Ш.Мөнхжаргал: Цэлийсэн тал газрын охин Түнхэлд ирж суурьшаад 65 жилийг үдсэн байна

Хангайн нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн, өтгөн ой, тунгалаг горхи, намгархаг нуга хосолсон нэгэн тосгон бол Сэлэнгэ аймгийн Түнхэл. Өнөөдөр энэ нэрийг сонсоход байгальд ойр, нам гүм амгалан орчин төсөөлөгдөх ч өнгөрсөн зууны дунд үед, ялангуяа 1950-60-аад онд Түнхэл нь Монгол орны хойд бүсийн хөдөлмөр, бүтээн байгуулалтын нэгэн чухал цэг байжээ. Зөвлөлт Монголын хамтын ажиллагааны хүрээнд энд мод боловсруулах томоохон бааз байгуулагдаж, олон мэргэжилтэн, ажилчид хотоос хөдөө рүү, хязгаараас төв рүү биш харин төвөөс хязгаар руу чиглэсэн сонирхолтой шилжилт хөдөлгөөн өрнөсөн. Тосгоны хөгжил, ахуйн суурь энэ үед тавигдаж, цахилгаан, зам, сургууль, соёлын төв, эмнэлэг зэрэг суурь бүтцүүд бий болсон түүхтэй. Ийнхүү бид Түнхэл тосгонд олон жил ажиллаж, амьдарч ирсэн Ш.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Та уншигчдад өөрийгөө танилцуулаач. Анх хэзээ Түнхэл тосгонд ирж байсан бэ?
-Намайг Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Шагдарсүрэнгийн Мөнхжаргал гэдэг. Түнхэл тосгонд мод бэлтгэлийн аж ахуй үүсэх үеэр буюу 1960 онд ээж минь хүүхдүүдээ дагуулаад ажиллахаар ирсэн юм. Тэр үед хэд хэдэн аймгаас хүмүүс сонгогдон ирж байсан. Илгээлтийн эзэн гэдэг шиг элсэлтээр ирсэн гэж ярьдаг юм. Би тэр үед 10 настай байсан.
-Тэгэхээр 1960 оноос хойш Түнхэл тосгонд суурьшсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Би энд 10 настай ирсэн гэхээр одоо 65 жил аж төрж байна даа.
-Ямар аймгуудаас хүмүүс төлхүү ирж суурьшиж байсан бэ?
-Ерөнхийдөө баруун аймгуудаас л их хүмүүс ирсэн дээ. Баянхонгор, Баян-Өлгий, Төв аймаг гэх мэт. Манай аймгаас 10-аад шахуу л хүн ирж байсан. Бусад аймгаас ч гэсэн олон хүн ирж байгаагүй. Биднийг ирэхэд нутгийн уугуул иргэд ч гэсэн цөөхөн байсан.
-Аав, ээж хоёр нь хоёулаа Баянхонгор аймгийн харьяат хүмүүс үү?
-Тийм ээ. Манай аав Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Д.Шагдарсүрэн гэдэг хүн. Ээж минь Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Ж.Пүрэвсүрэн гэдэг хүн байсан.
-Хамгийн анх ирж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач. Мэдээж тал газрын охин хангай газарт ирэхэд ялгаа байсан л байх.
-Анх долоодугаар сарын 13-ний өдөр буюу наадмын маргааш ирж байлаа. Биднийг ирэхэд төмөр замын өртөө, хойд дэнж дээр хорих анги, урагшаа явахаар цэргийн анги л байсан. Манай гэр бүл гэрээ аваад нүүж ирсэн. Аав минь нутагтаа нас барсан юм. Ээж долоон хүүхдээ дагуулаад ирсэн дээ. Хамгийн том ах тухайн үед 16 настай. Бусад хүмүүс нь төлхүү л залуу хосууд. Тэдэнд зориулж ажилчдын орон сууц барьсан. Мод бэлтгэлийн аж ахуйд ажилладаг хүмүүс тэр шинээр баригдсан байранд орсон. Баянхонгор аймагт чинь халгай, хангай газрын өвс ургамал байхгүй шүү дээ. Ер нь бол говь, хээрийн бүс. Өвс, ургамал мэдэхгүй ч байж бас жаахан ч байж. Ээж халгайн дээр гишгэж болохгүй шүү гэж хэлсэн ч вагонаас буугаад хоёр алхаад л шууд халгайнд түлэгдэж билээ. Цэлийсэн тал газраас ирсэн охинд хангай газар их л сонин, содон санагдсан даа.

