НИЙГЭМНийгэм мэдээ

Трампын цагаачлалын бодлогоос болж хоригдож байсан Монгол Улсын иргэнийг суллажээ

АНУ-ын Отай Мэса хорих төвд хэл, сонсголын бэрхшээлтэй Монгол Улсын иргэн 80 гаруй хоног хоригдож байгаа талаар бид өнгөрөгч тавдугаар сард мэдээлсэн билээ.

Тэгвэл CalMatters сайтад энэ сарын эхээр түүний нөхцөл байдлын талаар дахин мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд АНУ-ын Өмнөд Калифорни дахь цагаачлалын хорих ангиас түүнийг сулласан талаар өгүүлсэн байна.

Гэр бүлийнхэн нь түүнийг эх оронд нь буцаах тохиолдолд аюул учирч болзошгүй хэмээн болгоомжилж, түүнийг зөвхөн Авирмэд нэрээр нь танилцуулахыг хүссэн аж.

2025 оны долоодугаар сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн шүүхийн шүүгч Дана Сабро Отай Месагийн цагаачлалын хорих төвийн албаныханд Авирмэдэд зориулан монгол дохионы хэлний орчуулагч гаргаж өгөхийг тушаасан ба түүнд өмнө нь хэл мэдэх орчуулагч олгоогүй байсан нь ганцаарчилсан хоригдол мэт нөхцөл байдалд хүргэсэн талаар өмгөөлөгч нь ярьжээ.

Шүүхийн баримтаас үзвэл, цагаачлалын албаныхан Авирмэдээс Монгол руу буцахаас айж байгаа эсэхийг асуухдаа Google Translate ашигласан ч түүнийг буруугаар ойлгож, спонсорыг нь "Virginia Washington" гэх нэртэй охин гэж тэмдэглэсэн байна. Гэтэл түүнд охин байхгүй, харин Виржиниа мужид амьдардаг АНУ-ын иргэншилтэй эгчтэй юм. Хоригдож буй хэргийн талаар анх түүний төрсөн эгч нь мэдээлэл өгч байсан.

Эгч нь одоо түүнтэй хамт байгаа тухайгаа баталсан байна. Авирмэдийн өмгөөлөгчид болох "Disability Rights Legal Center" болон "Disability Law United"-ийн хуульчид түүнд орчуулагч, хэлмэрч олгохгүйгээр шүүхийн үйл явцыг явуулсан нь түүний иргэний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Тэд холбооны хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар ч төрийн байгууллагын зүгээс ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтыг иш татсан ба АНУ-ын Өмнөд Калифорнийн шүүхийн прокурорын газар Авирмэдийг сулласантай холбоотойгоор тайлбар өгөхөөс татгалзсан байна. Мөн шүүгч Сабро Авирмэдийн цагаачлалын өргөдөлд нөлөөлж болзошгүй хоёр үнэлгээг дахин хийхийг төрийн байгууллагад үүрэг болгожээ. Эдгээр үнэлгээг түүний ойлгодоггүй хэл дээр хийсэн нь зохисгүй гэж шүүгч үзсэн юм. Үнэлгээнүүдийн нэг нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг, нөгөө нь эх орондоо буцвал аюул учрах эсэхийг тогтоох зорилготой байжээ.

Авирмэд нь 2025 оны хоёрдугаар сард хөгжлийн бэрхшээлээс шалтгаалсан хавчлагаас зугтан АНУ-д орогнол хүсэж ирсэн бөгөөд түүнээс хойш Отай Месагийн саатуулах төвд хоригдож байжээ. Шүүхийн баримтад тэмдэглэснээр, 2020 онд Монголд түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар зодож, улмаар тархины гэмтэл авснаас болж таталт өгдөг, ой санамжийн асуудалтай болсон байна.

Түүний АНУ-д хэрхэн ирсэн талаар гэр бүлийнхэн нь мэдээлэхээс татгалзаж буй. Түүнийг яагаад гэнэт сулласан нь одоогоор тодорхойгүй хэвээр. Цагаачлалын шүүхийн бичиг баримтад нэмж батлан даалтаар суллагдсан талаарх мэдээлэл байхгүй байсан бөгөөд өмгөөлөгчид нь одоогоор тайлбар өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
7 сар 23, 2025 16:48

Эх орноосоо муулж гадаадын шоронд орсон юм уу
Хэлэх үг �##�га

Бодит байдал
Бодит байдал
7 сар 23, 2025 19:06
Reply to  Монгол

Чи дут,хүний зовлонг хэн ч ойлгохгүй.Чамд ч бас тийм өдөр ирж болно,бусдын зовлонгоор зугаагаа гаргах хэрэггүй.

Back to top button