НИЙГЭМНийгэм мэдээ

Г.Мягмаррагчаа: Аргаль хонины тоо, толгой буурч байгаа нь генийн асуудалтай холбоотой

Монгол оронд аргаль хонь Алтайн нуруу, Говь-Алтай, Хангай, Хэнтийн уулсаас эхлээд говь хээрийн бүс нутгийн уул толгод, хадан цохио бүхий газар орнуудаар өргөн тархан нутагшин амьдардаг. Тэдгээрийн дотор Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдаг уулс бол аргаль хонины тархалтын хойд захын чухал бүс нутагт тооцогддог. Энэ нутгийн уулын хахир хатуу орчин, өндөрлөг, хүйтэн уур амьсгалд дасан зохицон нутагшсан аргаль хонь нь биологийн болон экологийн хувьд тодорхой онцлогтой. Бид Хөвсгөлийн Хорьдол Сарьдаг ууланд нутагшин амьдарч буй аргалийн тухай илүү нарийн мэдээлэл авахаар тус бүс нутгийг хариуцан хамгаалж, хяналт шалгалт явуулдаг “Улаан тайгын Тусгай хамгаалалттай газар”-ын хамгаалалтын захиргааны хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Ганбаатарын Мягмаррагчаатай ярилцлаа.

-Хэзээнээс эхлэн “Улаан тайгын Тусгай хамгаалалттай газар”-ын захиргаанд ажилласан талаар яриагаа эхлүүлэх зүйтэй байх.

-2014 онд улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Тэнгис Шишгэд голын ай савын байгалийн цогцолборын Шарга Хавхан голыг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

-“Улаан тайгын Тусгай хамгаалалттай газар”-ын талаар уншигчдад тайлбарлаж өгөөч. Мэдэхгүй хүмүүс олон байгаа байх.

-Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь 2012 онд Дархадын хотгорын Улаан Уул Баянзүрх Рэнчинлхүмбэ Цагаан нуур сумын нутаг дэвсгэрийг хамарсан улсын хойд хилийн бүс дагуу хамарсан улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис шишгэдийн байгалийн цогцолборт газар Хорьдол Сарьдгийн дархан цаазат газар гэсэн 1.6 сая газар нутгийн хамгаалалтын менежментийг хариуцан ажиллаж байна. 2025 оны 3 сард байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тэнгис шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа цагаан нуур суманд байгуулагдан манай захиргаанаас салж үйл ажиллагаагаа явуулж байна. манайх одоо 2 дархан газрыг хариуцсан 700 гаруй мянган га талбайг хариуцан ажиллаж байна. Анх хорьдол сарьдагийн дархан цаазат газар 1997 УИХ-ын тогтоолоор дархан цаазат газрын ангилалд хамруулан хамгаалалтанд авч байсан. 2011 оны УИХ-ын тогтоолоор Улаан тайгын Дархан цаазат газар, Тэнгис шишгэдийн байгалийн цогцолборт газар гэсэн хоёр тусгай хамгаалалттай газар нэмэгдэж, 2012 оны намар Улаан-уул суманд энэ гурван газрын хамгаалалтын менежментийг хариуцан ажиллахаар манай хамгаалалтын захиргаа байгуулагдаж байсан.

-Монгол Улсын хойд бүс нутагт оршдог гэхээр биологийн олон төрөл зүйлийн хувьд их ач холбогдолтой юм байна.

-Тийм ээ. Энэхүү газар нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд онцгой ач холбогдолтой. Монгол орны унаган төрхийг хадгалсан нутаг гэх үү дээ. Тухайлбал, тус бүс нутагт цаа буга, хүрэн баавгай, шилүүс, ирвэс, чоно, дорго зэрэг ховор амьтад, мөн жороо тоодог, хөх ухаа, халиун харгана зэрэг тайгын ургамлын төрөл зүйлүүд тархан ургадаг.

-Голлох үүрэг, чиглэл нь юу вэ?

-Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын гол үүрэг нь ховор, нэн ховор ан амьтан, ургамлыг хамгаалах, байгаль орчны экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, байгаль шинжлэлийн судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Мөн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, газар ашиглалт зэрэг хүний сөрөг нөлөөллөөс сэргийлэх хяналт, хамгаалалтыг тогтмол зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд ажилладаг. Тухайн бүс нутгийн ард иргэдтэй хамтран ажиллаж, тэдний оролцоог дэмжих замаар хамгаалалтын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьдог.

-Улаан тайгын Тусгай хамгаалалттай газар нь зөвхөн байгаль хамгаалалт төдийгүй уламжлалт соёлыг хадгалах, судалгаа шинжилгээ хийх, ирээдүйд зориулан унаган байгалийн баялгийг бүрэн бүтэн үлдээх үндсэн зорилготой цогц байгууллага гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Мөн биологийн төрөл зүйлийн судалгаа хийдэг. Бүх л ан амьтан ургамал гэсэн үг. Манай байгууллагын эрхэм зорилго бол Соёны эко бүс нутгийн биологийн олон янз байдал тэдгээрийн амьдрах орчин нутгийн иргэдийн түүх соёл өв уламжлал харилцан шүтэлцлийг тогтвортой оршиход дэмжиж хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа юм.

-Ан амьтан дундаас аргаль хонийг судалсан судалгааны талаар дэлгэрэнгүй ярилцъя.

-Аргаль хонь 1970-аад онд 200 орчим байгаа гэсэн судалгаа бий. Зах зээлийн үеэс хойш устах аюул нүүрлэж 33 бол тоо толгой нь хорогдож байсан. Манай хамгаалалтын захиргаа 2012 оноос хойш жил бүр судалж, хамгааллын ажил, тоо толгой, сүргийн бүтцийг тодорхойлох зэргээр хянаж ирсэн. Зун, намар гээд ерөнхийдөө ямар ч улиралд судалж, хянаж байдаг даа.

-Тоо толгой нь 33 болтлоо хорогдож байсан юм байна шүү дээ. Судалгааг эхлүүлснээс хойш энэ тоо хэр хэмжээнд өссөн бол?

-2015 онд 100 болж тоо нь өссөн юм. Харин энэ жилийн хувьд бүр цөөрсөн байдалтай харагдаж байна. Гэхдээ хараахан бүрэн судлагдсан тооллогын тоо гараагүй байгаа.

-Цөөн гэдэг нь одоогийн байдлаар хэд орчим тоологдсон гэсэн үг бэ?

 -Судалгааны гурван чиглэлийн баг гарч буй. Миний ажиллаж байгаа багийн тооллогоор 12-13 аргаль хонь харагдсан. Дан эр нь буюу угалзнууд нь. Нөгөө баг маш холын зайнаас нэгийг харсан гэж байгаа. Ерөнхийдөө Хорьдол Сарьдагт нутагладаг хэсгүүдээр сайн эрж, хайж явсан. Гэхдээ судалгаанд явах үеэр хоёр өдөр дараалан бороо орсон юм. Үүнээс шалтгаалан харагдах орчин нь багассан гэж ойлгож болно. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол энэ жил цөөн тоологдох төлөвтэй байна уу гэж харж байгаа.

-Өнгөрсөн жил хэд тоологдсон бэ?

-Өнгөрсөн жил 65 аргаль хонь тоологдсон.

-Тоо толгой нь буурч буй шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Шалтгааныг хэд хэдэн янзаар харж байна. Цаг уурын нөхцөл буюу зуд байж болно. Манай нутагт цас их ордог, хүйтэн талдаа. Мөн голчлон харж буй шалтгаан нь гений асуудал. Манай аймагт зөвхөн Хорьдолын нуруунд л байдаг юм. Бусад аргалиас харьцангуй тусгаарлагдсан тул цус сэлбэх боломжгүй байдалд оршдог. Энэ талаар судалж цус сэлбэх шаардлагатайг ШУА-аас тогтоосон.

-Хууль бус ан, агнуураас болсон байх магадлал бий юу?

