Их Британид багтрааны тохиолдол 45 хувиар нэмэгдсэн тул агаарын бохирдлыг бууруулахыг уриалж эхэлжээ

Агаарын бохирдол нь зөвхөн хөгжиж буй орнуудад тулгамдаад буй асуудал биш аж. Англид багтрааны улмаас эмчлүүлж буй өвчтөний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 45 хувиар өссөн байна. Үүний улмаас агаарын бохирдлыг бууруулахыг тус улсын мэргэжилтнүүд уриалах болжээ.
Их Британийн Гэр бүлийн (RCGP) эмч нарын коллежийн судалгаа, тандалтын төвийн мэдээллээр энэ оны эхний зургаан сард багтрааны 45,458 тохиолдол Англид бүртгэгдсэн байна. Харин 2024 оны мөн үед 31,376 тохиолдол бүртгэгдэж байсан юм.
Энэ тоо баримтаас өмнө Их Британийн Хааны эмч нарын коллеж нэгэн тайлан гаргасан байна. Уг тайлан Их Британийн хүн амын 99 хувь нь “хортой агаар” амьсгалж байна гэж дүгнэсэн юм. Тайлангаас харвал агаарын бохирдол долоо хоногт 500 хүний аминд хүрч, жилд 27 тэрбум фунт стерлингийн эрүүл мэндийн зардал, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний албын (NHS) ачаалал, хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал үүсгэж байгаа аж.
2025 оны эхний хагас жилд бүртгэгдсэн багтрааны тохиолдол сүүлийн таван жилийн дунджаас өндөр түвшинд хүрсэн гэдгийг тус “RCGP” мөн мэдээлсэн юм.
Багтраа нь амьсгаа бачуурах, цээж шахагдаж байгаа мэт шинж тэмдгээр илэрдэг: Энэ өвчин орчны бохирдол, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. “RCGP” мэдээлснээр хортой бодист өртөх нь өвчтөний уушги, амьсгалын замыг цочроож, багтрааны дайралтыг өдөөж болдог байна.
Тус коллежийн зүгээс засгийн газар болон томоохон хотуудын дарга нарт цэвэр агаарын бүсүүдийг өргөтгөхийг уриалжээ.
“RCGP”-ийн тэргүүн профессор Камила Хауторн “The Guardian” агентлагт хэлэхдээ “Агаарын бохирдол нь өвчтөний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг бид удаа дараа анхааруулсаар ирсэн. Харин багтрааны сүүлийн үеийн тоо баримт үнэхээр ноцтой байна” гэсэн юм.
Тэрбээр нэмж “Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан хямрал болоод байгаа ч энэ нь ихэвчлэн анзаарагддаггүй. Гэтэл агаарын бохирдол хүний бие махбод, сэтгэцэд хор хөнөөл учруулахаас гадна архаг өвчнүүдийг илүү сэдрээдэг. Бид Бирминхэм, Лондон зэрэг хотын захирагчдын хэрэгжүүлж буй “Ulez” хөтөлбөр гэх мэт агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг өндрөөр үнэлж байгаа. Гэвч хамгийн хүнд бохирдолтой бүсүүдэд чиглэсэн арга хэмжээг улам өргөжүүлэх шаардлагатай гэдгийг эдгээр тоон баримт харууллаа” хэмээсэн байна.

Хауторн Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам 10 жилийн төлөвлөгөөнд агаарын бохирдлыг багасгах асуудлыг зайлшгүй тусгах ёстой гэж хэлсэн юм. Тэр “Хэрэв бид энэ асуудлыг одоо шийдэхгүй бол хамгийн түрүүнд хохирох нь эмзэг бүлгийн иргэд. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал, эдийн засгийн хувьд сул бүсэд амьдарч буй хүмүүс хамгийн хүндээр нэрвэгдэх болно.Үүнээс гадна хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрахаас гадна, энэ байдал нь аль хэдийн ачааллаа дийлэхээ байсан NHS-д илүү их дарамт нэмнэ” гэжээ
“Asthma + Lung UK” байгууллагын гүйцэтгэх захирал Сара Слит багтрааны дайралт огцом өсөж байгаа нь үнэхээр санаа зовоосон үзэгдэл хэмээсэн юм.
