Жим Керри: Өөрийн санаа бодол, улс төрийн үзэл рүүгээ буцаж орсон минь гүн хямралын эхлэл болчихсон

Холливудын алдарт жүжигчин Жим Керри “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.
Ноён Кэрри, танд хэзээ нэгэн цагт гэгээрлийн мэдрэмж төрж байсан уу?
Тийм ээ, сүүлийн хэдэн жилд би маш их өөрчлөлт, олон ойлголт, гүн ухааны "сэргэлт" шиг мэдрэмжүүдийг мэдэрсэн. Тэр бүх мэдрэмж юмс зүйлсийн талаар ухаарахад хүргэсэн. Одоо хийж буй бүтээлч ажлууд маань бүгд энэ ойлголт руу чиглэж байгаа. “Бид юу юм бэ? Яагаад энд байгаа юм бэ?” гэх асуултын хариу нь бол “Юу ч биш, ямар ч утгагүй”. Ямартай ч миний бодлоор л гэхэд хариулт нь энэ. Зүгээр л хэлбэр дүрсээр тоглож байгаа мэт зүйл.
Энэ сэргэлт мэт мэдрэмжийг юу өдөөсөн гэж бодож байна?
Би хүн болгоны хүсдэг зүйлсийг өөрийнхөө амьдралд хүртэж чадсан. Гэхдээ тэр бүхний дараа ч аз жаргалгүй байгаагаа мэдэрсэн. Энэ бол маш цочирдом мэдрэмж. Хүн хүссэн бүхнээ биелүүлсний дараа ч аз жаргалгүй байж болдог гэдгийг ойлгох нь их сонин. Бурхан минь, амьдралын утга чинь ийм зүйлд оршдоггүй юм байна шүү дээ гэж ухаарна. Би хүн бүрийг ийм нөхцөл байдалд хүрээсэй гэж хүсдэг. Тэгвэл тэд ч бас үүнийг ойлгоно. Зовлонг ойлгох нь авралд хүрэх зам. Учир нь зовлонг ойлгосноор та энэрэн хайрлах сэтгэлтэй болно, харин дараа нь гэнэт эрх чөлөөг мэдэрнэ.
Тэгэхээр танд тийм зүйл тохиолдсон гэсэн үг үү?
Тийм ээ. Гэхдээ “надад” тохиолдсон гэж хэлэхгүй. Яагаад гэвэл “би” гэж зүйл байхгүй. Тэр явдал зүгээр л болсон гэсэн үг. “Би” гэж байхгүй, зүгээр л энерги л байна гэдгийг ойлгуулсан.
Энерги гэж үү?
Тийм ээ, энерги бол би. Энерги надтай байгаа. Ямар ч муу энерги байсан хамаагүй. Би сүүлийн жилүүдэд маш хүнд цаг үеийг давсан туулсан. Тийм зүйлийг би хэнд ч хүсэхгүй. Гэхдээ тийм зүйлийг туулсны үр дүнд амьдрал, бодит байдал ба бодит бусын тухай ойлголт минь хязгааргүй тэлсэн. Зовлонг ойлгох чадвар бол үнэт зүйл. Энэ бол авралын зам. Учир нь зовлонг ойлгосноор энэрэн хайрлах сэтгэлтэй болж, дараа нь гэнэт эрх чөлөөг олж авна. Тэгээд энэ ухаарал дараа нь надад хайрлах, хайрлагдах, бүтээх, бахархуулмаар зүйл хийх хүсэл эрмэлзлийг төрүүлсэн.
Тэгвэл та одоо хуучин кинонуудаа эргээд харахад сонин санагддаг уу? Өөр хүнийг харж байгаа юм шиг мэдрэмж төрдөг биз?
Тийм ээ. Өөрийгөө хэн нэгэн гэж боддог хүнийг хардаг. Дүр бүтээх гэж оролдож байсан хүнийг хардаг. Жишээ нь, 1999 онд “Man on the Moon” кинонд Энди Кауфманы дүрд тоглохдоо би дүрдээ бүрэн шингэж чаддаг гэдгээ ойлгосон. Дүрийн дотор амьдарч болно гэдгийг ойлгосон. Энэ бол сонголт байсан. Харин кино дууссаны дараа би “Би хэн бэ?”, “Би юунд итгэдэг вэ?”, “Намайг юу баярлуулдаг, юу миний дургүйг хүргэдэг вэ?” гэж өөрөөсөө асууж, нэг сар гаруй хугацаанд бодлогширсон. Өөрийн санаа бодол, улс төрийн үзэл рүүгээ буцаж орсон нь гүн хямралын эхлэл болсон. Гэхдээ тэр үед миний ухамсарт өөрчлөлт аль хэдийн явагдчихсан байсан. Хүлээгээрэй, би Жим Кэрриг дөрвөн сарын турш орхиж чадсан бол, Жим Кэрри гэж хэн юм бэ? Тэр чинь ер нь юу юм бэ гэж бодогдсон.