-Шалтгааны нэг байж болох ч гэсэн бүртгэгдсэн хууль бус ан байхгүй. Нууцаар агнаад дамнуулан зарсан байлаа ч гэсэн тоо толгойн хэмжээг шууд ихээр булгах боломжгүй гэж бодож байна.

-Уг асуудлын хүрээнд ямар арга хэмжээ авах вэ?

-Бид Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, аймгийн байгаль орчны газар болон бусад мэргэжлийн байгууллагуудад энэ ажлыг үр дүнтэй болгох талаас нь санал хүсэлтийг жил бүр уламжилж байгаа. Энэ асуудлыг шийдэх нь маш чухал бөгөөд зэрлэг ан амьтны хамгааллын нэг том арга хэмжээ болох юм. Гэвч одоогоор ямар нэгэн шийд, хариу ирээгүй л байна.

-Хүсэлтийг хүлээн авч, үржүүлгийн ажил эхэлбэл аль нутгаас аргаль авчрах уу?

-Баруун аймгуудаас авчирвал Хөвсгөлийн цаг агаарт илүү хурдан дасан зохицох байх. Хэрвээ говийн аймгаас авчирвал дасан зохицоход удаан, амьд үлдэх магадлал нь ч багасах аюултай. Мөн хавар авчирвал ирсэн нутагтаа дасан зохицох асуудлыг илүү хялбаршуулж болох юм.

-Аргаль Ховд, Баян-Өлгий, Хэнтийн нурууны салбар уулсаар элбэг тархсан байдаг шүү дээ. Харин Хөвсгөл аймгийн хувьд ой болон хээрийн хосолсон бүс. Үүгээрээ бусад газруудаас арай онцлогтой юу?

-Манай нутагт амьдардаг аргалийн хувьд нутагшуулаагүй, анхнаасаа энэ нутагтаа оршин ирсэн. Гэхдээ судалж эхлэхээс бүр өмнө ямар нэгэн байдлаар шилжин орж ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ бусад газрын аргалиудаас ялгарах онцлог нь ой болон ойт хээрийн газарт оршин байдаг нь юм. Асуултад дурдсан газруудын аргаль хонь ерөнхийдөө нүцгэн тал, толгод, өндөрлөг газраар амьдардаг шүү дээ.

-Одоогийн байдлаар тархан амьдарч буй бүс нутаг нь?

-Рэнчинлхүмбэ сум, Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт хамрагддаг Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт амьдарч байгаа.

-Монгол аргаль хонийн биеийн ерөнхий төрх, шинж, ялгарах онцлогийн талаар тайлбарлавал.

-Аргаль амьтан нь ер нь бол биеэр том, булчинлаг, сүр жавхлант төрхтэй бөгөөд эр, эм нь харилцан адилгүй хэмжээ, шинжтэй байдаг. Эр аргаль хонь дунджаар 120-130 см өндөр, 180-200 см урт биетэй, шондоо 100-150 кг жинтэй байх бөгөөд зарим тохиолдолд 180 кг хүрэх нь ч бий. Харин эм аргаль илүү жижиг биетэй, 60-80 кг орчим жинтэй байдаг. Аргалийн хамгийн содон, ялгарах шинж бол түүний гайхамшигтай том, мушгиа хэлбэртэй эвэр бөгөөд зөвхөн эр аргальд бүрэн хөгжсөн байдаг. Эвэр нь дунджаар 100-120 см урттай, 20-25 кг жинтэй байх ба мушгирч хойшоо, доошоо чиглэсэн байдаг. Эм аргальд ч мөн эвэр байдаг ч богино, нарийн бөгөөд төдийлөн гойд хөгждөггүй.

Хорьдол Сарьдагийн аргаль хонь нь хатуу, хүйтэн өвлийг туулахад бэлтгэгдсэн зузаан ширхэглэг үстэй бөгөөд үсний өнгө нь ихэвчлэн бор хүрэн, сааралдуу туяатай, заримдаа хар бор хольцтой байдаг. Нуруу, мөрний дагуу бүдэг судал, өвөр хэсгээр цайвардуу өнгөтэй байх нь элбэг. Энэ нь уулын чулуутай орчинд өнгөлөн далдлагдахад тусалдаг.

