"Унаган төрхөөрөө Орос орон" Улаанбаатар зорчигч тээврийн төвд нээгдлээ

Бүх Оросын байгалийн их наадмын шагналт "Унаган төрхөөрөө Орос орон" үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар зорчигч тээврийн төвийн баганат танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газруудыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ.

«Унаган төрхөөрөө Орос орон» үзэсгэлэнг 2014 оноос хойш жил бүр Москва хотноо зохион байгуулж, гэрэл зурагчдын авсан байгаль, зэрлэг ан амьтдын шилдэг зургуудыг дэлгэн үзүүлдэг уламжлалтай.
Өнгөрсөн хугацаанд уг үзэсгэлэнг дэлхийн 75 орны 4 сая гаруй хүн үзжээ.
Энэхүү үзэсгэлэн нь төмөр замчдын баярын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэнд “Оросын төмөр замууд” НХН-ийн ажилтнуудын авсан зургууд ч багтсан байна.





Үзэсгэлэнгийн нээлтэд УБТЗ-ын 1-р орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй УБТЗ-ын зарим удирдлага болон Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд “Россотрудничества” байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай В.В.Кильпякова, “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэнг зохион байгуулагч, “Экологийн төслүүд” компанийн ерөнхий захирал Э.Л.Худорожков зэрэг албаны хүмүүс оролцлоо.
А.ТЭНҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.