Трампын сүүлд өгсөн анхааруулгыг Кремль хайхран авч үзэх болов уу

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн үед гаргасан мэдэгдлүүдийг харвал тэр Оросын эрх баригчдад тэвчээр алдаж эхэлсэн нь улам бүр тодорхой болж байна.
Шотландад айлчилж буй тэр Тёрнберри дахь гольфын амралтын газраас, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармерийн хамт мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ихээхэн урам хугарч буйгаа илэрхийлсэн.
Трамп хоёр долоо хоногийн өмнө ОХУ-д Украины асуудал дээр ахиц гарга хэмээн 50 хоногийн хугацаа өгсөн. Тэгвэл энэ шаардлагынхаа хугацааг гэнэт багасгаж, 10-12 хоногийн дотор Украины дайны хэлэлцээрт ахиц гаргахгүй бол хоёрдогч хориг арга хэмжээ авна гэж тэр мэдэгдсэн юм.
Украины дайны талаарх түүний байр суурь долоо хоног, сараар өөрчлөгдөж, заримдаа Киевийг, заримдаа Москвад бурууг тохдог. Харин одоо түүний өнгө аяс Кремль болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг илүү шүүмжилж, бурууг өгсөн байдалтай бол эхлэв.

Стармерын хажууд зогсож байхдаа Трамп “Тийм ээ, өнөөдрөөс эхлэн 10 эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтооно гэж бодож байна. Хүлээх ямар ч шалтгаан алга. Би өгөөмөр баймаар байна, гэхдээ бид ямар ч ахиц дэвшил гарч байгааг харахгүй байна” хэмээсэн.
Тэр нэмж хэлэхдээ “Үйл ойлголцлоо шийдсэн гэж би олон удаа бодсон. Гэтэл Ерөнхийлөгч Путин гарч ирээд дахиад өөр нэг хот руу, жишээ нь Киев рүү пуужин харваж, асрамжийн газар гэх мэт газарт байсан олон хүнийг хөнөөчихдөг” гэсэн юм.
“Урам” нь хугарсан хэр нь тэрхүү чанга гаалийн татвар, хоёрдогч хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө дахин 10-12 хоног хүлээхээр шийдсэнийг ойлгоход хэцүү. Трамп “Энгийн ухаанаар бодвол, хэлэлцээр хийхийг хүсэх ёстой баймаар. Үнэндээ юу болохыг харах л үлдлээ” гэжээ.
Гэвч сүүлийн гурван жил буулт хийхээс татгалзсаар ирсэн Кремльд энэ шинэ анхааруулга нь ямар ч нөлөө үзүүлэхгүй бололтой.
Кремль Украины дайныг эхлүүлсэн анхны зорилго болон максималист шаардлагаа биелүүлж байж л зогсоно гэдгээ олон удаа мэдэгдэж ирсэн. Улсдаа элсүүлсэн Украины дөрвөн мужийн газар нутгийг бүрэн хяналтдаа авах, мөн дайн дууссаны дараа Украинаас НАТО-д элсэхгүй гэх амлалт авах, Киев зэвсэгт хүчнийхээ алба хаагчийн тоог хязгаарлах зэрэг зүйлийг Москва хүсэж байгаа.
Одоо цагийн дэлхийн хамгийн их хоригт өртсөн орнуудын нэг болох ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээгээр сүрдүүлэх бараг л утгагүй мэт. Трамп ОХУ-ын бараанд 100 хувийн тариф ноогдуулна гэсэн нь ч Кремлийн хувьд ач холбогдол багатай. Учир нь хоёр улс жилдээ хэдхэн тэрбум ам.долларын худалдаа хийдэг.
Харин илүү анхаарал татахуйц анхааруулга нь ОХУ-аас газрын тос худалдан авч буй орнуудад тавих хоёрдогч хоригийн сүрдүүлэг юм. Гэхдээ тэр орнууд ад Энэтхэг, БНХАУ, Турк, мөн Европын хэд хэдэн улс багтаж байгаа. Тэдгээр орнуудад хориг тавих нь дэлхий нийтийг хамарсан худалдааны дайн руу АНУ-ыг түлхэж мэдэх аюултай. Ийм учир Трамп хэлснийхээ дагуу нефть худалдан авдаг орнуудад хоёрдогч хориг тавина гэдэгт Москва эргэлзэж байж магадгүй.
БНХАУ, Энэтхэг, Турк бүгд нийлж ОХУ-ын нефтиэс татгалзвал зах зээлд томоохон цочрол ирнэ. Хэдийгээр тэд татгалзах магадлал бага ч гэсэн хэрвээ худалдан авалтаа зогсоовол түүхий газрын тосны үнэ огцом өсч, дэлхий даяар инфляц нэмэгдэн, АНУ-д шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн анхааруулгаас ч өмнө, Кремлийн албан тушаалтнууд Трампын тавьсан 50 хоногийн шаардлагыг үл тоосон мэдэгдэл гаргаж байсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “50 өдөр гэнэ үү? Өмнө нь дайныг 24 цагийн дотор дуусгана гээд байсан. Тэгээд 100 өдөр болгосон. Бид тэр бүхнийг өмнө нь давж туулсан” гэж энэ сарын эхээр хэлсэн билээ.

Харин сүүлд өгсөн 10-12 хоногийн шинэ хугацааг бүүр хүчтэй эсэргүүцэж байгаа бололтой. Улс төрийн шинжээч Сергей Марков “Трампын ээлжит шаардлагад ОХУ-ын өгөх хариу сүүлийн 500 жилийнхтэй адил байх болно. Тонил, там руугаа тонил” гэж Телеграм дээр бичсэн байна.
ОХУ-ын эсрэг нэмэлт хариу арга хэмжээ авахаар бол Трамп холбоотон орнуудтайгаа зэрэг алхам хийх нь илүү үр дүнтэй. Гэвч Европын холбоо саяхан ОХУ-ын эсрэг 18 дахь багц хоригоо танилцуулахад Вашингтон зүгээр л хараад өнгөрөөсөн. Мөн сүүлийн үед Их Британи Европын холбоо ОХУ-ын газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг бууруулахыг уриалсан ч АНУ эсэргүүцсэн байдаг. Трамп энхийг дэлгэрүүлэгч гэж дурсагдах хүсэлтэй хэмээсэн. Украины дайны тал дээр тэрхүү зорилго нь амжилт олох магадлал багатай харагдаж байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
орос украйныг хурдан дуусгаачээ. Энэ муу америкаас орос угаасаа айхгүй. Одоо Орос улсын эрин үе эхэлсэн. дэлхий нийтээрээ оросын хараан дор амьдарна. Трамп мэтийн зөнөг өвгөн онгирч хийрхэх хэрэггүй.
Трампыг Оросууд түй май! Битгий шаагаад байгаарай! Гэж байх шиг ээ?
зөв украйныг бут ниргэ. Трамп бол хий хоосон амтай этгээд. Путин бол орчин цагийн дэлхий дахины удирдагч юм. Яг л В.И. Ленин шиг. Орос орон улам хүчирхэг болноо. Бусад орнууд сөнөх т�##� руугаа явнаа.