Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тажикстан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ.

​Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.

​Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикистан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм.

Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ.

Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.

Хөшөөний хоёр талд байрладаг хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг.

Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button