Дэлхийн дипломат талбарт АНУ-ын үлдээсэн орон зайг БНХАУ нөхөж байна гэж шинэ тайлан анхаарууллаа

АНУ-ын Сенатын танхим дахь Гадаад харилцааны хорооны Ардчилсан намын гишүүдийн энэ долоо хоногт нийтэлсэн тайлан нэгэн зүйлийг анхааруулав. Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа АНУ-ын олон улс дахь оролцоог танаж байх үед БНХАУ дипломат нөлөөгөө өргөжүүлж байна гэж тус дайлан дүгнэжээ.
Гадаад харилцааны хорооны ажилтнууд олон сарын турш аялж, судалгаа хийж тэрхүү тайланг бичсэн байна. Трампын засаг захиргаа Төрийн департаментын төсвийг эрс танаж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2025.07.11/ эхлэн АНУ-д төвтэй 1,350 гаруй ажилтныг халж, нийтдээ 3 мянга орчим ажлын байрыг цомхотгохоор төлөвлөсөнтэй зэрэгцүүлж тус тайланг нийтэлжээ.
Үүнээс гадна Трампын захиргаа гадаад тусламжид зориулж төсөвлөсөн хэдэн тэрбум ам.долларын зардлыг танаж, АНУ-ын Гадаад хөгжлийн тусламжийн агентлагийн (USAID) үйл ажиллагааг үндсэндээ зогсоосон байгаа. АНУ тус агентлагаар дамжуулан хүмүүнлэг болон хөгжлийн тусламж үзүүлдэг байсан. Трамп тус агентлагийн олон мянган алба хаагч, гэрээт ажилтнуудыг халж, хөтөлбөрүүдийн 80 гаруй хувийг цуцалсан.
Шүүмжлэгчид хэлэхдээ “USAID”-ийн үйл ажиллагааг танаснаар АНУ гадаад дахь ашиг сонирхлыг хамгаалж, сурталчлах чадамж суларна гэж үзэж буй. “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол “USAID”-ийг татан буулгаснаар 2030 он гэхэд дэлхий даяар 14 сая гаруй хүн нэмж нас барахад хүргэж болзошгүй. Мөн АНУ-ын дэлхий дахинд үлдээж буй орон зайг БНХАУ нөхөхөөр ажиллаж магадгүй гэж хүмүүс анхааруулж байсан юм.
Харин Цагаан ордон сайт дээрээ “USAID”-ийн үйл ажиллагааг царцааж байгаа тухай хоёрдугаар сард нийтлэхдээ “Олон арван жилийн турш USAID татвар төлөгчдийн өмнө хариуцлага хүлээхгүй байсаар ирсэн. Тус байгууллагын хүнд сурталтай төрийн алба хаагчид инээд хүрэм, заримдаа бүр хорлонтой төслүүдэд асар их хэмжээний мөнгө урсгасан” гэсэн билээ. Трампын захиргаа энэ их үр ашиггүй зардал, луйвар, зүй бус байдлыг дуусгана гэж тус нийтлэлд бичсэн. “USAID”-ийг “Хэдэн радикал үзэлтэй галзуу хүмүүс удирддаг. Тэднийг ажлаас нь чөлөөлнө” гэж Трамп хэлжээ.

Ардчилсан намын ахлах гишүүн, сенатор Жийн Шахин шинэхэн тайлангийнхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Трампын захиргаа дэлхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтуудаасаа буцаад хэдхэн хоносны дараа БНХАУ АНУ-ыг найдвартай бус түнш хэмээн тодорхойлсон” гэж тус хорооны ярьжээ. Тэр нэмж хэлэхдээ “Бид хойш сууж байхад, тэд нөлөөгөө тэлж байна” гэсэн юм.
Трампын захиргаа мэдэгдэл хийхдээ гадаад бодлогын өөрчлөлт нь “America First” буюу “Америк нэгт” бодлоготой уялдаж байгаа хэмээсэн. Мөн Холбооны засгийн газрын агентлагуудын хэтийдсэн бүтцийг цомхотгож, үргүй ашиггүй зардлыг танах үйл ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарладаг.
Трамп өөрөө АНУ гадаад тусламжид хэт их хөрөнгө зарцуулдаг хэмээж, бусад орнууд ч ачааллыг үүрэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн.
Ардчилсан намын гаргасан тэрхүү 91 хуудас бүхий тайланд БНХАУ олон салбарт нөлөөгөө хэрхэн тэлж байгааг баримттайгаар дурдсан байна. Үүнд радио болон телевизийн өргөн нэвтрүүлэг, эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөр гэх мэт салбар багтаж буй.
Тайланд дурдсанаар, АНУ дэлхий даяар явуулдаг хөтөлбөрүүдээ цуцалж, бууруулсан хэд хэдэн тохиолдолд БНХАУ оронд орж иржээ. Үүнд вакциныг санхүүжүүлэх, хүнс нийлүүлэх, дэд бүтэц байгуулах зэрэг орж байгаа аж.
Жишээлбэл, АНУ Африк дахь хүнсний тусламжаа зогсоосны дараа гуравдугаар сард БНХАУ Уганда улсад 2 сая ам.долларын цагаан будаа хандивлажээ. Мөн АНУ Замби улс дахь 37 сая ам.долларын ХДХВ-ийн тусламжийн хөтөлбөрөө зогсоосны дараа БНХАУ тус улсад 500 мянган ширхэг ХДХВ-ийн түргэвчилсэн шинжилгээний тест хандивлах болсон байна. Мөн Бээжин цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэх уулзалтуудыг төлөвлөж байгаа юм.
Трамп гадаад тусламжаа зогсоож, худалдааны дайн эхлүүлсний дараа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Зүүн өмнөд Азийн орнуудаар зочилсон. Ши Жиньпин Вьетнам, Камбож, Малайзын удирдагчидтай уулзахдаа худалдааны дайны эсрэг БНХАУ-тай хамтран ажиллахыг уриалсан юм. Мөн тус айлчлалын үр дүнд Вьетнамтай төмөр замын гэрээ, Камбожтой эрчим хүч, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарт 37 хамтын ажиллагааны хэлэлцээ, Малайзтай техникийн болон үйлдвэрлэлийн солилцоо хийх тохиролцоо гарсан.
БНХАУ тавдугаар сард Латин Америкт “Хятад–Латин Америк болон Карибын форум”-ыг зохион байгуулж, тус бүс нутагт зориулан 9 тэрбум ам.долларын зээлийн, нэмэлт дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээ амласан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.