ГадаадНИЙГЭМНийгэм мэдээ

Мартин Лютер Кингийн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг дэлгэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа өнгөт арьст америкчуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалттай холбоотой, нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичгүүдийг олон нийтэд ил болгосон байна.

Эдгээр баримтын дунд Холбооны мөрдөх товчоо түүнийг тагнан мөрдөж байсан тухай материалууд байгаа ажээ.

“Америкийн ард түмэн доктор Кингийн амийг хөнөөсөн хэрэгт засгийн газраас хийсэн мөрдөн шалгалтын бүх баримтыг үзэхийг 60 шахам жил хүлээсэн” гэж Үндэсний Тагнуулын газрын захирал Талси Габбард мэдэгдээд “манай улсын түүхэнд тохиосон энэ эмгэнэлт, чухал үйл явдлын талаарх мэдээллийг бүрэн ил тод болгох ажлын хүрээнд ямар ч жижиг нарийн зүйлийг орхигдуулахгүй гэдгийг бид баталж байна” гэсэн аж.

Габбардын хэлснээр, нийтдээ 230 мянга гаруй хуудас баримт бичгийг “хамгийн бага хэмжээгээр засвар оруулж”  нийтэд ил болгосон бөгөөд эдгээрийг АНУ-ын Үндэсний Архивын цахим хуудаснаас үзэх боломжтой.

Д.Трамп үүрэгт ажилдаа орсныхоо дараа 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди, түүний дүү Роберт Ф.Кеннеди, мөн Мартин Лютер Кингийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргах зарлигт гарын үсэг зурсан юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгч, номлогч Мартин Лютер Кинг (бага) 1968 оны дөрөвдүгээр сарын 4-нд АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотод буудуулан амиа алджээ. Уг хэргийг өмнө нь ял шийтгэл эдэлж байсан Жеймс Эрл Рэй үйлдсэн гэдгээ хүлээсэн ч түүнийг хэрэг хүлээсэн мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан гэж дараа нь мэдэгдсэн байдаг. Тэрбээр 1998 онд шоронд нас барсан юм.

Мартин Лютер Кингийн гэр бүл Жеймс Эрл Рэйг энэ хэрэгт буруутай эсвэл ганцаараа үйлдсэн гэдэгт эргэлздэгээ олон удаа илэрхийлж байжээ. Түүнчлэн Кингийн олон нөхөд, хамтран зүтгэгчид тухайн хэргийн талаарх албан ёсны дүгнэлтэд эргэлздэг байв.

Кингийн гэр бүлийнхэн нууцын зэрэглэлтэй баримтуудыг нийтэд ил болгохыг өмнө нв эсэргүүцэж байжээ. Түүний хоёр хүүхэд болох III Мартин Лютер Кинг болон Бернис Кинг нар мэдэгдэхдээ "бидний эцгийн өвийг сүйтгэхийн тулд баримт бичгийг ашиглах гэсэн аливаа оролдлогыг" эсэргүүцэж байна гэжээ. 

“Эдгээр баримтыг нийтэд ил болгоход оролцох хүмүүсийг манай гэр бүлийн гашуудал үргэлжилсээр байгааг харгалзан энэрэнгүй, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандахыг бид хүсэж байна. Баримтуудыг нийтлэхдээ тухайн үеийн түүхэн нөхцөл байдлын хүрээнд бүрэн авч үзэх ёстой” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд мөн засгийн газар Кингийг тагнасан нь “хувийн амьдралд халдсан явдал” төдийгүй “үнэнд санаатайгаар халдсан хэрэг” байсан бөгөөд түүний “энгийн иргэний нэр төр, эрх чөлөөг нь булаасан” хэмээн онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button