Японы Токара арлуудын орчимд 2000 гаруй удаа газар хөдөлжээ

Японы Токара гэдэг алслагдсан арлуудын орчимд сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд газрын гадаргуу дээр мэдрэгдсэн газар хөдлөлтийн тоо 2000-ыг давсан талаар тус улсын Цаг уурын алба мэдээлжээ.
Уг бүлэг аралд багтдаг Акүшэкижима, Кодакаражима арлын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил зургаадугаар сарын 21-нд эхэлсэн байна. Энэ бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил 2021, 2023 онуудад мөн ажиглагдаж байсан боловч тухайн үед чичирхийллийн давтамж, хүч нь харьцангуй бага байжээ. Харин өнгөрсөн сарын хугацаанд 2000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд үүнээс хэд хэд нь 5-аас дээш магнитудын хүчтэй байсан байна.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн, эсвэл байшин барилга эвдэрч сүйдсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Токара бүлэг арал нь литосферийн хавтангуудын зааг дээр оршдог тул газар хөдлөлтийн идэвхжил өндөр байдаг ажээ.
Токара арлууд дээр нийлээд 650 орчим хүн амтай хэд хэдэн жижиг суурин бий бөгөөд оршин суугчдын зарим нь сайн дураараа нүүн шилжжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.