Тэрбээр “Үүний цаана олон хүчин зүйл байгаа ч уушгины архаг хууч өвчтэй сая сая хүний хувьд агаарын бохирдол аюултай гэдгийг бид мэднэ. Агаарын бохирдол нь амь насанд аюултай багтрааны дайралтыг өдөөж, шинж тэмдгийг хүндрүүлж, хүмүүсийг амьсгалахад хүндрэлтэй болгодог. Мөн хүүхдийн уушгины хөгжлийг хязгаарлаж, цаашлаад удаан хугацаанд бохир агаар амьсгалах уушгины өвчин үүсэх эрсдэлийг ч нэмэгдүүлдэг” хэмээсэн байна.
Слит нэмж хэлэхдээ “Гэвч засгийн газар ДЭМБ-ын тогтоосон аюулгүй хэмжээнээс хамаагүй өндөр түвшинд буй агаарын бохирдлыг бууруулах тал дээр дорвитой алхам өнөөдрийг хүртэл хийсэнгүй” гэжээ.
Хааны хүүхдийн эрүүл мэндийн коллежийн ерөнхийлөгч, профессор Стив Турнэр багтрааны дайралтын тоо нэмэгдэж байгаад ихээхэн цочирдож буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр засгийн газарт хандан түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байна.
Их Британид хүүхдүүдийн 10 гаруй хувь нь багтраа өвчинтэй. Өмнө нь явагдаж байсан судалгаанууд агаарын бохирдлын түвшин нэмэгдсэн долоо хоногийн дараа хүүхдүүдийн эмчид үзүүлэх тоо эрс өсдөг гэдгийг харуулсан.
Турнэр “Багтрааны дайралт нь айдас төрүүлэм, ноцтой, амь насанд аюултай. Гэхдээ үүнээс сэргийлэх боломжтой. Өндөр түвшний агаарын бохирдлын өртөх нь багтраа үүсэх, сэдрэх гол шалтгаан болдог” гэж хэлжээ.
Хааны хүүхдийн коллежийн эмнэлзүйн судлаач Харри Апперлей “Хүүхдийн уушги жижиг, амьсгалах хурд өндөр байдаг тул тэд томчуудаас илүү их хэмжээний агаарыг богино хугацаанд амьсгалдаг. Тиймээс бохиртой агаарын нөлөөлөл хүүхдэд илүү хүнд тусдаг” гэж хэлжээ.
Тэрбээр нэмж “Эрүүл мэндэд нь хор хохирол учруулж байгаа орчинд амьдардаг хүүхдүүд, гэр бүлүүдтэй эмнэлэгт өдөр болгон би байна. Улстөрчид, бодлого боловсруулагчид одоо л хөдлөх хэрэгтэй. Эмч нар шаардлага тавьсан захидал, эсвэл бүр хүүхдүүд нас барсны дараа биш, урьд нь л арга хэмжээ авах ёстой” хэмээсэн юм.
Тэгвэл Их Британийн засгийн газрын төлөөлөгч “Агаарын бохирдол бол нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан ноцтой асуудал. Бид агаарын бохирдлыг шийдвэрлэх тал дээр тууштай ажиллаж байна. Орон нутгуудын захиргаанд агаарын чанарыг сайжруулахад зориулж 575 сая фунт стерлинг хуваарилсан. Мөн иргэд агаарын бохирдолд өртөх түвшнийг бууруулах зорилгоор хэд хэдэн шинэ арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч гуай утгын болон үг үсгийн �##�даа чинь арай л юмаа