэт салбарт бусад салбаруудтай харьцуулахад гар утас, сошиал медианы нөлөө илүү тод ажиглагддаг.

Бүтээмж гэдэг нь зөвхөн хурдан ажиллах биш

AI нь энгийн ажлыг автоматжуулж, хурдан хийхэд туслан, бүтээлч зүйлд анхаарах боломж олгодог технологийн компаниуд ярьдаг. Гэхдээ энэ бол ажил амьдралын бодит байдалтай төдийлөн нийцдэггүй. И-мэйлүүдээ хурдан шалгалаа гээд үдээс хойш өөр бүтээлч зүйл хийхгүй байж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Харин ч илүү олон и-мэйл илгээсэн тул, илүү олон хариу авч, ажлын ачаалал нэмэгдэх сул тал бий.

Эх сурвалж: The Conversation

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button