-Таныг ирэхэд сургууль баригдсан байсан уу?
-Баригдаад удаагүй, дөнгөж гуравдугаар анги хүртэл л элсэлт авдаг байсан. Би дөрөвдүгээр ангиа Төв аймгийн Батсүмбэр суманд дүүргээд, төгсөөд ирсэн. Үргэлжлүүлэн Зүүнхараад сураад, Улаанбаатар хотод арван жилээ дүүргэсэн. Оюутан болоод Барилгын техником, Санхүү эдийн засгийн дээд сургуульд нягтлан бодогчоор сурч төгсөөд 1974 онд буцаад модны үйлдвэртээ мэргэжилээрээ ажилд орсон. Нягтлан болсон шалтгаан нь долоодугаар ангиа төгсөөд мод бэлтгэлийн ангид нярав хийж байсан юм. Намайг сургаж, ахалж байсан нягтлангууд сайхан хүмүүс ч байсан. Намайг сургуульд сураад ир гээд нягтлан бодогчоор сурсан.
-Ам бүл хэдүүлээ вэ. Хүүхдүүд нь бүгд Түнхэл тосгондоо төрж, өссөн үү?
-Манайх зургаан хүүхэдтэй. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг хүү минь бурханы оронд явсан. Одоо зургаан охинтой, охид минь хүүхдүүдтэй болоод өнөр өтгөн сайхан амьдарч байна. Бүгд л энэ тосгондоо төрж, өсөөд тусдаа гарцгаасан. Том охин Англид, дараагийн охин Германд, бас нэг охин минь гэр бүлийн хамт Австралид ажиллаж амьдарч байгаа. Нэг охин маань Түнхэл тосгондоо захиргааны төвд ажилладаг. Үлдсэн хоёр охин хотод ажиллаж, амьдардаг.

-Анх ханьтайгаа хэрхэн танилцаж, учирч байсан бэ?
-Тухайн үед тал талд сургууль төгссөн мэргэжлийн хүмүүсийг авчирч ажиллуулдаг байсан юм. Нөхөр маань ойн техник механизмын сургуулийг Орос Улсад сурч төгсөөд 1965 онд Түнхэлд ирсэн. 1968 онд бид танилцаад тэгээд л гэрлэсэн дээ.

-Тухайн үед ажиллаж байсан мод бэлтгэлийн ангийн талаар ярьж өгөөч.
- Мод бэлтгэлийн аж ахуй ажиллаж байх үед шигүү ойтой, ойрын 40-100 километрийн зайнаас модоо бэлтгэдэг байсан. Хувьчлалд очсоны дараа модны үнэ өндөр болох үеэр хэн дуртай нь л мод бэлтгэдэг болсон. Модны нөөц илт багассан байна лээ одоо. Мөн бие даасан хариуцлага гэдэг зүйл үгүй болж буй. Мод бэлтгэлийн анги байх үед бүх хүн дор дороо хариуцлага өндөртэй, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал алдлаа гэхэд тухайн хэсгийг хариуцсан хүмүүс нийлээд унтраачихдаг байсан бол одоо танихгүй хүмүүс ирээд л мод бэлтгээд анхааралгүй байдлаасаа болоод гал алддаг. Өөрийн гэсэн хариуцлагагүй л байгаа юм л даа.
-Энэ нутагт ямар, ямар мод ургадаг бэ?
-Хар мод, шинэс илүү их ургадаг. Нарс, хуш гээд мод болгоны л нөөц бий. Сүүлийн үед тосгонд байдаг 10 гаруй аж ахуй нэгж, хүмүүс эргүүлээд модоо үрсэлгээний аргаар ургуулж буй. Үрсэлгээний аргаар мод тарих гэдэг нь модны үрийг урьдчилан соёолж, тодорхой хугацаанд хяналттай орчинд ургуулсны дараа байгальд жишээлбэл, ойжуулалтын талбайд шилжүүлэн суулгах арга юм. Энэ нь байгаль дээр шууд үр тарихаас илүү өндөр үр дүнтэй, ургалтын баталгаатай арга гэж тооцогддог. Ингэж тарьж, ургуулж буй хэдэн хүмүүс байгаа.
-Танай байшин, хашаа яг л Орос айлыг санагдуулахаар харагдлаа. Байшингаа анх, хэрхэн бариж байв?
-Бид хоёр ханилаад голын эрэг дагуу тухайн үед засгийн байшин гэж ярьдаг байсан, тэр байшинд амьдардаг байлаа. Охидууд ихэнх нь оюутан болоод, орой суудлаас буугаад гэртээ харихад зайтай байсан юм. Охин хүүхдүүд шөнө, оройн цагаар аюултай шүү дээ. Тухайн үед тосож аваад нааш, цааш хүргэх машин байгаагүй. Хот руу буцах үедээ бас л холоос шөнө алхаж явна. Тийм учраас төв рүү газар аваад байшин барья гэж ярилцсан. Манай байшингийн суурь хуучин мод бэлтгэлийн аж ахуйн конторын барилга. Хувьчлалд ороод авсан эзэд нь нураагаад ашиглаагүй. Ерөнхийдөө хогийн цэг шиг л юм болсон. Би чинь багаасаа л энэ газартаа амьдарч, ажиллаж байсан учраас нурсан барилгын хог, суурийг нь хараад их л харамсалтай, эвгүй санагддаг байсан юм. Тэгээд л төв рүү нүүх бодолтой байсан учраас бүгдийг нь цэвэрлэж янзлаад байшингаа барьсан. 23 жилийн настай байшин даа.