Тэгээд та юу ойлгосон бэ?
Би одоо Жим Керри гэж хүн үнэндээ байхгүй гэдгийг ойлгосон. Жим Кэрри бол зүгээр л хүмүүсийн доторх бодлууд, тодорхойлолтууд. Санаанууд төдий.
Энэ нь яг юу гэсэн үг вэ?
Шинжлэх ухааны үүднээс яривал, энэ бол өөрийгөө “юм” гэж итгэдэг тетраэдрын бөөгнөрөл л юм. Гэхдээ энэ бол санаа, зүгээр л санаанууд. Жим Кэрри гэдэг бол миний эцэг эхийн надад өгсөн тодотгол. Би Ирланд-Шотланд-Франц гаралтай гэдэг нь надад өгчихсөн, өгөгдчихсөн санаа төдий гэх үү дээ. Канадын иргэн гэдэг нь бас өгөгдсөн. Би хоккейн багтай байсан, бас шашин шүтлэг гэх мэт бүхий л зүйлс нийлээд нэг төрлийн Франкенштейний дүр бүтээдэг. Яг л аватар мэт. Энэ бүх зүйл нийлээд “Би ийм хүн” гэдэг ойлголтыг бүрдүүлдэг. Та хуульч биш, жүжигчин ч биш. Хууль судлах бол хэн нэгний хийж буй үйлдэл, жүжиглэх бол бас л үйлдэл. Гэхдээ үнэндээ хэн ч хуульч биш. Тийм “хүн” гэж байхгүй.
Тэгэхээр юу ч бодит биш үү?
Хүмүүс өөрийнхөө дүрийг аль болох сайн бүтээх гэж хичээж яваа гэж би боддог. Гэхдээ тийм ээ, энэ бүхнийг би бодит гэж үздэггүй.
Таныг саяхан зураг зурж эхэлсэн гэж сонссон. Зураг зурах нь ийм том сэтгэл зүйн өөрчлөлтүүдтэй тэмцэхэд тань тус болсон уу?
Тийм ээ. Зураг зурах бол өөрийгөө бүтээх бас нэгэн хэлбэр л байсан. Сэтгэл өвтгөсөн нэг явдлаас болж би зурж эхэлсэн. Надад хэд хэдэн хэцүү зүйл тохиолдоод байсан юм. Дотоод мэдрэмжээ ямар нэгэн зүйл хүлээлгүй шууд илэрхийлэх шаардлагатай байсан тул зурж эхэлсэн. Ямар нэгэн зүйл хүлээх хэрэггүй. Яг одоо энэ санааг л зурчихъя. Яг одоо энэ санааг баримал болгоё. Харин дараа нь жил хагасын дараа ямар санаа илэрхийлэх гэснийг ойлгоно гэх мэт. Үнэхээр гайхалтай мэдрэмж шүү.
Зурсан зурагнууд тань үзэсгэлэнд тавигдаж байгаа нь бас таатай биз?
Тэр тусмаа бүр Лас Вегасын үзэсгэлэнд шүү дээ! Би урлагийн эсрэг цэг рүү явсан. Олон нийт очиж үзэж болох газарт бүтээлээ байрлуулахыг би хүссэн. Тэд зураг худалдаж авч чадахгүй байж болох ч харж болно. Ирээдүйд галерейд үзэсгэлэнгүүд ч хийж магадгүй. Гэхдээ одоохондоо жирийн хүмүүс уран бүтээлч хүн бүтээлдээ хэрхэн бүрэн автдаг болохыг мэдрээсэй гэж би хүсэж байна. “Jim & Andy: The Great Beyond” ийм байдлаар үүссэн. Би өнгөрсөн жил Спайк Жонзтой “Man on the Moon” киноны зураг авалтын үеэр Энди Кауфманы дүрд орсон туршлагынхаа тухай ярьсан юм. Тэгээд бид тэр бичлэгүүдээр баримтат кино хийсэн. Одоо кино дүрүүд намайг олдог. Би тоглох дүрүүдээ хайдаггүй биш.

Тэгвэл “Man on the Moon” киноны Энди Кауфманы дүрд орсон тэр хүн аз жаргалтай байсан гэж бодож байна уу?
Би бодохдоо, тэр хүнийг бүтээж буй агшинд аз жаргалтай байсан. Ажил мэргэжил гэдэг чинь юу ч байж болно. Өсөлт, уналт, түр зуурын зүйлс, эрч хүч ээлжилдэг. Яг юу мэдэрч буйгаа хэл яриагаар тайлбарлахад хэцүү байна л даа. Гэхдээ би яг одоо маш их сэтгэл хангалуун байна. Энэ мөчид мэдрэгдэж буй зүйл бол талархал, гайхширал, баяр хөөр, энэ бүхэн юу болж хувирч байгаад гайхах мэдрэмж. Энэ төсөл зүгээр л цаанаасаа, органикаар урган гарч ирсэн. Дүрс бичлэг нь тоглоом, дэггүй байдлаас бүтсэн. Мөн тэр гайхамшигтай, онцгой уран бүтээлчийг хүндэтгэх сэтгэлээс төрсөн. Тийм эрч хүчийг хүндэтгэсэндээ нэг талаараа энэ бүхэнд би сэтгэл ханамжтай байгаа. Гэхдээ энэ төсөл минийх биш. Зүгээр л оршиж байгаа зүйл.
Эх сурвалж: The Talk
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.