Хүний нойрсох зургаан зуршил 172 өвчин эмгэгтэй холбоотой байдаг

Бид нойрсох зуршил эрүүл мэндтэй ихээхэн холбоотой байж болохыг судалгаанууд харуулж байна. Ихэнх хүмүүс хангалттай хугацаанд унтаж амрахад анхаардаг бол нэгэн шинэ судалгаа тогтмол цагт унтах болон унтах хэмнэлийг илүү чухалчлан үзэх хэрэгтэйг онцолсон юм.
Судлаачдын олж тогтоосноор, унтах хэмнэл хамгийн их алдагдсан хүмүүс Паркинсоны өвчинд өртөх эрсдэл 2.8 дахин, харин чихрийн шижин хэв шинж хоёроор өвчлөх эрсдэл 1.6 дахин нэмэгджээ. Харин унтах, сэрэх хуваарийг тогтмол баримталдаг хүмүүст дээрх эрсдэлүүд эрс багассан байна.
Энэ судалгааг Их Британийн эрүүл мэндийн сан дахь 88 мянга гаруй хүний нойрсолтын мэдээллийг ашиглан хийжээ. БНХАУ-ын Бээжингийн их сургууль болон Цэргийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд нийт зургаан зуршил судалсан байна. Үүнд нойрсох хугацаа, нойрсдог цаг, унтах хэмнэл, нойрны үр дүнтэй байдал, нойрны чанар, шөнө дунд хэдэн удаа сэрж байгаа гэдгийг авч үзжээ.
Судалгаа хийсний үр дүнд эдгээр зуршил нийт 172 өвчинтэй уялдаатай болох нь тогтоогдсон байна. Өвчин эмгэгүүдийн ихэнх нь ердөө ганцхан нойрсолтын зуршил тай холбоотой байсан юм.
Тэрхүү судалгааны үр дүнг найдвартай эсэхийг баталгаажуулах үүднээс судалгааг АНУ-ын Үндэсний эрүүл мэнд ба хоол тэжээлийн шинжилгээний судалгааны (NHANES) өгөгдлөөр давтаж хийжээ.
Хоёр судалгааг хамруулсан дүнгээс харахад нойрсох хугацаа нь эрүүл мэндийн эрсдэлтэй тийм ч хүчтэй холбоогүй байсан аж. Харин судалгаанд оролцогчдын дийлэнх нь хэдэн цаг унтсан бэ гэдэгт илүү анхаарал хандуулж байсан юм.
Харин унтах хэмнэл нь унтах хугацаа болон унтах цагтай харьцуулахад өвчинтэй гурав дахин илүү уялдаа холбоотой байжээ. Унтах хэмнэл 172 өвчний бараг талтай нь холбоотой байсан юм.
Нойрсох цаг болон унтлагын чанар ч мөн олон өвчинтэй холбоотой нь илэрсэн юм. Жишээ нь шөнө 12:30-с хойш орондоо ордог хүмүүс 11:30-с өмнө унтдаг хүмүүстэй харьцуулахад элэгний хатууралд өртөх эрсдэл 2.6 дахин өндөр байжээ.
Түүнчлэн нойрсолтын чанар хамгийн муу хүмүүс амьсгалын дутагдалд орох эрсдэл хамгийн сайн унтдаг хүмүүсээс бараг 1.8 дахин их гарсан юм. Тогтвортой, тогтмол хэмнэлтэй унтах нь эрүүл мэндэд сайн үр дагавартай болохыг тэрхүү судалгаа харуулсан байна.
Эх сурвалж: Science Alert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.