-Вагоны сигнал, зөрлөг зөрөх дохио гэх мэт төмөр замын дуу чимээнд дасчихсан уу. Хотоос хааяахан ирдэг бидэнд их л содон сонсогддог.
-Анх бол чимээ битгий хэл вагонд суухад ч сонин санагддаг байлаа. Одоо бол дасаад мэдэгдэх зүйлгүй болжээ.
-Түнхэл тосгонд сүүлийн хэдэн жил гадны амрагчид ихээр ирдэг болсон. Энэ тал дээр суурин амьдардаг айлын хувьд ямар бодолтой байдаг вэ. Мэдээж өмнөх шигээ тайван, чимээгүй тосгон биш олны хөлд дарагдсан хүн бужигнасан газар болж байгаа шүү дээ.
-Манай Түнхэл чинь жижиг тосгон. Гадны амрагчид ирэхэд ачаалал бол маш их болдог. Санхүү, эдийн засгийн хувьд сайн ч гэсэн, байр байгууламж, наад зах нь гэхэд хогийн цэг хүртэл цөөн тооны хүмүүст л зориулагдсан байдаг. Цэвэр бохирын нэгдсэн систем байхгүй учраас дийлэнх айлууд нүхэн жорлонтой. Мөн хөрсний бохирдол ихээхэн үүсэж байна. Үүнийг зохицуулаад амрагчид хүлээн авах таатай нөхцөлтэй болоосой л гэж боддог. Хүмүүс амралт аваад буувал арай дээр. Гэвч голын эрэг дагаад майхан, машинтай хононо. Үүнийг дагаад хог болон бохирдол үүсдэг. Зуны цагт нэг суудлаар гэхэд 200-300 хүн ирэх тохиолдол бий. Үүнээс гадна өөрсдийн автомашинаар ирдэг иргэд ч байгаа. Тэгэхээр зөв соёлтой амраад, амрагчид тухтай цэвэрхэн амрах боломжийг нь бүрдүүлээсэй л гэж бодох юм.
-Түнхэлийг зорих болсон иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг та юутай холбоотой гэж бодож байна?
-Байгаль сайтай, хотоос холгүй яваад ирээд, хямд зардлаар амарч болох газар. Түрээсийн гэр, шовгор 100-160 мянган төгрөгийн хооронд байдаг.
-Өнгөрсөн 65 жилийн хугацаанд их л зүйл өөрчлөгдөж, сайжирсан байх. Таны бодлоор хамгийн сайнаар хөгжиж, өөрчлөгдсөн зүйлс юу бол?
-Мэдээж олон зүйл л өөрчлөгдсөн. Сайнаар өөрчлөгдсөн олон зүйл байна. Аж үйлдвэрийн анги байсан бол одоо олон жилийн түүхтэй, сайхан тосгон болжээ. Намайг анх хүүхдүүдээ төрүүлж байхад жижигхэн өрөөнд эмч, сувилагч нар гал түлээд л төрүүлж байлаа. Харин одоо бол тосгоны иргэдэд хүртээмжтэй сайхан эмнэлэгтэй боллоо. Цагдаагийн газар, захиргааны байр, соёлын төв гээд олон сайхан байгууламжтай болжээ. Харин одоо өөрсдийн эдийн засгаа эргэлдүүлэх боломжийг бүрдүүлээд ямар нэгэн үйлдвэртэй болвол зүгээр санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан ярицлага өгсөн ойн ахмад ажилтан танд баярл�##�аа. Урт удаан наслаараы
Хонгор нутгийн нэгэн сайхан эмэгтэй сайхан дурсамж үлдээжээ. Урт нас�##�ж удаан жаргаарай
Нутгийн эгч байна. Даанч намайг төрөөгүй байхад нутгаасаа гарч. Урт удаан наслахыг хүсье.
Ах эгчдээ баярын мэнд хүргэе. Урт удаан наслаж эрүүл энхийг хүсэн ерөөе.
Түнхэл тосгоны түүхийг өгүүлэх хүний нэг бол яах аргагүй ах, эгч хоёр маань шүү, сайхан бэр эгч Тандаа болон удмын хүндтэй ахдаа урт нас�##�ж удаан жаргахыг ерөөеөө????????????