-Хорьдол Сарьдагийн аргаль хонь нутгийн онцлогтоо тохирсон чадвартай байдаг болов уу?

-Манай нутагт нутагшсан аргаль нь уулын эгц хажуу, хадан ирмэг, цастай өндөрлөг газарт амьдрахдаа тэсвэртэй. Уулын орой руу авирах, огцом уруудах, хадны ирмэг дээр тэнцвэрээ алдахгүй явах зэрэг чадвар нь өндөр хөгжсөн. Ийм нөхцөлд амьдрахад шаардагдах бөх яс, хүчтэй шилбэ, мэргэн хараа, хурдан хүлээцтэй мэдрэмж тэдний үндсэн хамгаалах чадварууд гэж хэлж болно. Идэш тэжээл нь улирлаас хамааран өөрчлөгддөг. Зуны улиралд олон төрлийн өвслөг ургамал, бут сөөгийн навчис, иш, намар, хавар ил гарсан үндэс, соёо, өвөл нь цасан доорх хатаасан ургамал, үндэс, хөвд, хаг зэргийг хэрэглэдэг.

-Сүргийн зохион байгуулалттай амьдардаг уу?

Сүргээр амьдардаг. Эм хонь, төл, залуу эрчүүд нийлсэн 10-30 толгойтой сүргээр, харин нас бие гүйцсэн том эвэртэй эрчүүд нь ихэнхдээ ганцаар, заримдаа 2-3-ын бүлгээр явдаг. Үржлийн үе нь 11-р сарын эхэн орчимд эхэлдэг. Энэ үед эр аргаль хоорондоо тулалдаж, ноёлох байр сууриа тогтоодог. Төллөлт нь дараа жилийн 4-5-р сард ба нэг удаа ихэвчлэн нэг, ховор тохиолдолд хоёр хурга төрүүлдэг. Төл нь эхийнхээ хажууд богино хугацаанд биеэ дааж, уул хаданд даган авирах чадвартай болдог.

-Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн бөгөөд хуулиар хатуу хамгаалагдсан амьтан. Энэ амьтаныг хамгаалахын тулд юу хийж болох бол?

-Ерөнхий хүрээнд авч үзвэл хууль бус ан агнуураас сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулах, бидний олон жил хийж буй аргалийн тоо толгойн хяналт, судалгаа шинжилгээний ажлыг цаашдаа ч гэсэн тогтмол хийх мөн орон нутгийн иргэд, малчид, сургууль, залуусыг хамарсан экологийн боловсрол, хамтын ажиллагаа онцгой чухал байр суурь эзэлдэг. Аргаль хонины хамгаалалтын гол арга хэмжээ биотехникийн арга хэмжээ юм. Хавар намартаа хийж жилд 4-5 тонн давс тавьж тэдгээр газруудад автомат камер байршуулан судалдаг. Мөн олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамгаалалтын чадавхийг сайжруулах бодлого баримталдаг. Жишээлбэл, аргалийн GPS хүзүүвч зүүх, шилжилт хөдөлгөөн судлах, генетикийн судалгаа хийх, орон нутгийн амьжиргааг дэмжих байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг. Ийнхүү мэргэжилтнүүд аргаль хонийг хамгаалахын тулд олон талт, уялдаа холбоотой, шинжлэх ухаанд суурилсан бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
7 сар 24, 2025 08:20

Соци�##�измын үед мөн Арг�##�ийн тоо буурсныг сонссон нутгийн анчин, хөгшин Тэхийг буудаж, хороогоод, хэрэгт орсон!гэдэг яриа дуулсан. Хөгшин Тэхүүд өөрсдөө үржил явуулж чадахгүй!мөртлөө з�##�уу Тэхүүдээ сүрэгтээ ойртуулахгүй байсныг мэдсэн, нутгийн анчны ухаан харуулсан гэдэг. Түүн шиг юм болж байна уу?!...ккк

Холбоотой мэдээ

Back to top button